МАХН-ын дарга Н.Энхбаяр өмгөөлөгч Г.Батбаяраас хууль зүйн зөвлөгөө автлаа доройтсон хэрэг үү

enkeeМАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар өөрөө ч мэдэлгүй өмгөөлөгчтэй болчихсон байж магадгүй. Тэр нь үйлчлүүлэгчээ мэдээгүй байхад нь өмгөөлөл хийж, өмнөөс нь хэвлэлийн хурал зарлаж, мөрдөн байцаагчийг хахуульдаж, бусдад ял тулгаж явдаг Г.Батбаяр гэгч.

Яагаад ингэж хардах болов гэхээр, Г.Батбаяр нэр дэвшигч С.Ганбаатартай татуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулж, ихэд сайрхаж яваа сурагтай. С.Ганбаатар сонгуульд ялалт байгуулвал дагаад албан тушаал ахичих магадлалтай гэж мөрөөдөж яваа ч байж болох юм. Тиймээс л зарласан шүүх хуралдаа ч ирэлгүй “сонгуулийн ажилтай явна” гэсэн тайлбар хэлээд л хөөрцөглөх болсон байна.

Г.Батбаяртай холбоотой таагүй мэдээллүүд цахим хуудсаар хөвөрсөөр байгаа шүү дээ. Гэтэл ийм хүнтэй МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нэр холбогдчихлоо. Ер нь түүнтэй нэр холбогдоод нэг их сайн зүйл ч дуулахгүй л болов уу.

Түүнээс өмгөөлөл авсан хүмүүс ялж байсан тухай сонсоогүй юм байна. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон Г.Сарангэрэл охин ял аваад л явсан. ОХУ-ын Элчингийн ажилтанд зодуулсан дуучин С.Амармандахын асуудал өмгөөлөгчийн буруу тайлбараас болоод хоёр улсын харилцаанд сэв суулгах шахаад өнгөрсөн. Эрхээ хамгаалсан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг өөрсдийгөө өмгөөлсөн багш нарын асуудал ч бас Г.Батбаярын гараар ороод л намжиж байх шиг байна. Ер нь Г.Батбаяр бусдыг яллах тухай тайлбар хийж чаддаг, телевизээр дүрсээ гаргаж, элдэв мэдэгдэл хийж чаддаг болохоос биш яг мэргэжлийнхээ хувьд тааруу гэж салбарынхан нь үнэлдэг юм билээ.

Гэтэл ийм хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хууль зүйн зөвлөгөө өгөөд явна гэнэ. Энэ чинь тус биш ус болох вий дээ, МАХН-ынхаан. С.Ганбаатар ч яах вэ, тэвдэж яваа хүн. Энэ үед өөр рүү нь инээсэн болгонд л саймширч таараа. Гэвч Н.Энхбаярыг олон жил улсыг удирдах хэрэгт оролцсон хашир туршлагатай гэж бодож байтал олон асуудалд холбогдчихсон, “бохир нэртэй” хүнээс зөвлөгөө автлаа доройтсон гэж арай ч бодсонгүй.

Эсвэл Н.Энхбаяр, С.Ганбаатар нар Г.Батбаяр гэх өмгөөлөгчтэй гэдгээ мэдээгүй ч байж болох л юм. Угаасаа Г.Батбаярт үйлчлүүлэгчдээ мэдэгдэхгүйгээр өмгөөлчихдөг “арга барил” бий шүү дээ. Гэвч энэ арга барил нь өрсөлдөгчдөөсөө доогуур үнэлгээтэй яваа С.Ганбаатарт “гай” болчих вий дээ л гэж эмзэглэж байна. Хашир бурхи Н.Энхбаяр үүнийг анзаараагүй явна гэж баймааргүй л юм. Хэрвээ анзаараагүй бол өөрийн дураар өмгөөлөл хийж байгаа нэртэй асуудал тарьж явдаг өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүнээс эртхэн салсан дээр байх гэж зөвлөмөөр байна. Итгэж явсан андынхаа ярьсан зүйлийг эсрэг талд нь худалдаад, “ар нуруунд нь хутга зоочихоод” шударга ёс ярьж чаддаг хүн шүү гэж л анхааруулах гэсэн юм.

Амидар


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.