Су.Батболд хаврын тариалалтын бэлтгэлээр асуулга тавив

Монгол Улс 2008-2012 онд Атрын аяныг хэрэгжүүлснээр газар тариалангийн салбар сэргэн хөгжиж, га-аас авах ургац болон нийт ургацын хэмжээ эрс нэмэгдэж 479,0 мянган тоннд хүрч байсан билээ. Гэтэл өнгөрсөн 2015 оны хаврын тариалалт, ургацын явцад байгаль цаг уурын болон бусад хүчин зүйлээс хамаарч ихээхэн хэмжээний ургац алдсан нь тариалан эрхлэгчдэд хүнд цохилт болж, тэдний санхүүгийн байдалд ихээхэн хүндрэл учруулсан. Тиймээс УИХ-ын гишүүн Су.Батболд 2016 оны хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тулгарч болох бүхий л хүчин зүйлийг урьдаас сайтар бодож төлөвлөх, агро-технологийн горимыг чанд мөрдөж, ургацын болцын үеийн цаг агаарын төлөв байдлын эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан үзэж хаврын тариалалтыг оновчтой цаг хугацаанд нь шуурхай явуулах шаардлага тулгарч байна гэж үзэн ХХАА-н сайд Р.Бурмаад хаврын тариалалтын бэлтгэл хэрхэн хангаж буй талаар асуулга тавиад байна. Эрхэм гишүүн асуулгадаа: “ УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан “Газар тариалангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өнгөрсөн хугацаанд ямар дорвитой ажил зохион байгуулсан, Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 1-р сарын 11-ний өдөр 42 дугаар тогтоолоор батлан гаргасан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, өнгөрсөн 2015  оны зуны улиралд тохиосон байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл, түүнээс учирсан хохирлоос ямар сургамж авсан, түүний мөрөөр зохион байгуулсан ажлын талаар тодруулсан байна.

Тэрчлэн 2016 оны зуны улирлын цаг уурын төлөв, прогноз хэзээ тодорхой болох, үүнтэй холбоотойгоор тариалалтын хугацаанд учирч болох цаг уурын гэнэтийн үзэгдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл авахыг хүсчээ. Мөн хаврын тариалалтад шаардагдах үрийг импортоор авах тухай шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа, тариалалтад шаардагдах үрийн нөөц хүрэлцээтэй эсэхийг тодруулсан байна. Түүнчлэн газар тариалангийн компаниуд арилжааны банкуудад төлж барагдуулаагүй өрийн үлдэгдэл ихтэй байгаа нөхцөлд Засгийн газраас санхүүгийн ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой талаар салбарын сайдаас асууж, асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсгохыг  хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих