Сайншанд мартагдаж, Бор-Өндөрийг мандуулж эхэллээ

Манай улс урт хугацааны хөгжлийн бодлогогүйгээс төр, засгийн бодлого залгамжгүйгээр явагддаг. Өмнө нь сонгуульд ялсан нам бодлогоо хэрэгжүүлж байна гээд өмнөх Засгийн газраас шал өөрийг ярьж хийдэг байсан. Тэгвэл энэ удаа сүүлийн дөрөвхөн жилд нэг нам буюу АН УИХ-д арай олон гишүүнтэйгээр Засгийн эрх барихдаа хоёр засаг сольж, тэдгээр нь нэгнийхээ эхлүүлснийг үгүйсгэн шинийг тулгаж, судалж байх юм. Сүүлийн 10 гаран жилд Монгол улс шинээр аж үйлдвэржих тухай байнга яригдаж ирэв. Тэрхүү шинэ аж үйлдвэрийн төвөөр олон аймгийн төв, суурингууд тодорчих санаатай үзэж тарсаар Сайншандад төвлөрүүлэхээр болсон тухай “Шинэчлэлийн” Засгийн газрын үед яригдаж байсан. Тухайн үед Сайншандыг Аж үйлдвэрийн парк болгох асуудлыг барьж авсан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Х.Баттулга баахан судалгаа хийлгээд болно бүтнэ гэсэн. Гэвч түүнийг сайдын албаа өгснөөс хойш Сайншандын аж үйлдвэрийн паркийн асуудал зогсож, улмаар Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” хэмээх Засгийн газарт шинээр байгуулагдсан Аж Үйлдвэрийн яам нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумыг ирээдүйд аж үйлдвэрийн томоохон хот болгон хөгжүүлэх тухай ярих болов.

Бор-Өндөр нь Сайншандаасаа юугаар давуу юм

Ингээд асуувал дараах хариултыг л өгнө. Газар зүйн байршил, дэд бүтэц хөгжсөн давуу тал нь тус суманд газрын тос боловсруулах үйлдвэр болон дамжуулах хоолой, мөн зэс хайлуулах үйлдвэр байгуулахад хамгийн тохиромжтой газраар тодорхойлогдсон юм байх. Тэгвэл цагтаа Сайншанд ч бас газарзүйн барйлалаас эхлээд дэд бүтэц хөгжсөн зэрэг олон давуу талтай гэдгийг “тогтоож” л байсан.

Бор-Өндөрийн бас нэг давуу тал нь Хэнтий аймгийн хамгийн өмнөд хэсэгт оршин, Дорноговь аймгийн Айраг сумтай хиллэж, газар зүйн байршлаараа Монголын түүхий тосны нөөц сав болсон газартай хамгийн ойр хиллэж буй юм гэнэ. Тэгвэл Зүүнбаянгийн газрын тосонд хамгийн ойрхон газар нь Сайншанд бөгөөд тэр тусмаа төмөр замаар хоорондоо холбоотой.

Энд бас нэг чухал зүйл байгаа нь Бор-Өндөрт ус хэр байгаа юм гэдэг асуудал бий. Манайхан нэг газар үйлдвэр байгуулна, уурхай ашиглана гэж олонд зарлахаа урьдчлаад хийчихдэг нь маш буруу үр дагавартай. Уг нь тухайн газар орныг сайтар судлаад усны нөөц нь хэр зэрэг юм, үйлдвэрлэл явуулахад хангалттай юм уу гэхчилэн нарийн тогтоож байж мэдээлж баймаар. Түүнээс ийн зарлаад дараагийн Засгийн газар нь нэг өөр юм яриад байхаар хэрэггүй.

Саяхан Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-аар ярих үед зарим гишүүд эрх баригчдыг дөнгөж санамж бичигт гарын үсэг зурмагцаа түүнийгээ ийм зүйл хийнэ гээд зарлачихдаг. Тэр нь ажил болдоггүй хэмээн шүүмжилж байлаа. Нээрээ ч тэрбум ам.долларын мах гаргах гэдгээс эхлээд 10-аад жил яригдаж байгаа шинэ төмөр замын төсөл, мөн түүнээс дутуугүй яригдаж ирсэн зэсийн айлуулах үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ийм жишээнд оруулж болно. Бидний сонсож дуулснаар бол Дорнод, Дархан, Сайншанд, Чойр, одоо Бор-Өндөрт гээд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах газрууд өөрчлөгдсөөр ирлээ. Мөн зэс хайлуулах үйлдвэр ч ялгаа байхгүй. Эрдэнэт, Сайншандаас эхлээд Бор-Өндөр хүрээд байна.

Ам.долларыг 1000 болгох амлалт Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барих санааны эхлэл үү

Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг бол олон хүн “ойлгож байна”. Учир нь мань дарга сайд болсныхоо дараа шатахууны үнийг бууруулах боломжтой, үүнтэй холбоотойгоор ам.долларын ханшийг 1000 төгрөгнөөс ч доошлуулах бүрэн боломжтой юм ярьж билээ. Тиймээс ядаж газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг барьж авах нь тодорхой байсан. Гэхдээ үйлдвэр барих газар арай л биш шиг.

Уг нь жилдээ 2.3 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 85 хувь нь дизель түлш, 15 хувь нь коксжсон нүүрс шиг бүтээгдэхүүн байна. Товчхондоо Евро-5 стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх юм гэсэн. Үйлдвэр хамгийн багадаа 30 жил ажиллана. Байгальд ээлтэй хамгийн орчин үеийн дэлхийн дэвшилтэт технологиор тоноглогдсон үйлдвэр байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор нефтийн үнэ бууж, улмаар валютын ханш дагаад уруудна. Гэвч энэ үйлдвэр хэдийд баригдаж, бид хэдийд хямд валюттай болох нь сонирхолтой асуудал биш гэж үү.

Аж үйлдвэрийн яамны төлөвлөсөн ажил цаг хугацаандаа саадгүй үргэлжилбэл газрын тос боловсруулах үйлдвэр нь 3-4 жилийн дотор баригдах юм гэсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор хэрэглэгчид чанартай хямд бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй гадагшлах валютын урсгалыг сааруулах юм. Ингэхдээ валютын ханшийг 18-25 хувиар бууруулах боломжтой гэсэн судалгаа ч гарчээ. Монгол Улс жилдээ 1.6 тэрбум ам.долларыг зөвхөн нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад “цацдаг” байна. Тэр үед одоо шалдаа уначихаад байгаа нефтийн үнэ өсөхгүй юу. Ийнхүү Сайншандын Аж үйлдвэрийн парк моодноос гарч Бор-Өндөр моодонд орж эхэллээ. Дараа нь бас мартагдах вий дээ.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих