О.Баасанхүү гишүүн барцадтай ч эхний тугаа тойрлоо

baasanhuuУИХ-д суудалтай бүх нам, эвсэл Засгийн газарт хамтарч ажиллах болсноор парламент дахь албан тушаалаа ч хуваарилж авахаар болсон билээ. Улмаар “Шударга ёс” эвсэлд ногдсон Өргөдлийн байнгын хорооноос бусад Байнгын хорооны даргыг оны өмнө сонгосон. Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн О.Баасанхүү гишүүний хувьд оны өмнө Байнгын хорооныхоо гишүүдээс олонхийн дэмжлэг авч чадаагүй учраас ийнхүү ганцаараа үлдээд байсан юм. Харин түүнийг өчигдөр дахин хэлэлцэж Байнгын хорооны даргаар сонгохыг нь дэмжлээ.

О.Баасанхүү гишүүнийг хуралдаанд оролцсон найман гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн ч түүний дарга болох зам энэ удаад ч дардан байсангүй. Гишүүдийн ирцийг бүртгэж, санал хураалт явуулах төхөөрөмж ажиллахгүй байснаас болж хуралдаан эхлэхгүй нэлээд удсан юм. Эцэст нь тус төхөөрөмжийг ашиглахгүйгээр хуралдаж түүнийг сонголоо. Гишүүдийн ирцийг бүртгэдэг төхөөрөмж ажиллаагүй учраас Байнгын хорооны ирц хуралдаж шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн эсэх нь бас л эргэлзээтэй. Санал хураалт явуулахын өмнө гишүүд О.Баасанхүү гишүүнд хандан барцадтай байгааг нь тоглоом шоглоом, үнэн хоёрын дундуур хэлж байв. Ийнхүү О.Баасанхүү гишүүн барцадтай ч эхний тугаа тойрлоо. Харин одоо УИХ-аар хэлэдцүүлж баталгаажуулан эцсийн тугаа тойрох л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих