Хулгайн мод бэлтгэл 31 хувиар буурчээ

модБайгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны гол сэдэв Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах арга хэмжээний тухай төсөл байв. Хулгайн мод бэлтгэгчидтэй сүүлийн 10 гаруй жил тэмцэж байгаа ч бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн таван жилийн хугацаанд хууль бус мод бэлтгэл 31.5 хувиар буурсан гэх мэдээллийг БОНХ-ийн дэд сайд Б.Тулга өгсөн.

Харин үүнтэй доктор Н.Дашзэвэг санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Хулгайн мод буураагүй. Харин ч ихэсч байгаа.Юун түрүүнд хулгайн замыг шийдэх хэрэгтэй. Хяналтгүй олон зам байгаа цагт модны хулгай багасч байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулж байгаа нь хангалтгүй байна” хэмээн шүүмжилсэн. Манай улсын модны жилийн хэрэглээ гурван сая шоо куб метр. Үүний 2.1 сая куб метр нь түлээний хэрэгцээний мод байдаг. Засгийн газраас хулгайн модыг таслах зорилготойгоор “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн гол чиглэл нь муудсан ойн сангаа цэвэрлэж ойгоо сэргээх явдал юм. Гэсэн ч хөтөлбөрийн санхүүжилт зогссон учраас үр дүнгээ өгөхгүй байгаа ажээ. Манай орны нийт газар нутгийн 11.7 хувь нь ойн сан бүхий газар. Үүний 8.3 хувь нь ой сан бүхий буюу ой модтой газар юм. Энэ жил анх удаа ой сан бүхий газраа тоолохоор болжээ.

Засгийн газрыг ойн сан бүхий газрыг нэмэгдүүлэх зорилгоор жилд тодорхой хэмжээний мөнгө баталдаг. Уг мөнгө нь жилд найман га газарт мод тарихад хүрэлцдэг аж. Гэтэл бодит байдалд найм биш 50 мянган га газарт мод тарих шаардлагатай байгааг дурьдав.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ тухай “Ойн санг хамгаалах нөхөн сэргээх, улмаар хууль бус мод бэлтгэлтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай зөвхөн Байгаль орчны байнгын хороо дангаараа бус Хууль зүйн байнгын хороотой хамтарсан Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргах нь зүйтэй юм. Ялангуяа бидний үндсэн гол үүрэг ойн санг хамгаалах, нөхөн сэргээх. Нэг зүйлд гайхаад байна. Сая дурдсан ажлыг хийхийн тулд төрөөс өгсөн мөнгийг яам өөрөө зарцуулж, ажилд нь оролцох гээд байх юм. Төр хэтэрхий оролцохоор цаана нь байгаа орон нутгийн иргэдийг ажлын байртай болгох, мод тарих, түүнийг нь үнэлэх зэрэг чухал хүчин зүйл хаягдаад байна” гэлээ.

С.Дулам

URL:

Сэтгэгдэл бичих