Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ байхад би баян байсан

37

Хагарсан чулуу дахиад эвлэдэггүй шиг
Үнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Үнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан…
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуу тивийн наран над дээр л асгардаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд
Аараг толгодын элс алтаар нурдаг байсан
Бөртөн бөртөн зэрэглээ хормойтой тинь орооцолдож
Бүжин бор хөлийн минь сайрыг долоодог байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурханы өвөр дээр тоглодог байсан
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан
Ижийтэйгээ байхад би баян байсан
Уул уулын орой уулзадгүй шиг
Үнэнээ хэлье
Эсээ шатааж хэль
Урсгал усан эргэж уулзадгүй шиг
Үнэнээ хэлье
Цусаа буцалгаж хэлье
Ижийгээ амирласнаас хойш би гуйлагчин болсон
Гэхдээ…
Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлагчин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан
Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон
Чиний үзэгслэнд өөрийн чинь юм нэгч байхгүй
Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх
Төрсөн бие чинь газар эхийнх
Нулимс чинь хөх булгийн ус
Инээд чинь хөөрүү хадны цуурай
Эрвэлзэх сормуус чинь хиаг өвсниих
Элбэг сөвх чинь харвасан ододынх
Илүү зангүй дөлгөөн чинь уулынх
Их тунгалаг зүс чинь сарных
Өнгө ,сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэгслэн чинь
Өгсөн юм болхоороо буцааж чамаас авна
Гайхуулж яваа үзэгслэнгээс чинь
Ганц ч юм чинийх бишээ амраг минь


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.