“ӨНДӨР” ДОГМИД /Өгүүллэг/

15233301595acc2c6f4defdОлоон жилийн өмнөх шинэ жилээр аглаг хөдөөгийн суманд болсон нэгэн явдлыг дурсъя.
1980-аад оны үед Шинэ жил нь сумын төвд болдог хамгийн сайхан баярын нэг байлаа. Өвлийн өвөө нь монгол дээл, үнэгэн лоовуузтай, цасан охин ч жимбийсэн хөх торгон дан тэрлэгтэй орж ирнэ. Өвөөгийн дагуулууд болох арван хоёр жил байна. Хулгана нь ийш тийш бултагнаж гүйгээд л, нохой гараад ирэхээр айж, үхэрний нуруу өөд асахад заал дүүрэн нирхийгээд явчихна даа. Бүгд л том том баг өмсөнө. Тэгээд зогсохгүй арван хоёр салаа эвэртэй буга, салан баавгай хүртэл тэднийг дагалдана. Яах ч аргагүй цэвэр цусны монголын өвлийн өвгөн залардаг байжээ. Одоогийнхтой адил алс нутгийн Санта үзэгдэхгүй шүү.
Байгууллагуудын ханын сонин, зурагт хуудасны уралдаан АСК гэгддэг асуулт хариултын тэмцээн, багт наадам, бүжиг цэнгүүн гээд л… Багачууд, томчуудгүй “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Боролдой, Долдой хоёр шиг дүр төрхтэй Хавтгай, Шовгор хэмээх гозгор, тагдгар хоёр алиалагчаа тэсч ядан хүлээнэ. Тэвэрт багтамгүй шахам том дурангаа савчуулсаар, хашгирч гуугачсаар гарч ирэхэд клубын заал хөөрөөд явчих шиг болдогдоо. Тэр том дурангаараа ажлаар хоцорсон, муу сурсан, архи ууж хэрэг тарьсан нөхдүүдийг заримдаа дурандана. Сумын сайчуулаа ч зарлана, үймүүлнэ, алиална. Багны цаана хэн байгааг нь таах гэж бид мачийцгаана даа.
Тэдгээр баг, сүлд модны чимэглэл тэргүүтнийг хийх, элдэв тэмцээнд бэлдэх гээд бараг л хагас сар бужигнадаг байв шүү.
Нэгэн тийм шинэ жилээр… Миний бие шинэ жилийн нөхөрсөг шог зургийн уралдаанд оролцлоо. Сумын сайн малчдын нэг Өндөр Догмид гэдэг хөгшин байх. Намхаан тогжгор болохоор нь л нутгийнхан өхөөрдөж “Өндөр” гэсэн хэрэг л дээ. Хөдөлж гишгэх нь хүртэл хүүхэд мэт хөнгөн шингэн Өндөр ах үнэхээр малч хүн. Тэр жил улсын аварга малчин болсон билээ. Догмид гуайн бойжуулсан хурга нь бараг л төлөг шиг. Тэгээд энэ сайн талыг нь баахан дөвийлгөх санаатай Догмид ахыгаа хургаа унаад, эхийг нь дүүрээд инээчихсэн, өвсний толгойг бөхөлзүүлэн, өндөр хөтлийг хотолзуулан давхиулж яваагаар зурлаа даа. Далан худалчийн үлгэрт гардаг ботгыг нь унаад, эхийг нь дүүрээд явдгаас санаа авсан хэрэг. Хэрдээ л хичээсэн учир овоо сайн зураг болов. Харсан болгон л “Үгүй нь өндөр Догмидийг ээ, яг шүү” гэцгээж, эрчүүд мар мар инээж, авгай хүүхнүүд хошуу амаа даран жийг жууг хийнэ.
Зурагныхаа доод талд нь Догмид ахын бойжуулсан хурга нь эхийгээ эзэнтэйгээ тээгээд явчихаар тэнхээ чадалтай төрдөг, тийм сайн, мундаг малч хүн дээ гэсэн санаатай шүлэг ч хавсаргалаа. Тэр шинэ жилийн үдшийг чимсэн нэг зүйл нь миний хэдэн нөхөрсөг шоглолууд байсан юм. Энэ бүтээл маань Нөхөрсөг шог зургийн уралдааны түрүү шагнал болох баярын бичиг, 10 төгрөг, оросын “Ленинград” гэдэг усан будаг, бийрний комтой гардаж авдаг юм байна. Тэр “Ленинград” будаг чинь нэн ховор, мэргэжлийнхэнд хүртэл олддоггүй эрдэнэ байв.
Гэтэл шинэ жилийн дараа би хүсэн хүлээж байснаасаа огт өөрийг үздэг байгаа. Догмид ах хөдөлмөрийн алдрыг нь мандуулсан надад баярлах нь бүү хэл бүр гомдоод, уурлаж, уйлж байна гэж дуулдлаа. Өөрийг нь аймшигтай муухайгаар доромжилсон гэж үзэж байгаа гэнэ. Би ч яаран тэднийхийг зорив. Уулзаж, ярилцах хэрэгтэй биз дээ. Намайг гэрийнх нь доод хошуугаар дэргүүлээд гарч ирэхээр Догмид ах мордоод хойт хамар өөдөө давхичихав. Гэргий нь уг нь их сайхан цайтай, ид уу болсон сайхан хөгшин. Өмнө нь би тэднийхээр олонтаа орж гарч, идэж ууж явсан. Гэтэл надтай хүний урманд хар цагаан ч дуу байдаггүй шүү. Бүр харах ч үгүй. Би яалтай ч билээ. Отож байгаад хониных нь бэлчээр дээр давхиад очихоор хонио хаяад зугтаачихна. Нэг удаа сумын төвийн Хоршооны дэлгүүрт санамсаргүй тааралдсанд нүүр буруулж зөрөөд гарчихав.
За, ингээд би гэдэг хүн, хүн хөгжөөх, хөөргөх гэсэн биш баахан сэтгэлийн зовлонтой явах болов оо, хөөрхий. Уг нь айл аймаг явдаг улс чинь нэг нэгнийхээрээ орж гарч, ярьж хөөрч, хэрэлдэж хэлцсэн ч гэсэн дараа нь мэнд устай явдаг даа. Тиймгүй байна гэдэг, тэр дундаа Өндөр ах шиг хүнтэй тийм тангараг тасарсан байдалтай байна гэдэг сэтгэлд нэн тээртэй. Тайлбарлаж ойлгуулахаар Бригадынх нь даргыг, хүний бага эмчтэй нь Догмид ахынх руу явууллаа. Сонсдоггүй гэнэ дээ. Догмид ах “Тэр хүү намайг хүний муугаар муухай доромжилсон, би түүнд муу юм хийгээгүй л юмсан, ёстой муу, муухай хүүхэд” гэж хэлжээ. Сүүлдээ “Би ямар доромжилсон биш, иймхэн нөхөрсөг шогийг ойлгохгүй, зөнөгтөөд байхдаа яахав дээ” гэсэн шүү юм бодогдож, уур, эгдүү ч хүрэх болов.
Гэтэл түүнээс бүр ч хачин явдал болов. Тэр хавар нь хөдөөгүүр тэнэж яваад аварга малчин Балжир гуайнд дөрөө мултлав. Яг л хатиартсан ишиг шиг бас нэг жижигхэн матигар хар ах байх. Балжир, Догмид ах хоёр нэг довон дээр эрхэлж өссөн хоёр. Аль аль нь л аварга малчид. Гэвч тэд хоорондоо үргэлж өөг сөөг гэлцдэг л юм гэнэ билээ. Юунаас ч болдог юм, бүү мэд.
Балжир гуайн хөгшин нь бууз жигнэж, мах чанав. Авдрынхаа мухраас цагаан бөгстөд дарсан хур нэрмэл гаргалаа. Балжир ахтай нэрмэл шимж, элдвийг хүүрнэж, дуулалдаж хоновоо. Мань хүн байсгээд л миний мөрөөр тэвэрч, “Ахын дүү, ахын дүү ч аатай даа” гэж дотносно.Балжир ах тэгээд ирэхээрээ л аюултай хүн явуулдаг юм. Гэвч тэр удаад гайгүй шиг. Өглөө мордоход Балжир ах дал мөрөн дээр пад хийтэл алгадаад
- Ах нь ч цаад муу Догмид нохойг ганц сайхан чадсан шүү. Хэ хэ. Болж муу хуна, хатиар нохойг… Өтөлж чадахгүй дандаа өрвөгнөж явдаг юм. Би чаддагсан бол яг тэгэж тэлээ хурга унаад, хожгор толгойлчихоод явж байгаагаар зурах байлаа. Харин дүү хүү, чи ч …, ёстой сайхан гэж байна.
- Та Өндөр ахыг яачихсан юм? гэвэл
- Би Догмидийг шинэ жилийн дараа баахан цаашлуулж явуулсан юм. Цаадах чинь хэр их түгдэгнэж байна? Нэг түгдэгнэхээрээ эгдүүтэй гэдэг нь, хэ хэ гэдэг байгаа.
Гомдож урвайсан Өндөр Догмид ахын царай тэр даруй нүдэнд харагдах шиг болж, тэгтлээ ихээр уурлаад байсны шалтгааныг сая л нэг юм ухав.
- Өө, хэргийн эзэн нь Та байсан юм уу? Өндөр ах уурлаад надтай хар цагаан дуугүй болсон гэвэл Балжир ах пар пар хөхрөөд,
- Тэгэж л байг. Догмид маань хүүхэд хэвээрээ л өтлөх юм даа. Тэгэж байгаад цаадах чинь бүүр эсрэгээрээ эргэдэг юм. Чи харж л байгаарай. Ах нь занг нь мэдэлгүй дээ гэлээ.
Тэгээд Өндөр ахыг хэрхэн далан таваар нь буулгаж авах арга ухаан заав. Намар нь Далан булагийн адагт айлын хүүхдийн даахин дээр Өндөр Догмод ахтай таарлаа. Ах хүү хоймор голлосхийн, нэлээд халамцуу, халбайчихсан сууна. Үг сүг ч үгүй, найрласан олны өмнүүр зүтгэсээр хойморт заларсан Догмид ахын өмнө очиж өвдөг сөхөрч, хормойноос нь зуурч, судас нь гүвэлзсэн мойтгор бор гарыг нь илж байгаад “буруугаа” наминчилж гарлаа. Өндөр ах олны өмнө шууд босоод явчихаж чадсангүй бололтой, сархдад баахан халчихсан байснаас тэр үү, надруу улаан нүд эргэлдүүлэн сүрхий ширүүн, бас гайхаж цочирдсон мэт ширтээд гөлөрчихөв. Бодож бэлдчихсэн байсан болохоор уран миний үгийн уран болоод ундарч урсаж байх гэж жигтэйхэн. Яг л Балжир ахын зааснаар аяглав. Сархдын аагт сэтгэл минь ч нэлээд хөөрчихсөн байсан юм. Тэгтэл өнөөх буруу харж, бухан хүзүү гарган зөрүүдлээд байдаг Догмид ах маань гэнэтхэн хүүхэд шиг асгартал уйлаад, толгойг минь энгэрээ задгайлчихсан, хөлс үнэртсэн элгэндээ наагаад авдаг гэнэ.
- Ах нь дүүдээ үнэхээр хачин их гомдож явсан шүү. Их гомдож явсан. Уг нь чи бид хоёр хоёулаа тийм муу, муухай хүмүүс биш л юмсан. Чи бид хоёр чинь уг нь мөнчиг сайхан л хүмүүс дээ гээд л намайг үнгэж, нус нулимсаараа нүүрийг минь нялгадаж, эхэр татаж ирээд уйлж гарав.
Өвгөнийг уран гоё үгээр хөөрхөн аргалж, хуураад асуудлыг зохицуулчихьяа гэж бодож явсан би ч тэр хүний хүүхэд шиг эгэлгүй гэнэхэн сэтгэлд нь хайлж тэсэлгүй дагаад нэрж гарлаа. Найрчид эхлээд бид хоёрыг баахан гайхаж, харж хачирхаж байснаа, “Хүүхдийн найран дээр хөгшин, залуу согтуу зөнөгүүд нус нулимс боллоо, гарцгаа” гээд хөөсөнд, хоёул тэврэлдсэн чигтээ хаалгаар нь багталцаж ядан гарч билээ.
Тэгээд Өвөр Тарамын голыг шувтартал, Ар Цайдамыг сэнсэртэл, айл амьтныг нь залхтал, асар басрыг нь дастал, ардаг хүрэн, агсам хүрэн хоёр морио богштол бүтэн долоо хоног наргисан даа. Айлын баруун хаяагаар хаясан адсаган дээр ах дүү хоёр шиг тэврэлдэж тасраад л, амраг хос шиг айлын морины уяан дээр хөтлөлцөж алхаад л… Хавийн хүмүүс “Энэ хөгшин залуу хоёр тэнэг одоо зэрэгцээд зөнөж, эсвэл архины цагаан солио тусаа юу даа” гэж гайхацгаасан гэдэг.
Өндөр Догмид ах нуруу намхан ч сэтгэл нь өндрөөс өндөр, Балжир ах хатуу тоглоомтой ч алсуураа халуун элэгтэй, цөлх ухаантай. Ийм л хүмүүс дээ…
Б.Номинчимэд
2006.12.26


URL:

Сэтгэгдэл бичих