ИТГЭЛИЙН ЭРЭЛД…

fb50d8791887fcc1c5a0cf68a9f2810c_1200Итгэл. Энэ тавхан үсэгтэй үгийн үнэ цэнийг хүн бүр өөрийнхөөрөө л тодорхойлдог. Нөхөртөө хаягдсан бүсгүйд нэг янзаар ойлгогдож байхад, өвчинтэйгөө тэмцэж байгаа залуу бас өөрийг дотроо бодсоор явдаг. Гэхдээ аль аль нь л эдгэнэ гэсэн, илүү сайхан амьдарна гэсэн итгэлийн хэлтэрхийг ч болтугай тээсээр байдаг биз ээ. Харин том зургаар нь харвал Монголд итгэл гэж байна уу. Төр нь иргэндээ, иргэн нь төрдөө итгэдэг үү. Маргааш ажлаасаа халагдах вий гэсэн айдасгүй, бизнес нь дампуурчих вий гэсэн болгоомжлолгүй, амьдрал нь сайхан болно гэсэн итгэлтэй хүн бидний дунд хэд байгаа бол. Иймээс ч энэ асуултад хариулт олох гэж итгэлийн эрэлд гарлаа. Хийсвэр юм шиг хэрнээ хэний ч анзаардаггүй энэ сэдвийг сонгож, монголчуудад итгэл найдварыг эргүүлж авчрах юмсан гэсэн бодолтойгоор Батсүхийн Баярмагнай “Мартагдах учиргүй маргааш” нзртэй цуврал илтгэлийг эх орон даяар тавьж байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгийн иргэдэд танилцуулсан түүний илтгэлийн үндсэн сэдэв нь “Итгэл” байлаа.

НЭГ ҮЕЭ БОДОХОД…

Хэзээ болтол “Нэг үеэ бодоход…” гэсэн үгтэйгээр өнөөдрөөрөө амьдрах юм бэ гэж Өмнөговь аймгийн иргэн Д.Сосор хэлж байв. Монголын баялгийн үүц хадгалагдаж байгаа Өмнөговь аймгийнхан ч ирээдүйдээ итгэл дүүрэн бус байгааг түүний үг нотлох мэт. Хятадын хилээр нүүрсээ нэвтрүүлэх гэж хэдэн зуун км дугаарлаж байгаа хүнд даацын тэрэгний жолооч нарын нэг нь түүний хүү ажээ. Тиймээс ч тэр төрдөө итгэл алдарсан байв.

Монгол Улсын ДНБ өссөн, 61 сая толгой малтай болсон, төмс, хүнсний ногооны хэрэгцээгээ бараг өөрсдөө хангадаг болсон зэрэг нь Д.Сосор гуайд үнэндээ сонин биш байгаа юм. Хувийн өмчтэй болсон, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх монгол хүн бүрт байгаа нь ч түүнд нэг их хамаарал алга. Давхардсан тоогоор нэг сая иргэн гадаад руу зорчиж, жилдээ 300 мянга гаруй жуулчин Монголд ирж байгаа гэсэн статистик ч түүний сонирхлыг татахгүй байна. Харин хахир өвлийн хүйтэн эхлэхээс өмнө урд хөршийн хил дээрх урт оочер цэгцрээсэй гэсэн ганц л бодол түүний дотор эргэлдэж байгааг нуусангүй.

1990 онд 30 гаруйхан хуультайгаар нийгмийн харилцааг зохицуулж байсан Монгол Улс өнөөдөр 639 хууль, түүнийг дагасан өч төчнөөн дүрэм, журамтай болсон ч асуудал шийдэгдэхгүй, амьдралын харилцааг зохицуулж чадахгүй байгаагийн илрэл бол Д.Сосор гуайн үг юм. Ажилгүйдэл, ядуурал, авлига хээл хахууль, өр, нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт газар авсныг Өмнөговь, Дундговь аймгийнхан хүлээн зөвшөөрч байлаа. Төр засгийн бодлого тогтворгүй, хэт богино, алсын хараагүй байдал монголчуудын төрдөө итгэх итгэлийг үндсэндээ үгүй хийжээ. Үүнийг ч Б.Баярмагнай “Мартах учиргүй маргааш” илтгэлдээ онцолж “Анхлан суралцагчийн зовлон” гэж тодорхойлсон байв. Өөрөөр хэлбэл, ардчилсан хувьсгалаас хойших 27 жилд Монгол Улс хөгжлийн загвараа олох гэж, зах зээлийн шинэ харилцаанд шилжих гэж явсаар байгаа боловч гарц, шийдлээ олж чадахгүй анхлан суралцагчийн зовлонг эдэлсээр явсаар өнөөдөртэй золгосны илрэл нь Д.Сосор гуайн үг байсан юм.

НҮЦГЭН TOO ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ

Бид хэзээ суралцаж дуусах юм бэ, анхлан суралцагчийн зовлонгоосоо яаж ангижрах юм бэ гэсэн асуултад янз бүрийн л хариулт гардаг. Улстөрчид, эдийн засагчид, эрдэмтэн мэргид, иргэд гээд бүгд гарц, шийдийн талаар ярьдаг, хэлдэг. Харин хэний ч хөндөөгүй гарцыг Б.Баярмагнай санал болгосон нь дээр өгүүлсэн “Итгэл”-ийн тухай байсан юм. Тэр энэ тухайгаа “Та бид төдийлөн анзаардаггүй мөртлөө хамгийн үнэ цэнэтэй зүйл бол итгэл. Тэр үнэ цэнийг алдвал ямархуу хор хохирол учирдаг болохыг та бүхэнтэй хуваалцъя. Төдийлөн ярьдаггүй хэрнээ бүгд мэддэг итгэлийн талаар ярилцъя гэж бодпоо. Төр нь иргэндээ, иргэн нь төрдөө итгэхээ больсон. Найз нөхөд бие биедээ итгэхээ больсон, ажилтан нь албан байгууллагадаа итгэхээ больсон цаг үед бид амьдарч байна. Энэ зүйлийг ямар нэгэн байдлаар ярьж нийгмийн анхааралд аваачихгүй бол болохгүй нь” гэж илтгэлдээ дурдаж байна лээ. Үнэхээр ч түүний хэлсэн тоо баримт, итгэлийн үнэ цэнийг илүү мэдрүүлсэн юм. Нүцгэн тоо худал хэлдэггүй шүү дээ.

Я.Цэвэл гуайн монгол хэлний их тайлбар тольд “Итгэл” гэсэн үгийг “Итгэх үйлийн нэр, бат найдлага, сэжиггүй үнэмших санаа” гэж утгачилж тайлбарласан байдаг аж. Яг энэ утгад нь дүйж итгэлийн үнэ цэнийн төлөөс ямар байгааг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг удирдаж явсан Б.Баярмагнайн илтгэлд дурдсан баримтад түшиглэн танилцуулъя.

БАРИМТ1

Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын гаргасан судалгаагаар сүүлийн таван жилд 17548 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байдаг аж. Нэг өрхийн ард 3.5 хүн байгаа гэж тооцвол 61418 хүний хувь заяанд өөрчлөлт гарчээ. Энэ бол маш том тоо. Мэдээж гэр бүл цуцлалтаас сайн үр дүн гарна гэж байхгүй. Эдгээр иргэдийн 60 хувьд нь санхүүгийн, 90 хувьд нь сэтгэлийн болон хүүхдийн хүмүүжлийн бэрхшээл тулгарсан гэдгийг дээрх судалгаанд дурдсан байна. Харин салалтын шалтгаан нь өнөөх л итгэл. Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 80 хувь нь эхнэртээ, эсвэл нөхөртөө итгэхээ байсан учраас салсан гэж хариулсан байгаа юм. Энэ бол итгэлийн үнэ цэнийг илэрхийлж байгаа, итгэл алдарснаас үүдэх хохирлын тухай ганцхан баримт. Б.Баярмагнай болон түүний багийнхан маш олон баримт цуглуулсныг одоо үргэлжлүүлье.

БАРИМТ2

Хөдөлмөрийн зах зээлийн тухай 2013 оны нэгэн судалгаанд дурдсанаар монгол хүн сарын 528.7 мянган төгрөгийн цалин авч байхад, Монголд ажиллаж буй гадаадын иргэн дунджаар 1.7 сая төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлж байжээ. Гадаад ажилчдын 50 гаруй хувь нь барилга, үйлчилгээний салбар буюу дэлхийн хэмжээний боловсрол, нарийн мэргэжил, мэдлэг шаардахгүй ажил хийж байж монгол хүнээс гурав дахин өндөр цалин авч байгаа нь нөгөө л итгэлтэй холбоотой. Учир нь, 470 ажил олгогч яагаад гадаад хүн ажиллуулдаг талаар хариулахдаа “Монгол ажилчид хариуцлагагүй” гэж 68 хувь нь, “Ажлын ачаалал даадаггүй” гэж 56 хувь нь, “Цаг барьдаггүй, залхуу” гэж 80 хувь нь хариулсан байдаг аж. Энэ бол бодит судалгаа. Харин Б.Баярмагнай “Монгол хүн залхуу” гэдэгт огг итгэдэггүй гэдгээ илтгэлдээ маш тодорхой хэлж байсныг зориуд онцолъё. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн сарын 1000 ам.долларын цалинтай ажил хийх гэж 30 мянган монгол залуу Солонгосын хөдөлмөрийн биржид бүртгүүлэх гэж хонон өнжин Төв цэнгэлдэхийн гадна дугаарлан зогсож байсныг тэр хэлж байв. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд монгол хүндээ итгэдэггүй, үнэлдэггүй учраас л хэдэн арван мянгаараа монгол залуус эх орноосоо, эцэг эхээсээ, хань ижлээсээ, үр хүүхдээсээ алс хол, харь нутагт хатуухан хэлэхэд боолын хөдөлмөр эрхлэхээр зүтгэж байна шүү дээ.

