2015 онд цементийн импортыг 46 хувиар бууруулсан

Хөтөлийн цементийн үйлдвэр дэвшилтэд хуурай технологиор цемент үйлдвэрлэж эхэлсэн. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2 сая тонн цемент зах зээлд нийлүүлэх боломжтой. Хоногт 3000 тонн цементийн чулуулаг үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр ашиглалтад орсноор цементийн үнийг тогтворжуулж чадсан. Тиймээс үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, цемент импортлохгүй байхыг хэрэглэгчдээс хүсч байлаа.

Хөтөлийн цементийн үйлдвэр дотоодын хэрэглээний 60 хувийг дангаараа хангах боломжтой. Манай улсын хүн бүрт 1.5 тонн ноогдох хэмжээний цементийг бид дотооддоо үйлдвэрлэж байна. Чанарын хувьд ч импортын цементээс өндөр байдгийг олон жил хамтран ажилласан хэрэглэгчид нь хэлж байна.

Хуурай аргын технологийг нэвтрүүлэхийн тулд тус үйлдвэр 260 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн Чингис бондын хөрөнгөөс 60 сая долларын санхүүжилт олгожээ. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал сайжирснаар цементийн импортыг 46 хувиар бууруулж чадсан. Мөн 1.2 тэрбум төгрөгийн цементийг экспортод гаргасан байна. Энэ нь гадны зах зээл рүү урсаж байсан 42 сая долларыг дотооддоо үлдээж чадсан гэсэн үг. Хөтөлийн цементийн үйлдвэр бүтээгдэхүүндээ 60-100 жилийн баталгаа өгч чадна гэж байлаа.

Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулахын тулд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ёстой. Монгол Улсыг монголчууд л хөгжүүлнэ. Сүүлийн  25 жилийн хугацаанд  нэг ч гадаадын шууд хөрөнгө оруулалт боловсруулах  үйлдвэрт орж ирээгүй. Харин энэ ажлыг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Үүний тод жишээ нь Хөтөлийн цемент шохойн  үйлдвэр. Яг ийм жишгээр бусад  дагалдах  үйлдвэрүүд болон  нефть боловсруулах, зэс баяжуулах зэрэг мега төслүүд хөдлөх  ёстой гэж Аж үйлдвэрийн сайд хэрэглэгчидтэй уулзалтах үеэрээ онцоллоо.


URL:

Сэтгэгдэл бичих