“Петро-чайна” ослын газарт онцгой байдлынханыг ажиллуулахаас татгалзжээ

 дайчин

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанид ноцтой осол гарсан. Хоёр хүн амь насаа алдаад байна. Осол энэ сарын 10-ны буюу даваа гаргийн орой 20:48 цагийн орчимд газрын тос ачих үед гарчээ. Тодруулбал ачилт хийж байсан 10 машины баруун захаас гурав дахь машинд гал гарч, дэлбэрсэн байна. Улмаар зэргэлдээ зогссон бусад машинууд шатжээ.

 

Энэ үеэр БНХАУ-ын харьяат хоёр мэргэжилтэн амиа алдсан байна. Мөн Хятадын “CNPC” компанид жолоочоор ажиллаж байсан 40 орчим насны эрэгтэй түлэгдэлтийн улмаас Бичигтийн боомтоор дамжин өмнөд хөрш рүү хүргэгсэн аж. Холбогдох албаныхан гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа юм.

 

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Дарь.Сүхбаатарын хэлж буйгаар бол тухайн газарт гал гарсан талаар мэдээлэл авсан даруйдаа Онцгой байдлын газрыг очиход өөрсдөө унтраана, бид хариуцлагаа өөрсдөө үүрнэ гээд халгаагаагүй  гэнэ. Ер нь “Петро-чайна” компани их хаалттай бүс бөгөөд онцгой байдлын албанаас ямар нэгэн шалгалт хийх, зөвлөгөө өгөхөөр хандахад нэлээд хойрго хандсаар ирсэн аж. Уг нь бол технологийн осол, гал гарсан тохиолдолд Онцгой байдлын байгууллага унтраах үүрэгтэй. Гэвч тэднийхэн манай мэргэжлийн байгууллагыг үл тоож, ослын газарт яаралтай арга хэмжээ авахад нь саад учруулсан байна.

 

Дарь.Сүхбаатар дарга “Урьд нь “Петро-чайна” компаний машинаас оч үсэрснээс болж хээрийн түймэр гарсан юм билээ. Хамгийн гол нь хоёр улсын хооронд хийсэн гэрээнд өөрчлөлт оруулж, хэтэрхий хаалттай байдлыг нь цуцлах ёстой. Ингэхгүйгээр иймэрхүү осол аваар гарвал шаардлагатай арга хэмжээг авахад хүндрэлтэй байсаар байх болно” гэлээ.

 

Н.Батаа

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих