Чой.Лувсанжав: Д.Бодоог Элбэгдорж Ринчино егүүтгэсэн

bodoo-middleМонголын үндэсний Д.Сүхбаатар судлалын төвийн ерөнхий захирал, профессор, Д.Сүхбаатарын нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Чой.Лувсанжавтай их жанжны тухай ярилцлаа.

 

-Их жанжин Д.Сүхбаатар Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж, эх орноо мөхөл сүйрлийн аюулаас аварч, улс орныхоо тусгаар тогтнолын аугаа их үйлийг бүтээлцсэн алдарт хүмүүсийн нэг юм. Гэтэл сүүлийн үед түүний өвөг дээдэс, өөрийнх нь тухай үнэнд нийцэхээргүй элдэв буруу ташаа зүйл сонин хэвлэлд гарч байна. Энэ тухай Та ямар бодолтой байна вэ?

 

-ХХ зууны эхэн үе буюу 1919 онд Манж, Хятадын дарлал, дотоодын өр зээл, албан гувчуураас болж Монгол орон бүр доройтож, ард түмэн нь хоосорч туйлдан зовж байв. Энэ үед Монгол Улс 542 мянга гаруй хүн амтай, эрэгтэйчүүдийн 80 хувь нь 700 гаруй сүм хийдэд шавилан сууж, сүм хийдийн хүлээсэнд амь зууж байсан. Байгалийн эрхшээлд автагдсан 10 орчим сая малаас өөр эдийн засгийн салбар үгүй. Ганцхан сургуультай, хар хятадуудаас болж насанд хүрсэн хүний 60 хувь нь өвдөж зовсон, өлсгөлөн гуйлгачин зүдэрсэн хүмүүс хаа сайгүй байж. Гадаад дотоодын мөлжигчид Монголын ард түмнийг өр зээлээр улам ядууруулан хоосруулж өндөр ашиг олж хөлжиж байв. 1916- 1917 оны үед монголчуудын гадаадын худалдаачдад төлөх өр 30 сая лан. Үүнээс хятадын пүүсүүдэд төлөх өр нь 10 сая рубль буюу 804,500 ланд хүрчээ. Ийнхүү Манж, Хятадын дарангуйлагчид Монгол орныг туйлд нь хүртэл хоосруулсан байна. “Бид үгүйрэн хоосорч, мөхөж буй газраар замнан явж байгааг тэдний зовж зүдэрсэн бие, нүүр царай нь гэрчилж байв. Их байлдан дагуулагчийн үр удам хэмээн хөөрцөглөгч тэд дээд өвгийнхөө хөө хуягийг ч даах тэнхээгүй хүмүүс болжээ. Энэ үндэстэнг түүхийн шарласан хуудаснаас үзэх цаг тун ойрхон болов” хэмээн Монгол орноор жуулчилж явсан гадаадынхан бичиж байсан байгаа юм. Мөхөл сүйрлийнхээ ирмэгт хүрсэн туйлын хүнд үед Д.Сүхбаатар жанжин журмын нөхдийнхөө хамт Монгол Ардын Намыг байгуулан ард түмнээ тэмцэлд зохион байгуулж улс орноо тусгаар тогтнуулсан юм. Энэ нь Д.Сүхбаатар жанжны эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан мөнхийн гавьяа. Иймээс Д.Сүхбаатараараа бахархан, байгуулсан гавьяат үйлсийг нь хойч үедээ үнэн зөв хүргэж өвлүүлэх нь өнөөгийн бидний эрхэм үүрэг.

 

-Зарим нэг хүний бичээд байгаа шиг Дамдин гуай өвөрлөгч хүн үү?

 

-Баабар “Нүүдэл суудал” номондоо, Б.Цэнддоо “Өдрийн сонин”-д “Эцэг нь /Дамдин/ Өвөрмонголоос цагаачлан ирж эхтэй нь суусан…” гэж буруу бичиж нийтлүүлсэн байна лээ. Дамдин гуай Өвөр Монголоос цагаачлан ирж эхтэй нь ханилаагүй л дээ. Эх сурвалжаас үзэхэд Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу өнөөгийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Хөөвөр Жаргалантын хөтөлийн өврийн хөх бууцанд Дамдин нь 1860 оны хавар Сугар ээжээс мэндлэхэд нь айл саахалтын Думаа эмээ эх барьж авсан гэж тэр нутгийн өндөр настан Очирцэрэн гуай дуртгалдаа бичсэн байдаг. Дамдин гуай 10 наснаасаа аав Төгөөгийнхөө хамт Жигмэд жонон, Оролой нутгийн / Өнөөгийн Баяндэлгэр сум/ “Халзан” Лувсандорж нарт зарцлагдан, 1882 оноос Ёст бэйсийн хошууны Зүүн сумын Нороврэнцэнгийн Ээлт баяныд зарцлагдан амь зууж байхдаа дүү Шүхэрээсээ үрчилсэн охин Ханджавтай нь ханилан Мөрдэндэв, Ранжин гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ.

 

-Баабар “Нүүдэл суудал” номдоо хадмуудтайгаа таардаггүйгээс болж Монголын Дорнод хязгаараас Хүрээнд нүүж ирсэн гээд байгаа. Өөр учир шалтгаан байсан уу?

 

-Эх сурвалжаас үзэхэд Дамдин гуай, Баабар, Цэнддоо нарын бичсэнчлэн хадмуудтайгаа таардаггүйгээс Нийслэл хүрээнд ирээгүй. Дамдин гуай өвөг дээдсийнхээ адил эзэн ноён, ихэс дээдэс, уугуул нутагт нь орогнон ард олныг мөлжиж баяжсан хятадын ховдог шунахай худалдаачдыг үзэн яддаг үзэлтэй хүн байж. Улмаар 1889 оны хавар нутгийнх нь эх орончид Хөөвөр Жаргалант дахь Жантай хон, Жавхлант шарга дахь Цой Бай Дэ зэрэг цагаач хятадуудын эсрэг гарсан бослогод тэрбээр оролцож өрийн дансыг нь олны өмнө шатааж, босогчид цагаач хятадуудыг нутгаасаа хөөн зайлуулсан байдаг. Үүнээс болж хэдэн нөхрийнхөө хамт баригдан Засаг ноён Гадингийн захирамжаар Тамгын газрын хар гэрт хоригдон, үүр шөнийн заагаар оргон, Хөвөр Жаргалант дахь гэртээ ирж гэргий Ханджав, хоёр хүүхдээ авч, цагаан мориндоо хоол хүнс, хувцас хунараа тэгнэн 1890 оны цагаан бар жилийн хавар Мандалын хүрээнээс зам буруулан Говь мэргэн вангийн хошууны нутгаар газар мэдэхгүй, хүн танихгүй аянчин, мөргөлчин бараадан 700 гаруй км зам туулж Нийслэл хүрээнд ирсэн. Энэ нь түүний Хүрээнд ирсэн гол учир шалтгаан юм.

 

-1919 оны сүүлчээр Баруун хүрээнд хувьсгалт бүлэг анх үүсэхэд Д.Сүхбаатар жанжинг байгаагүй. Хожим энэ бүлэгт орсон гээд байгаа?

 

-Баабар “Сүхбаатар энэ бүлгийг санаачлах байтугай, удирдлагад нь ч байсангүй… Тэгээд ч уул бүлгийг анх байгуулахад байгаагүй. Данзантай нөхөрлөдөг учраас мөрийнд гэрээ алдчихаад нүцгэрч явахдаа Данзангийнхаар орогнож яваад энэ бүлэгт хожим нэгдсэн бололтой” гэж мэдэмхийрэн худал буржээ. Ийм баримт хаа ч байхгүй. Энэ нь Баабарын зохиосон худал үг. Ийнхүү худал мэдэмхийрч байгаа нь ард түмнээ юу ч мэдэхгүй гэж басамжилж байгаа хэрэг мөн биз. Басхүү Д.Сүхбаатарын тухай архивын баримт сөхөөгүй, Сүхбаатар судлалаар “А” ч үгүй хүн л ийм үг хэлнэ дээ. Улс эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө халуун амь бүлээн цусаа зориулж амь бие хайрлалгүй зүтгэж явсан хүний нэр төрийг нь гутааж буй нь эрүүл саруул ухаанаа гээсэн ёс суртахуунгүй ноцтой гэмт үйлдэл мөн. Энэ нь угтаа худал мэдэмхийрч нэр төрийг нь гутаах гэсэн хорон санааны илрэл юм. Д.Сүхбаатар амьдралдаа ер “нүцгэрч” Данзангийнхаар орогноогүйг эх сурвалж батална. Тэрбээр цэргээс халагдсаныхаа дараа Янжмаа гуайн өвөг эцэг Өвгөнхүү гуайн төхөөрсөн дөрвөн ханатай гэрт амьдарч байгаад 1920 оны долдугаар сарын 25-ны шөнө Зөвлөлт Орос Улс уруу явсан. Архивын материалаас үзэхэд, 1919 оны арваннэгдүгээр сарын 20-ны улаан хулгана өдрийн хулганаас үхэр цагийн хооронд Баруун өргөөний Улаан сахиусын өмнө Сүхбаатар, С.Данзан, Догсом, Лосол, Ө.Дэндэв, М.Дугаржав, Тогтох, Галсан, Далай, А.Шарав, Намсрайжав, Пунсаг нар хүж барьж, ах дүү бололцон, тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж ерөөлийн үг бичиж бурханд өргөжээ. Ийнхүү анхны хувьсгалт бүлэг үүсч түүхэнд “Хүрээний нууц бүлэг” хэмээн нэрлэгдсэн байдаг. Басхүү “Монгол Ардын Нам үүсэх анханд эв хамтарч, ам санаа нийлсэн Данзан, Сүхбаатар, Догсом, Дэндэв, Дугаржав бидний таван хүн Богд хаантнаа энэ тухайг нууцаар айлтган эчнээ зөвшөөрөл олсон ба энэ тухай бараалхахаар очиж, ордны гадна морины саравчинд морьдыг уясан. Морьд шилгээсэнд анхны бэлэг сайн болов… хэмээн хэлэлцсэн билээ. Дараахан нь Орос консулын яамнаа монгол бичээчийн алба хааж явсан Бодоо нарт учрыг хэлж намд оруулах зэргээр намын хүмүүс нэлээд болсон” гэж М.Дугаржав гуай дуртгалдаа бичиж үлдээсэн байна. Монгол Ардын Намын анхны дарга С.Данзан гуай, “Сүхбаатар миний бие хоёр нэгэн эхийн ихэр хурга мэт явж өлсөх, даарахын зэрэг зовлон зүдрэл үзэж, амь биеийг хайрлалгүй зүтгэж Ардын нам байгуулсан бөлгөө” гэж 1923 оны “Хураангуй” сэтгүүлийн 69 дүгээрт бичсэн байдаг.

 

-Д.Сүхбаатар жанжин боловсролын хувьд хэр хүн байв. Бичиг үсэг мэдэх төдий хүн гэж бичсэн байдаг шүү дээ?

 

-Жанжны боловсролын хэр хэмжээг өнөөгийн өндөрлөгөөс дүгнэж хэлэх бус академич Т.Намжил гуайн айлдсанаар тухайн цаг үеийн нь орчинтай холбож үзэх нь зөв болов уу. Өнөө л Баабар гэгч “Нүүдэл суудал” номондоо, “Тэрбээр /Сүхбаатар/ бичиг үсэгтэйгээс цаашгүй, бусадтайгаа харьцуулахад бага боловсролтой, санхүү, засаг захиргаа гэх мэтчилэнгийн алсын хараа, дипломат ёс шаардсан практик шинжтэй ажилд чигчийн чинээ ойлголт байсангүй. Сүхбаатар улстөр, нийгмийн явдал тэр дундаа большевик суртлын талаар юу ч ойлгодоггүй нусгай жаал, хөдөөний гэнэн амьтан” гэж эх орон ард түмнийхээ төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэсэн хүнийг дэндүү бүдүүлэг, ёс суртахуунгүй дайран доромжилж харааж зүхсэн нь Баабар өөрийнхөө боловсролын хэр хэмжээг харуулж байгаа хэрэг юм.

 

-Тэр үед нэлээд боловсролтой, нэр хүндтэй хүн л Дээд, Доод хурлын гишүүн болж байсан байх даа?

