Цахиур хагалсан цахим хуудсууд

2004 онд тэр үеийн “Мэдээллийн технологийн газар”-ын дарга Ч.Сайханбилэг “Айл бүрт Комьютер” хөтөлбөрөө танилцуулж байхад “Үлгэр шиг юм ярилаа” хэмээлдэж байсансан.

Гэтэл өнөөдөр компьютертэй айлыг тоолсноос компьютергүйг нь тоолсон нь амар болжээ. Цахим тооцоолуурыг монголын нийгэмд ингэж хурдацтай нэвтэрснээр, зүйл бүрийн боломж нээгдсэний хамгийн чухал нь интернет. Мессенжер хаягтай нэгнээ их л орчин үежсэн соёлт иргэнд тооцдог байсан цаг хэдийн ард хоцорч, интернет худалдаа, сонин захиалга, телевизийн нэвтрүүлэг шууд үзэх гээд хулганасаа л айдаггүй бол дэлгэцнийхээ өмнө суугаад дэлхийг тойрох боломжтой болжээ.
Цахим хэрэглээ шинэ түвшинд гарсан өдгөө цагт мэдээлэлийн аюулгүй байдлаас эхлээд садар самууны хэт задгайрал зэрэг сөрөг үзэгдэлүүд гарах нь мэдээж. Эдгээр сөрөг үзэгдэлүүдийг нэгтгээд авч үзвэл цаана нь нэг л үр дагавар гарч ирнэ. Энэ бол сэтгэлгээний ядуурал. Мэдээлэлийн үнэгүйдэл араасаа сэтгэлгээний ядуурлыг дагуулдаг аж. Мэдээлэл хэдий чинээ задгайрч хөөсөн шинж чанарыг олнов мэдлэгт хувирах чадвар нь төдий чинээ чинээ буурдаг нь манай үеийн залуусын явдал суудлаас харагдана.
“I pod”-ндоо ертөнцийг багтаачихсан юм шиг санаж, хотоор нэг гунхалдах манай үеийн баатруудын дунд өөрийн ертөнцөө өөрийнхөөрөө өөрийн эх хэлээрээ илэрхийлж, түүнийгээ нийгэмд ач тусаа өгөхүйц үр шимт мэдээллийн урсгалд хувиргаж буй нь хүмүүс ч бас байна. Энэ талаар манай сонин бас нэгэн шинэ булан эхлүүлж, ирээдүйд улам үнэд орох тийм хөдөлмөрийг сайн дураараа эрхэлж буй сайн хүмүүсийн тухай танилцуулхаар боллоо.
Цахим ертөнцөд хамгаас ихээр уншигддаг бичлэгийн төрөл бол мэдээж зугаа цэнгээн болон улс төр. Ямар ч асуудлыг зугаа хошигнол, улс төртэй холбож болно гэдгийг цахим орон зайн бичээчид яруу тодоор харуулна. Борооны өмнөх мөөг адил сонгууль угтан гарч ирсэн цахим хуудсууд бол энэ бүхний илрэл. Шар хэвлэл болон өдөр тутмын сонины хэл найруулгын хосолмол шинжтэй эдгээр цахим хуудсууд нийгэм хэвлэл мэдээлэлийн зах зээлээс сонинуудыг эрчитэй шахаж буй нь цаашид дагнан судлууштай сонирхолтой үйл явц болж байна.
Гэхдээ дээр өгүүлсэн бүхэн бидний онцлон авч үзэх цахим хуудсуудтай төдий холбоогүй юм. Ерөөс утга соёлын чиглэлээр цахим хуудас ажиллуулна гэдэг орлого ашиг хайсан хүний хийдэг ажил огт биш. Ийм хуудас дагнан хөтлөгчдийн олонх нь хувь уран бүтээлч, судлаачид эсвэл урлаг, эрдэм судлалын ажилд чин сэтгэлээ өгсөн “Amateur”-ууд байдаг. Барууны орнуудад ийм бичээчид нэгдэн хүчирхэг сүлжээг бий болгосон байдаг. Тухайлбал Францын өдөр тутмын “Le Monde” сонины дэргэд “Les Lunettes Rouges” буюу “Улаан шилтэнүүд” хэмээх урлагийн цахим хуудасны сүлжээ байдаг. Хэдэн мянган хуудсыг нэгтгэсэн уг хүчирхэг сүлжээнээс зөвхөн эмэгтэй хүнийг дүрсэлсэн сонгодог зургуудын тухай блогийг ч олж үзэж болно. Манай өдөр тутмын сонинууд энэ талаар анхааралдаа авч нийтлэлчдийн клубүүдийнхээ үйл ажиллааг энэ чиглэл рүү эргүүлэх нь алсыг харсан алхам болох биз ээ.
