Улстөрчид Ц.Мөнхбаяраар шоудаад эхлэв үү

 

Төрийн ордны цэцэрлэгт буун дуу гаргаж, шуугиан дэгдээсэн Ц.Мөнхбаярын хүмүүс сүүлийн үед ордноор хөлхөлдөх болжээ. Бие даагч гишүүд хийгээд гудамжны тэмцлээс Төрийн ордонд заларсан нөхдийнхөө өрөөгөөр орж гаран, бичиг цаас уншуулж нэг үгээр нэлээд завгүй яваатай нь саяхан таарав. Зорилго нь мэдээж тодорхой. Ц.Мөнхбаярын хийсэн хэргийг нааштай шийдэхэд туслуулах, эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн гэж дөвийлгөн болж өгвөл сул тавиулчих гээд гүйж яваа байх.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөгөөр орж явахтай нь таараад ганц асуулт асуусныхаа төлөө “Харуул Алтайн хишиг сан” төрийн бус байгуууллагын тэргүүн Г.Алтанцэцэг гэгч эмэгтэйд хатуу үгээр “ам руугаа алгадуулав”. “Ц.Мөнхбаярын зөв ч, тэмцлийн хэлбэр нь буруу байсан, тийм үү” хэмээн асуугаадахсан чинь тэрбээр “Зөв бурууг нь дүгнэж цэгнэх цаг болоогүй байна. Ц.Мөнхбаярын төлөө ганц зөөлөн үг хэлэх сэтгүүлч ер нь байгаа юм уу. Та энэ улсын иргэн юм бол газар нутгийнхаа төлөө сэтгүүлчийн биш гэхэд иргэний сэтгэлээр нэг хандаач. Ирээдүй хойчоо яана гэж бодож явдаг улс вэ” хэмээн ширүүхэн хариулж, ширэвтсэн харцаар зэмлэлээ.

 

Гэхдээ түүнийг буруутгах сэтгэл төрөөгүй ээ. Яагаад гэвэл тэр бол иргэн. Газар нутгийнхаа төлөө тэмцэх, тэмцэж яваад буруутсан нөхрөө өмгөөлөх, хамгаалах эрх түүнд бий. Ер нь ч тэгээд харийн урт гартнууд хаа сайгүй эзэн сууж, газар нутгийг минь хүний өөрийнгүй аалзны тор шиг хэрчихээд байхад хэн ч тэмцэхгүй бол утгагүй шүү дээ. Буу барьж буруу зүйл хийснийх нь төлөө төр Ц.Мөнхбаярт төмөр нударга үзүүлж л таарна. Гагцхүү үүнийг өмгөөлж хамгаалаад өөд уруугүй гүйгээд байх нь төрийн түшээ, УИХ-ын гишүүний хийх ажил мөн үү гэдгийг бодох ёстой. “Өмгөөлөөч” гээд ороод ирсэн хүмүүсийг өөдөөс нь хөөгөөд гаргах муухай ч төр түшилцэж, хууль баталж байгаагийнхаа хувьд өөр үг хэлэх ёстой.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга Ц.Мөнхбаярыг батлан даахаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хүртэл хийлгэв. Тэрбээр “Түүнд өмгөөлөгч авах ч мөнгө байхгүй байгаа. Түүний талаар сөрөг мэдээлэл илүү их цацагдаад байгаад миний санаа нх зовж байгаа. Ер нь би Ч.Мөнхбаярыг өмгөөлөх үүрэгтэй хүний нэг” хэмээсэн. Эх орон газар шороогоо хайрлах хамгаалах эрх, үүрэг иргэн бүрт бий. Үүнтэй нэгэн адил хийсэн хэргийнхээ хариуцлагыг мөн л адилхан хүлээх үүрэгтэй. Харин хууль баталж, төр түшиж байгаа төрийн түшээ хүний хувьд баталсан хуулиа зөрчиж, төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн гэгдэж буй хүнийг өмгөөлөөд сууж байх нь зүгээр л шоу хийж байна уу даа гэж ганц надад ч бодогдсон юм биш. Ц.Мөнхбаярыг өмгөөлөх нь яагаад түүний үүрэг болчихоод байгааг ойлгохгүй хүн олон.

 

Үүний оронд хэрэгжихгүйгээсээ болж хэрэгтэн, гэмтэнг нэмэгдүүлэхэд хүргэсэн “Урт нэртэй” хуулийнхаа учрыг олох нь түүний үүрэг баймаар. Муу хууль баталж, муу хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэрэгтний тоог нэмэгдүүлэхгүй байх талаар ухаан сийлэх нь түүнийг арай л гоё харагдуулах байлаа. Ганц Г.Уянга гишүүний амнаас энэ үг гараагүй. О.Магнай найзтайгаа хамт тэмцэж, жагсч байгаад саарал ордонд “шургалсан” Ж.Батзандан ч бас ийм байр суурьтай байгаагаа “Би Ц.Мөнхбаярыг дэмжиж байгаа” хэмээн хэнэггүй үгээр илэрхийлж сууна билээ. Ядаж Г.Уянга гишүүн шиг “Мэдээж буу барьж, хүчирхийлэл хэрэглэх гэсэн аргыг нь зөвтгөхгүй. Ч.Мөнхбаярт хүн хороох бодол байгаагүй. Барьсан буунд нь сум ч байгаагүй” гэсэн үг унагасан бол болж байна. Түүний оронд төрийн түшээ хүний амнаас тийм ч амархан гараад баймгүй бодлогогүй үгийг хэлж суух нь хаашаа ч юм бэ.

 

Эцэст нь Г.Уянга гишүүн хэлсэн байна билээ. “Эх орноо зарсан урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй бай аргыг сүвэгчилж байгаа эрх баригчдад сануулга өгөх зорилготой байсан байж таарна. Тиймээс ийм үйлдэл хийх болсон  шалтгаан руу нь бид өнгийх ёстой. Ер нь бид газар шороогоо зарсан хүмүүсийг ямар их даврааснаа хамгийн эхлээд ярих хэрэгтэй” гэж. Тиймээ, энэ л таны үүрэг. Даварсан гэж хэлээд байгсан хүмүүстэйгээ хариуцлага ярьж суухын оронд буун дуугаар бусдыг цочоосон буруу тэмцэгчийг өмгөөлөх эрх түшээдэд үгүй.

 

 

Ч.БАТМАА


URL:

Сэтгэгдэл бичих