 

-Тийм. Баабар гэгч Сүхбаатар жанжны барааг нь ч хараагүй 1960- аад оны хүн байж юуг үндэслэж ийм бүдүүлэг үг хэлж байна вэ. Түүний ичгүүр сонжуураа гээсэн хуурмаг үгэнд нь ард түмэн хууртагдахгүй. Түүнд зөвлөхөд, үгээ бодож хэлж, даруухан байвал зүгээрсэн дээ. Эх сурвалжаас үзэхэд Сүхбаатар жанжин хувьсгалт бүлгийн гишүүдийнхээ дунд хэний ч царай харахааргүй боловсролтой хүний нэг байж. Тухайлбал, Богд хаант Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Доод хуралд Монгол Ардын Намаас Д.Сүхбаатар жанжин, Догсом гуай хоёр гишүүн байсан байгаа юм. Тухайн үед ард түмэндээ их нэр хүндтэй, эрдэм номтой боловсролтой хүн л Дээд, Доод хуралд гишүүнээр сонгогддог байв. Д.Сүхбаатар жанжин 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Доод хуралд,

-Морин өртөөний албыг автомашинаар солих

-Чулуун нүүрс, давсны орд зэрэг байгалийн баялгийг улсын хамгаалалтад авах

-Сургууль байгуулж хүүхдүүдийг багаас нь бичиг үсэгт сургах

-Хүнсний төрөл бүрийн ургамал тариалж газар тариаланг хөгжүүлэх

-Мал сүргээ эрүүлжүүлэх зэрэг ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэхийг эрмэлзэн 14 чухал санал дэвшүүлсэн нь эдүгээ Монгол Ардын Намын архивт хадгалагдаж буй.

 

-Д.Сүхбаатар жанжинг мөрийтэй тоглоомчин байсан гээд байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?

 

-“Д.Сүхбаатар мөрийтэй тоглох дуртай хүн байж. Тэрбээр 1920 онд Зөвлөлт Орос Улсад явахдаа зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад, эхнэр хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан байдаг. Түүнийг нас барахад нь мөрийнд алдсан нэлээд өр гарч ирснийг нь Засгийн газраас төлж цайруулжээ” гэж Баабар бичсэн байгаа юм. Басхүү Т.Санаа гэгч “Маш нууц” сонины 2009 оны 31 дүгээрт, “Сүхбаатар мөрийтэй тоглоомд нэлээд дуртай нэгэн байж. Богдын сангаас өгсөн Орос Улсад очих зардлын мөнгөөрөө мөрийтэй тоглож алдаад сандрахдаа гэрээ зарж зардал хийж Умар зүг рүү одсон байна” хэмээн Баабарын худал бурсныг нь хуулбарлан хачир нэмж жанжны нэрийг гутаан, Баабарт тал засч буухиа нь болжээ. Архивын эх сурвалж, хамтран зүтгэгчдийнх нь дурсамжууд тэдний үг үндэслэлгүй худал, зохиомол гүтгэлэг болохыг барин тавин батална.

“Жанжин Сүхбаатар чөлөөт цагаараа журамт цэргийн штабын дарга П.И.Литвенцов / Эрдэнэдорж/, большевик сургагч Васильев нартай шатар, даам, цэргүүдтэйгээ шагай харвадаг, хөзөр, даалуугаар мөрийтэй тоглосон цэргүүдийг сахилгад суулгадаг байсан” гэж штабын орчуулагч Б.Гомбожав, бие хамгаалагч Д.Батхүү, Загд нар дурсан бичсэн байдаг л даа. Д.Сүхбаатар жанжин Зөвлөлт Орос Улс уруу тусламж хүсэхээр явахад нь Богдын сангаас мөнгө өгөөгүй, тийм баримт архивт ч байдаггүй юм. Түүнийг явахад нь зургаан хүний замын зардал бэлтгэх хэрээс нь хэтэрсэн тун хүндхэн үүрэг тулгарсан. Эх сурвалжаас үзэхэд, тэр гэрийг, Янжмаа гуай гэзэгнийхээ даруулгын хамт зарж замын зардалд нь нэмэрлэснийг дурсамждаа хэдэнтээ бичжээ. Чингээд зардал нь хүрэхгүй болохоор Д.Сүхбаатар жанжин Дэд зэрэглэлийн шилэн жинс, тогосын отгоо Зүүн хүрээний Хайлан жасад барьцаалан Ардын намын гишүүн Ө.Дэндэвийн нэр дээр сарын зургаан лангийн хүүтэй 150 лан мөнгө зээлж замын зардалдаа нэмэрлэсэн байдаг. С.Данзан гуай “Хураангуй” сэтгүүлийн 1923 оны 69 дүгээрт “Сүхбаатар угаасаа үгээгүй хүн болох тул нэгэнт Орос газар явахад зарах мөнгөнд ихэд гачигдаж гишүүдээс хураахад Д.Сүхбаатар өөрийн гэр зэргийг худалдан зарж мөнгө зээлдэн хурааваас зохих мөнгийг гүйцэтгэн өгсөн бөлгөө” гэжээ.

 

-Түүнийг В.И.Ленинтэй уулзсан гэсэн дуртгал, дурсамж цөөнгүй бий. Гэтэл сүүлийн үед уулзаагүй гээд байдаг?

 

-Ц.Цэрэн гэгч “Өдрийн сонин”-ы 2011 оны 265 дугаарт “Жанжин Сүхбаатар Их удирдагч Ленинтэй уулзсан гэж мунхруулсаар байх уу?” гэсэн өгүүлэлдээ “Сүхбаатар Ленин хоёр уулзсан гэх нотолгоо огт байдаггүй. Ийнхүү Сүхбаатар, Ленин хоёр уулзсан эсэх нь тодорхойгүй бараг уулзаагүй боловч ийм нэгэн домгийг ХХI зуун гарчихаад байхад ярьсаар л байна. Ленин, Сүхбаатар хоёр уулзсан гэж Монголын залуу үеийнхний тархийг ийм домгоор мунхруулсаар байх нь хортой юм. Түүхийг завхруулж үлгэр домог ярьж байсан бол одоо түүнийгээ засч залруулах цаг хэдийнэ болжээ” хэмээн Ардын нам, ард түмний бүтээсэн түүхэн үйл явдал уруу хуурмаг мэдэмхийрэн эрээ цээргүй дэндүү бүдүүлгээр дайрч зүхжээ. В.И.Лениний нарийн бичгийн дарга, хатагтай Л.Фотиевагийн 1921 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн протоколд, “Ленин энэ өдөр С.Данзан тэргүүтэй дөрвөн төлөөлөгч /Б.Цэрэндорж, Д.Сүхбаатар, Ширнэндамдин/ басхүү дагалдан яваа дөрвөн хүний хамт /орчуулагч Эрдэнэбатхан, нарийн бичгийн дарга Б.Даваа, цэрэг А.Мягмар, Өлзий/ нарын найман хүнийг хүлээн авч уулзлаа гэж бичсэнээс үзэхэд Д.Сүхбаатар жанжин аугаа Ленинтэй гарцаагүй уулзсан байгаа юм. Миний бие 1969 онд “Намын асуудал” сэтгүүлийн Онол-улстөрийн редакцийг хариуцан ажиллаж байхад энэ түүхт хэлэлцээрт Зөвлөлтийн төлөөлөгчдийн нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж асан профессор Л.Е.Берлин гуай намын төв хорооны урилгаар ирсэн л дээ. Түүнийг “Намын амьдрал” сэтгүүлийн эрхлэгч Ц.Намсрай гуайтай уулзахад нь миний бие, орчуулагч Жодов гуайн хамт байлцах завшаан олдсон. Тэгэхэд В.И.Ленин Монголын төлөөлөгчдийг гэрээ бичигт гарын үсэг зурахын өмнөхөн Кремлийн ордонд хүлээж авсан. Уулзалт их нөхөрсөг дотно болсон. Ленин, Монгол Ард Улсын хөрөнгөтний бус замаар хөгжих хэтийн төлөвийн талаар зөвлөгөө өгсөн гэж ярьж байсан.

 

-Д.Бодоо сайдыг хаанаас баривчилж, хэн байцаасан бэ?

