“Ирэх сонгуулиар бид нэр дэвшигчдийн аль гоё нэртэйг нь сонгоно…”

Төрийн түшээд маань ирэх жил сонгууль болохтой зэрэгцээд ард түмнээ цэвэрхэн “молигодох” элдвийн “хор+жор”-оо найруулаад тун завгүй сууцгаана. Тухайлбал, Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэхээр болжээ. Хэрэв энэхүү хууль нь батлагдчихвал ард түмэн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж амжилгүйгээр, аль гоё нэртэйг нь сонгох болж таарах нь.

“Бурдаг” гэх Р.Бурмаа гишүүний  боловсруулсан тус хуулийн төсөлд “Сонгуулийн сурталчилгааг радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно” гэж заажээ. Ингэхдээ сонин хэвлэлийг орхигдуулжээ. Дээрх заалтаас харахад сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүйг тодорхой заагаагүй байна. Гэтэл хуулийн төслийн 71.5 дахь зүйл заалтаар “хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заажээ. Энэ нь эхэнд заасанчлан радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрөхгүй гэсэн үг юм.

Энэхүү хуульд нэр дэвшигч Сонгуулийн сурталчилгааг боломжит бүх хувилбараар /сонин, хэвлэл, радио, телевиз, цахим вэб сайт, тараах материал болон бусад/, хангалттай хугацаанд явуулахыг зөвшөөрсөн заалт оруулж байж ард түмэнд зөв сонголт хийх боломж бүрдэх юм. Харин дээр зүйл заалтуудыг залруулахгүйгээр хууль батлагдвал дараагийн сонгууль “шудрага” болно гэвэл ТОМООХОН ЭНДҮҮРЭЛ болох юм.  Иймд тус хуулийг батлагдахаас нь өмнө эсэргүүцэж, буцаах хэрэгтэй байна!!!

Эх сурвалж: FACT.mn


URL:

Сэтгэгдэл бичих