БАРИМТ3

Иргэндээ аж ахуйн нэгж нь итгэхгүй байгаа бол аж ахуйн нэгждээ төр нь итгэдэггүй бас нэгэн баримтыг танилцуулъя. Та бидний бүгдийн сайн мэдэх “Нарны гүүр”-ийг япончууд барьж өгсөн нь саяхных. Хийц, чанарын хувьд гайхагдах энэ гүүрийн урт нь 262 метр, төсөвт өртөг нь 161.4 тэрбум төгрөг юм. Япон инженер, япон барилгачид маш сайн барьсныг ч бүгд мэднэ. Тэгвэл энэ гүүртэй хийц чанарын хувьд ялгаатай ч уртын хувьд ойролцоо “Маршалын гүүр”-ийг Монголын аж ахуйн нэгж барьсан байдаг.

Гэхдээ 258 метр уг гүүрийн төсөвт өртөг нь ердөө 4.3 тэрбум төгрөг. Хэрвээ Монголын аж ахуйн нэгждээ Монголын төр нь итгэсэн бол 161.4 тэрбум төгрөгөөр “Нарны гүүр”-ээс дутахгүй чанартай гүүр барьж чадах нь гарцаагүй билээ.

БАРИМТ4

Иргэн нь төрдөө, төр нь иргэндээ итгэдэггүй бас нэгэн жишээ бол “Эрдэнэс Оюутолгой’’-н зөвлөх үйлчилгээ авсан баримт юм. Хөгжлийн банкны санхүүжилтээр 17.5 тэрбум төгрөгөөр АНУ-ын “Painter law firm’’-ийг “Эрдэнэс Оюутолгой” компани хөлсөлж, хуулийн зөвлөгөө авч байсан нь хэдхэн жилийн өмнөх үйл явдал. Дэлхийн шилдэг 100 хуулийн компанийн тоонд ч багтдаггүй, бараг хэний ч мэддэггүй “Painter law firm”-д Монгол Улс 17.5 тэрбум төгрөг төлсөн хэрнээ Монголын хуульчдаа тоож хараагүй нь бас л итгэлтэй холбоотой. Учир нь, дэлхийн топ-100 хуулийн фирмүүдэд Монголын 12 хуульч амжилттай ажиллаж, алдар нэрээ цуурайтуулсаар л байгаа. Гэвч тэднийг бус, гадныханд итгэсэн учраас л 17.5 тэрбум төгрөгийг Монгол Улс зөвлөх үйлчилгээний төлбөрт төлсөн байдаг. Мөн та бидний өдөр болгон ухаж байдаг “Facebook”, “Samsung”, “Google” зэрэг өч төчнөөн дэлхийн хэмжээний компанид монгол залуус ажилласаар, амжилт гаргасаар л байгаа. Харамсалтай нь, тэдэндээ төр нь итгэж ажил олгохгүй, тэд ч төрдөө итгэж Монголдоо ажиллахгүй байна.