 

-Эх сурвалжаас үзэхүл, Д.Бодоо сайдыг Э.Ринчиногийн заавраар Балдандорж даргатай Монголын дотоодыг хамгаалах газрынхан баривчилж, Монгол дахь Оросын Аюулаас хамгаалах газрынханд шилжүүлсэн. Оросын “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, “Миний бие хувьсгалын эсэргүү хэрэг, улс оронд аюул учруулж байгаа гэгдэх цэргийн байгууллага, аюултай гэгдэх хувьсгалын эсэргүү бүлэглэлийн тухай тодорхой зүйл юу ч олсонгүй. Баривчилсан сайд /Бодоо/ ноёдыг шууд мөрдөн байцаах ямар ч үндэслэл олсонгүй. Мөрдөн байцаах ажлыг эхлэхээр материал нэхсэн боловч хэн нь ч тодорхой зүйл өгч чадсангүй. Зөвхөн Улсын дотоод хамгаалалтын дарга Багде-дорж /Балдандорж/ амаараа бусдаас сонссон зарим материалыг надад танилцуулсан” гэж 1922 оны зургадугаар сарын 29-нд бичсэн байдаг. Д.Бодоо сайдыг Оросын “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, Турар Рисзульев нар байцааж, цаазлах шийдвэр гаргасан нь Д.Бодоо сайдын Шархаданд цаазлуулахын өмнө хэлсэн үг, манай сэтгүүлч О.Баярын 2005 онд “Ноцтой мэдээ” сонинд нийтлүүлсэн өгүүлэл, 1922 онд Монголд ажиллаж асан Оросын сэтгүүлч Д.П.Першиний 1933 онд нийтлүүлсэн дурсамжаас үзэж болно.

 

-Д.Бодоо сайдын Шархадны энгэрт хэлсэн үгээс цухасхан дурсахгүй юу?

 

-1922 оны есдүгээр сарын 31-ний өдрийн үүрээр Оросын “До” яамны монгол дахь Аюулаас хамгаалах газрынханд буудуулахын өмнө, “… Миний бие улс эх орныхоо төлөө эрийн цээнд хүрч, ухаан суусан цагаасаа чадах хэрээрээ зүтгэж, энэ Ардын нам, засаг төрийг байгуулалцсан бөлгөө. Санаа зорилго нэгтэй нөхдийнхөө хамт элдэв зовлон зүдгүүрийг туулж байгуулалцсан засаг төрийнхөө эсрэг хар буруу санаа өвөрлөж, үйлдсэн хэрэг, хорлол хүргэсэн үйл энэ хэр надад үгүй болой. Засгийн газрын санал, Богд хааны зарлигаар олгох гэсэн Зоригт баатар бэйсээс татгалзсан минь буруу биш юм бол ингэтлээ цаазлуулах яланд унах хэрэг хийгээгүй ээ. Миний бие завсрын Ринчиног бодвол Монгол Улсынхаа төлөө цохилох зүрхтэй, хийсэн юмтай хүн. Ардын засгийн дэргэд Оросоос суулгасан төрийн хутгуур Ринчиногоор ард олноо дарангуйлан зайдагнуулахыг би хүсээгүйгээс өнөөдөр эд нар намайг цаазлан тонилгох гэж байна. Миний бие амьдралдаа буян нүглийн аль алийг нь хийж явсан ч ингэтлээ буруу зөвөө дуулалгүй цаазлуулах хэрэг ерөөсөө хийгээгүй. Эд нар /Э.Ринчино, А.Сорокин, К.Баторун, Турар Рыскульев, Яков Блюмкин/ өнөөдөр намайг цаазлан тонилгоод, маргааш бусад нөхрийг маань, та нарыг ч устгана бий. Хойд төрөлдөө хүмүүний биеийг олж дахин төрөх болтугай…” гэсэн байдаг.

 

-“Өдрийн сонин”-ы нэг дугаарт “Ринчино байгаагүй бол энэ тусгаар тогтнол эргэлзээтэй байх байсан” гэж Баабар бичжээ. Та энэ тухай юу хэлэхсэн бол?

 

-Монгол Ардын Нам байгуулагдсан хийгээд манай улсын тусгаар тогтнолд Ринчино гэгч ямар ч холбогдолгүй. Тухайн үед манай ард түмэн Монгол Ардын Намынхаа удирдлагаар өөрсдийн зориг хүчээр тусгаар тогтнолоо олж тунхаглах тийм улстөр, нийгмийн тохироо бүрэлдээд байсан юм. Ринчиногийн Монгол Улсын тусгаар тогтнолыг устгаж, Зөвлөлт Орос Улстай нэгтгэх үйл ажиллагааг нь тэр үед Д.Сүхбаатар жанжин алхам бүрт нь эрс эсэргүүцсэн байдаг.