Утга соёлын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас монголд цөөнгүй бий. Тэднээс нийтлэлийн болдлогын далац, мэдээлэлийн сангийн хэмжээг нь харгалзан үзэж эдгээр гурван сайтыг эхний ээлжинд онцолж байна.
Энэ намар “Монголын соёл яруу найргийн академи”, түүний тэргүүн яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн санаачлага идэвхийлэлээр “www.muzo.mn” хэмээх цахим хуудас нээгдсэн юм. Уг хуудас нь “Монголын уран зохиолын цахим санг бий болгох” хэмээх том зорилгыг өмнөө тавьсан юм. Манай хойд хөршид л гэхэд ийм сангууд зүйл бүрээрээ, бүр уран зохиолын төрөл төрлөөрөө байдаг. Хүүрнэл зохиолоос эхлээд орчуулга, шүүмж судлал гээд уран зохиолын бүх бүх л хэлбэрийг хамарсан энэ цахим хуудсанд тавигдсэн бүтээлийн тоо мянга нэгэнт хол давсан байна. Сонгодог уран зохиолын өв сан болон шинэ үеийн уран бүтээлчдийн бүтээлийг бүрэн эхээр нь унших боломж олгож буйд уг хуудасны ач холбогдол оршиж буй юм.
Удаах цахим хуудас бол зохиолч Г.Аюурзаны “www.ayurzana.mn” юм. Утга зохиолын шинэчлэлд бүхий л уран бүтээл, цаг заваа зориулсан энэ хүнийг нийгэм өдгөө “Соён гэгээрүүлэгч” хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Зохиолч Г.Аюурзаны хувьд энэхүү алхам нь цахим орон зай дахь өөрийн уншигчиддаа илүү ойр байх, уран бүтээлээ түгээн дэлгэрүүлэх илүү хялбар, хүртээмжтэй арга замыг гярхай олж харсан хэрэг юм. Уг цахим хуудаснаас зохиолчийн зохиол бүтээлээс гадна аян замын тэмдэглэл болон уран сайхны шүүмж, ярилцлага зэргийг олж үзэх боломжтой.  Түүнчлэн www.bolod.mn мэдээллийн архив сайтааc 2005 оноос хойших монголын tv, хэвлэлийн бүхий л мэдээллийг унших боломжтой, мөн монголын эмэгтэйчүүдийн өдөр тутмын мэдээллийн www.miss.mn сайтаар зочилж хэрэгтэй мэдээлэл авах боломжтой.
Эцэст нь онцлох цахим хуудас бол “www.greenbough.mn”. Утга зохиол судлал, Хэл шинжлэл, Олон улсын харилцааны чиглэлээр МУИС-д суралцдаг гурван магистрант энэ хуудсыг хөтөлдөг. Хэл соёлын чиглэлээр эрдэм шинжэлгээний ажил хийдэг манай томоохон зохиолч, эрдэмтэн судлаачдын зохиол, өгүүлэл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг цахим хэлбэрээр хүмүүст хүргэх зорилготой энэ хуудасны нэр нь “Ногоон мөчир”. “Сэтгэлийн модны мөчрөө мөнхөд ногоон байлгаваас итгэлийн дуут шувууд эгнэгт үүрээ засна” гэсэн уриатай энэхүү цахим хуудаснаа одоогийн байдлаар гуч гаруй эрдэмтэн судлаачдын, дөч гаруй өгүүлэл нийтлэгдээд буй аж.

Өдөр ирэх тусам өсөн хөгжиж буй цахим орчин, түүнийг дагах мэдээлэлийн давалгаан дундаас үр өгөөж бүхий бодит мэдээлэлийг олж авах нь улам бүр чухал болж байна. Нэн ялангуяа, хэл соёлын дархлаа хэврэгшиж буй энэ цагт дээрхийн адил цахим хуудсуудыг дэмжих хэрэгтэй юм. Дэмжхийн тулд хүч зарах шаардлагагүй. Зүгээр л хайлтын системд хаягийг нь бичээд “ENTER” товч дархад хангалттай.
Я.Баяраа /МОНЦАМЭ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.