ИТГЭЛ АЛДСАНЫ БАС НЭГЭН ТӨЛӨӨС

Итгэлийн тухай энэ мэтчилэн баримтууд хөвөрсөөр байна. Үнэ цэнийг нь илэрхийлж болох мөнгөн дүн ч өссөөр. Саяхан даа, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Солонгос Улсад очиж эмчлүүлж байгаа тухай мэдээ хэвлэлийн хуудаснаа гарч байсан. Эрүүл мэндийн сайд нь салбартаа итгэхгүй байхад иргэд итгэхгүй байх нь зүй ёсны хэрэг биз. Тэгвэл бид эмч нартаа, эрүүл мэндийн байгууллагадаа итгээгүйгээс үүдэж хэдэн төгрөг төлдөг бол. Солонгосын аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаанаас харахад зөвхөн нэг жилд 200 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 80 сая ам.долларыг монголчууд Солонгост эмчилгээ хийлгэхэд зориулдаг ажээ. 200 тэрбум төгрөг гэдэг Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын сүүлийн гурван жилийн бүх хөрөнгө оруулалттай тэнцэх дүн. Дээр нь БНХАУ, ОХУ, Европын орнууд, Энэтхэг, Тайланд зэрэг улсад эмчилгээ хийхэд зарцуулсан мөнгийг тооцвол энэ тоо хэд дахин үржигдэнэ. Орон гэрээ зараад, зээл тусламж аваад, хандив цуглуулаад олсон мөнгөө гаднын эмнэлэгт үндсэндээ “тушааж” байгаа. Энэ бол төр нь итгэл төрүүлж чадахгүй байгаагийн л төлбөр нь, төлөөс нь.

МОНГОЛД ДЭЛХИЙ ИТГЭДЭГ ҮҮ?

Бид өөр хоорондоо, дотооддоо итгэл гээч юмыг алдчихаад байгаа энэ үөд Монголд, бидэнд дэлхий ертөнц итгэдэг болов уу. Сүүлийн арван жилийн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг харвал монголчуудад итгэх итгэл алдарсаар байгаа нь мэдрэгдэх болно. Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалт 2012 онд 6.44 тэрбум ам.долларт хүрч байсан бол өнгөрсөн 2016 онд ердөө л 1.9 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. Энэ бол бидний үнэлэмж уруудаж байгааг, итгэлийн индекс алдарч байгаагийн нотолгоо юм. Энэ талаар Б.Баярмагнай “Монголыг гадаад ертөнц уул уурхайн орон гэж харж байгаа. Бидний мөнгө олдог гол зүйл ч уул уурхайн бүтээгдэхүүн. Гэтэл бид өнгөрсөн 11 жилийн хугацаанд уул уурхайн салбарыг зохицуулдаг хууль, эрх зүйн орчиндоо 28 удаа өөрчлөлт хийсэн байна. Байнга тоглоомын дүрмээ өөрчилсөөр байвал бидэнд хэн итгэх вэ?” гэж хэлж байлаа.

МАРГААШИЙН ТУХАЙ…

“Та яагаад итгэл гэсэн сэдвийг сонгож авсан юм бэ” гэсэн асуултад Б.Баярмагнай “Итгэл сэргэхгүйгээр энэ улсын ирээдүйг төсөөлөхөд бэрх байна шүү дээ. Маргааш уг нь мартагдах учиргүй юм. Харамсалтай нь, монголчуудын олонхи маань зөвхөн өнөөдрөөрөө амьдарч байна. Маргааш яах бол гэсэн түгшүүр тэдэнд байхаас маргаашдаа итгэлтэй байгаа хүн тун цөөхөн. Тиймээс л би “Мартагдах учиргүй маргааш” сэдвээр эх орноо тойрч илтгэл тавихаар зорьсон. Зорилготой, итгэлтэй, алсын хараатай хүн маргаашийг мартдаггүй юм” гэж хариулсан.

21 аймаг, хотын бүх дүүрэгт тавих түүний илтгэл 1961 онд БНСУ иргэддээ итгэл өгч, эргээд эдийн засгийн хүчирхэг гүрэн болсон түүхийг давтахыг хүссэнийх аж. Учир нь, Хан мөрөн дээрх гүүрийг зөвхөн солонгос хүн барих ёстой, барьж чадна гэсэн итгэлээр БНСУ-ын Засгийн газар шийдвэр гаргаж, гурван жилийн хугацаанд барьсан түүхтэй. Энэ гурван жилийн хугацаанд барьсан гүүр нь хэдэнтээ нурж, өчнөөн хүний алтан амь үрэгдсэн ч эцсийн дүндээ гүүрээ барьж дуусгаж, “Солонгосчууд өөрсдөө гүүр барьж чадпаа” гэх итгэлийг олсон нь эргээд энэ улсын хөгжлийн замын зургийг заасан гэдэг. Иймээс ч Б.Баярмагнай “Итгэлийн эрэлд…” гарч, үг-үйлдэл-үр дүн гурав нь яв цав нийцдэг “Мартагдах учиргүй маргааш’’-ийн төлөө яваа ажээ. Үнэхээр ч түүний хэлсэнчлэн ирээдүйдээ итгэлтэй хүн маргаашийг мартана гэж байхгүй билээ.

Н.БАТ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.