 

-Энэ асуудлаас болж жанжныг хэлмэгдүүлсэн байх даа?

 

-Тийм. 1922 оны эхэн үеэс Ринчино, “До” яамныхан Д.Сүхбаатарыг сайдаас нь огцруулахын тулд хуурмагаар элдэв хэрэгт холбогдуулан ихээхэн хавчиж хэвийн ажиллах боломжгүй болгосон байдаг. Үүнээс Д.Сүхбаатар 1922 оны эхээр Монгол Ардын Намын Төв хороо, Засгийн газарт бичсэн хоёр дахь өргөдөлдөө, “Бүх цэргийн жанжин миний бие хэзээ ч Улсын ажлыг хийдүүлээгүй үнэнч шударгаар төр болоод түмнийхээ төлөө зүтгэж явсан. Энгийн ажил ч болсон олгож өгнө үү…” гэж бичжээ. Түүний өргөдлийн дагуу Монгол Ардын Намын Төв хороо, тусгай комисс томилон шалгаад, “Жанжин Сүхбаатар албан ажил, үүргээ цалгардуулан хийдүүлсэн удаа ер үгүй. Харин ёс журмын дагуу үнэнч шударгаар сайн ажиллаж буйг нь…” гэж онцлон тэмдэглээд маргааныг зогсоож, зохицож ажиллахыг Э.Ринчинод үүрэг болгосон байгаа юм. Гэтэл тэрбээр Монгол Ардын Намын Төв хорооны удирдамжийг огтхон ч тоож үзэлгүй 1922 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр жанжинг оролцуулалгүй “Бүх цэргийн зөвлөл”-ийг Монгол дахь “До” яамны ерөнхий зааварлагч А.Сорокин, чекистүүдийн ахлагч, Оросын Аюулаас хамгаалах газрын дарга К.Баторун, А.Старков /Цэргийн яамны зөвлөх түшмэл, П.И.Литвенцов Эрдэнэдорж/, Хатанбаатар Магсаржав, Букатов нарын бүрэлдэхүүнтэй нууцаар хуралдуулан Д.Сүхбаатарыг огцруулж, Магсаржавыг цэргийн яамны сайдаар томилсон шийдвэр гаргасан.

 

-Монгол Ардын Намын анхдугаар их хурлаас дүрвэгчдийн Засгийн газар байгуулж, Монгол дахь цагааны цэргийг цохиж өгөөч гэж Зөвлөлт Орос Улсаас гуйсан гэж бичсэн байсан?

 

-Л.Баабар гэгч 2012 оны “Өдрийн сонин”-ы 109 дүгээрт хэвлүүлсэн “Түүхийн шинэ хэлмэгдүүлэл” гэсэн өгүүлэлдээ, “Тэндээс дүрвэгчдийн Засгийн газар байгуулж, тэр Засгийн газар нь Монголд байгаа цагааны цэргийг очиж цохиж өгөөч гэж Зөвлөлт Оросоос гуйж, тэрийг нь Зөвлөлт засгийг төлөөлж Ринчино зөвшөөрсөн…” гэж мэдэмхийрэн худал бурсан байгаа юм. Эх сурвалжаас үзэхүл, тус их хурлаас дүрвэгчдийн Засгийн газар байгуулаагүй. Үндсэн гурван асуудал хэлэлцэж шийдвэр гаргасан.

Д.Сүхбаатар зэрэг Монголын хувьсгалчид 1920 оны арваннэгдүгээр сард Эрхүү хотноо байхдаа жанжны хүчин зүтгэлээр Монгол дахь цагааны дээрэмчдийг хамтын хүчээр хөөн зайлуулах тухай АДБН Улсын Ерөнхий сайд Н.Буров, Зөвлөлт Орос Улсын Гадаад хэргийн Ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгч Борис Шумяцкий, Эрхүү дэх Улаан армийн Кубаны V морьт дивизийн захирагч Писарев, Позерин нартай нэг бүрчлэн уулзаж, арваннэгдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатар, П.И.Литвенцов Эрдэнэдорж нарын гарын үсэгтэй албан тоот гардуулсан. Эрхүү хот дахь Зөвлөлт Орос Улсын засаг захиргаа, цэргийн удирдлагууд цагааны дээрэмчдийг Монголоос хамтын хүчээр хөөн зайлуулахыг зөвшөөрч, Монгол Улс уруу цэрэг оруулахыг Оросын коммунист намын улстөрийн товчоо, Засгийн газар уламжлахаар тохирсон учир намын их хуралд энэ асуудал яригдаагүй. Э.Ринчино Зөвлөлт Орос Улсыг төлөөлж байгаагүй, их хуралд ч оролцоогүй.

 

-Мөн Ринчиног хөрөнгөтний бус хөгжлийн зам гэсэн онол боловсруулсан гээд байгаа?

 

-Баабар дээрх өгүүлэлдээ, “Ринчино бол хувьсгалын томоохон онолч байсан. Тиймээс хөрөнгөт бус хөгжлийн зам гэсэн онолыг боловсруулж түүндээ тулгуурлан Монголын анхны үндсэн хуулийн эхийг барьж авсан” гэж хуурмагаар мэдэмхийрчээ. Хоцрогдсон бага буурай орнууд ялсан пролетарийн орны тусламжид тулгуурлан хөрөнгөт бус замаар хөгжиж болохыг З.Маркс, В.И.Ленин нар анх удаа боловсруулсныг энэ хүн мэддэггүй нь тун хачирхалтай. Мөн тэрбээр “Ринчино нь аллагыг бол зохион байгуулж байсан. Д.Бодоо, С.Данзан нарыг цааш харуулсан ажиллагаа бол Ринчиногийнх” хэмээн зөв бичжээ. Ринчино нь Монголд дөрвөн жил гаруй хугацаанд байхдаа эрх мэдлээ ашиглан эх орноо гэсэн сэтгэлтэй үндэсний хувьсгалч ардчилсан үзэлтэй үй олон сэхээтний цус, нулимсаар гараа угаасан зартай алан хядагч, хутган үймүүлэгч байсан. Энэ тухай Монгол Ардын Намын баримт бичигт “Ринчиногийн Монголд үйлдсэн нүгэл нь байгуулсан гавьяанаасаа хавьгүй дээгүүр оргилон, Монголын эх оронч хувьсгалч ардчилсан үзэлтнүүдийг өөр хооронд нь мөргөлдүүлэн Монгол дахь хэлмэгдүүлэлтийн хар шуургыг эхлүүлсэн ба Монгол Улсыг буруу замаар будаа тээхэд хүргэсэн юм” гэсэн байдаг.

 

-Эцэст нь худал бурагчдын тухай юу хэлэхсэн бол?

 

-Алтан нарыг алгаар хааж болдоггүйн адил Баабар /Б.Бат- Эрдэнэ/ Ринчиногийн Монголд үйлдсэн бузар хар нүглийг нь үгүйсгэн “бүхий л юмыг Ринчино бүтээсэн” хэмээн элдвээр хаацайлан тэнгэрт тултал магтсан ч “булавч бултайна” гэгчээр бузар хар нүглийг нь яав ч цайруулж чадахгүй ээ. Тэрбээр Улаанбаатар хотноо болсон Монголч эрдэмтдийн VII их хуралд “Ринчино ба Монголын хувьсгал” гэсэн илтгэл тавьсан. Д.Сүхбаатарыг муучлан гутаах талаар хөрөнгөт ертөнцөд бүр нэрд гарсан Японы Футаки Хирошийн буухиа нь болж элдвээр муучлан Д.Сүхбаатарын эсрэг үзэлтнүүдэд өгөөш тавьж туслан үзэл бодлоо тод харууллаа. Чингээд ард түмэн, хойч үеэ хүндэтгэн, архив үзэж чаддаггүй юм бол Д.Сүхбаатарын тухай эрдэмтэн мэргэдийнхээ туурвисан бүтээлийг үзэж, зөв сэтгэж “Хүн үгэнд үхдэг” гэсэн өвөг дээдсийнхээ сургаалыг дээдэлж, эх орноо гэсэн сэтгэлээр үнэн зөв бичиж, ёс суртахуунтай, даруухан байгаасай гэж ахмад багшийн хувьд зөвлөе.


URL:

Сэтгэгдэл бичих