Баянхонгорт асгарсан цианидын тухай яагаад хэн ч дуугарахгүй байна вэ

223191-20032018-1521515688-1698881575-6(1)Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид асгарч, ажилчид нь цианидын хордлого гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад Хордлого судлалын үндэсний төв рүү шилжсэн талаар манай сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Уг мэдээллийн араас “Тэд цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан” гэсэн үгс сонсогдож, болсон явдлыг баллаж, бүдэгрүүлэх гэж оролдож байна, хордсон иргэдийг хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг анхааруулж, амыг нь хамхисан гэх мэтийн яриа орон нутагт түгээд буй. Дээрээс нь харьяа яам, хууль, хяналтын байгууллага өнөө хүртэл таг чиг байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан цианид хэмээх хорт бодисын аюулыг биеэр амсаж, тэдний удаан хугацааны тэмцлийн үр дүнд тухайн үед ажиллаж байсан Ерөнхий сайд С.Баяр “Уршигтай асуудлыг урьдчилж харах мэлмий дутсандаа, аюул учирсны дараа аврал, түшиг эрсэн хэрэгтэй тэр цагт нь үүргээ бүрэн биелүүлээгүйдээ Монголын төр Хонгор сумын иргэдээс уучлал гуйж байна” хэмээсэн нь одоо бараг л мартагджээ.

Гэсэн хэдий ч зам зуурын улс Хонгор суманд буудаллаж цай уухаас жийрхдэг, хотынхон Хонгорын ногоо гэвэл авахгүй тойрдог хэвээрээ. Хонгор суманд нүүрлэсэн энэ аюул Баянхонгорт давтагдахад ойрхон байна. Алтны эрэлд мордогсдынхоо тоог алдаад буй Монгол Улсын хэмжээнд “Баян-Айраг эксплорэйшн”, “Тэнхун”, “Спэйшл майнз” гэсэн гурван компани л цианид хэрэглэх зөвшөөрөлтэй гэхээр энэ бодис тоглоом биш нь ойлгогдох биз.

Мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй, маш хортой хэмээн тодорхойлдог энэ бодисыг алдсан нь үнэн бол ингээд дараад өнгөрөөж болохгүй гэж үзээд бид газар дээр нь ажиллаж, юу болсныг илүү тодорхой болгохыг хичээн, доорх сурвалжилгыг бэлтгэлээ. Энд дурдсан бүхэн тодорхой, баттай эх сурвалжийн мэдээлэл болно.

ТАВАН ТОННЫН САВНААС ШАХСАН ЦИАНИДЫН УУСМАЛ 30 ОРЧИМ МИНУТ ХАЛЬЖ АСГАРСАН НЬ ДҮРС БИЧЛЭГТ ҮЛДЖЭЭ

Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид алдсан явдал энэ сарын 5-нд гарчээ. Тус компани үйлдвэрлэлд зориулж шахмал болгосон цианидыг усанд найруулж, уусмал бэлтгэн алт ялгахад ашигладаг аж.

Баяжуулах үйлдвэрийн сэндвичэн барилга дотор цианидын уусмал хадгалах өрөө байх агаад тэнд нэг удаадаа таван тонн уусмал бэлтгэдэг гэнэ. Үүний тулд 400 кг цианид хийдэг аж. Энэ нь тус уурхайн нэг сарын хэрэглээ. Таван тоннын багтаамжтай савнаас уусмалаа нэг тоннын сав руу хатуу хяналтын доор хэсэгчлэн шахаж, түүнээ бага багаар үйлдвэртээ ашиглах горимтой байтал тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур яагаад ч юм бэ дарагдаж, хорт уусмалыг хяналтгүйгээр шахсан байна.

Шахуурга нь ажилласнаар таван тоннын савнаас нэг тоннын багтаамжтай сав руу цианидын уусмал шахагдаж, 30 минутын турш хальж асгарсан нь камерын бичлэгт үлджээ. Уг бичлэгийг аймгийн Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан ажлын хэсгийнхэн үзсэн бөгөөд компанийн мэдээллийн технологийн ажилтан байхгүйгээс хуулж авч чадаагүй, араас нь өгнө хэмээн амласан гэсэн.

Нотлох баримт болох бичлэг устчихалгүй хуулийн байгууллагад ирнэ гэдэгт найдъя. 30 минутын хугацаанд хэдий хэмжээний цианид асгарсныг тооцсон хүн одоогоор байхгүй бөгөөд “Спэйшл майнз”-ынхан “Хорт бодистой уусмал хүн, амьтны эрүүл мэндэд нөлөөлөхгүй, хаягдал ус цуглуулах саванд орсон” гэж шалгалтаар очсон ажлын хэсгийнхэнд итгүүлжээ.

Харин зарим эх сурвалж тухайн өдөр хаягдал ус цуглуулах сав нь ч дүүрч, халин, цианидтай ус их хэмжээгээр асгарсан талаар хэлэв. Тэгэхээр “Спэйшл майнз” компанийн баяжуулах үйлдвэрт цианид алдагдсан нь гарцаагүй үнэн болж таарлаа. Үүнийг холбогдох байгууллагууд ч нотолж байна.

Харин юунаас болж, яагаад ийм явдал болсныг тайлбарлах хүн алга. Аймгийн хууль хяналтын байгууллагынхан “Хүн очиж тэр товчлуурыг дараагүй. Уурхайнхан баяжуулах үйлдвэрийн хаягдлын далан шинээр байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор 13.00 цагийн үед тэсэлгээ хийсэн юм билээ. Тэсэлгээний доргилтоос цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур нь дарагдсан болов уу” гэсэн таамаг төдий хариулттай сууна. Химийн хорт бодис ашигладаг, тэр ч утгаараа аюулгүй ажиллагааг бүхнээс илүү хангаж, онцгой горимоор ажиллах ёстой үйлдвэрийн хор шахах шахуурга хаа хол тэсэлгээ хийхэд ажиллана гэдэг, хорт бодис нь хагас цагийн турш хальж гоожиж байхад хэн ч мэдэхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ.

Аюулгүй ажиллагаа, стандарт гэдэг зүйл энэ үйлдвэрт байдаг гэж найдаж болох уу. Анхаарахгүй орхиж боломгүй өөр нэг зүйл бол тус компани тухайн үед ямар нэг зөвшөөрөлгүйгээр ил тэсэлгээ хийжээ. Хаягдлын далан байгуулах төсөлд ил тэсэлгээ хийх тухай тусгаагүй байж. Гар аргаар ухахаар заасан газрыг өөрсдийн дураар тэсэлсэн нь тус компанийнхан дүрэм, журам, зөвшөөрөл сэлтийг хэр хэрэгжүүлдгийг илтгэх нэг жишээ болов уу.

Үргэлжлэлийг эндээс

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих