Ирэх сонгууль АН-д хангалттай дүн тавиад өгчихнө

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийгэмд ханш уналтаас үүдсэн бухимдал үүсчихлээ. Эдийн засагч хүний хувьд учир шалт­гааныг хэлж өгөөч?

-Өнгөрсөн тав дахь өдрийн оройноос бен­зиний үнэ нэмэгдлээ. Жи­жиг­лэнгийн бараа, үйл­чилгээний үнэ бүгд хөө­рөгд­лөө. Эдийн засагч хүний хувьд тайлбарлахад ханшны уналттай холбоотой л доо. Яагаад гэвэл монголчуудын өдөр тутмын хэрэглээ, бензин шатахуунаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирдэг.

Мөн урт хугацааны хэрэглээ хөргөгч, телевизор гээд бүгд импортынх. Ингэж ханш унахаар үнэ нэмэхээс өөр аргагүй болж байгаа шүү дээ. Харамсалтай юм болж байна.

-Монголбанктай хол­боотой асуудал. Гэтэл энэ зохицуулалтыг Төвбанк яагаад хийж чадахгүй байна вэ?

-Монголбанкнаас зохи­цуулалт хийхгүй байгаад гайхаж байна. Мон­гол­банканд олон жил байсны хувьд энэ тал дээр зохицуулах бололцоотой байгууллага гэдгийг маш сайн мэдэж байна.

Өнөөдрийн байдлаар Мон­гол­банкны зах зээл удирдах чадвар Засгийн газраас гур­ваас дөрөв дахин илүү. Нөөц нь 2.5 их наяд төгрөг, гадаад дотоодын зээлийн шугам гээд бас бус зүйлс бий. Мөн манай  худалдааны гол түнш Хятад улс байна. 700 сая доллартай тэнцэх юанийн зээлийн шугамтай. Ийм бололцоотой байхад ханшийг хөдөлгөхгүй байх бүрэн бололцоотой.

Харин яагаад үүнийгээ ашиг­лахгүй өнөөдрийг хүртэл явчихаад ингэж бухим­далд хүргэж байгаад гай­хаж сууна. Манай бүл­гээс ажлын хэсэг гараад Мон­голбанканд шалгалт хийнэ. Ажлаа мэдэхгүйгээс ийм байдал гаргав уу. Эсвэл санаатайгаар ийм бухимдалд хүргэв үү гэдгийг УИХ-аас гарсан ажлын хэсэг удахгүй тодруулах болно.

-Ийм боломжийг ашиг­лах­гүй байгаа нь Мон­гол­банк­ны ерөн­хийлөгчийг улс­­төрийн томилгоогоор хийд­гийн алдаа. Ханшны унал­тыг ч барьж чадахгүй байна гэдэг чинь энэ сал­барт улстөрийн хүн биш сан­хүүгийн чиглэлийн хүн байх ёстойг илтгэж байх шиг?

-Мэргэжлийн хүн тэнд байна уу, үгүй юу гэдгээс ха­маардаг зүйл биш. Мэдээж тэр хүн ганцаараа шийдвэр гаргахгүй шүү дээ. Шийд­вэр гаргахгүй гээд дуугүй суух биш харин ч бусдыгаа сонсдог, маш их юм уншдаг байх хэрэгтэй. Олон хүнтэй санал бодлоо солилцох хэрэгтэй. Тэгж байж дундаас нь шийдвэр гар­гадаг. Жишээ нь Мон­гол­бан­канд өнөөдрийн байдлаар мэр­гэжилтэн дутагдаагүй. Чадварлаг хамт олон бий. Тэд тодорхой саналаа оруулж л таарна. Эсвэл миний үеийнх шиг санал оруулахаа больсон юм уу, бүү мэд.

-Монголбанкны ерөн­хийлөгч энэ тухайгаа юу гэж тайлбарлаж байх юм бэ?

-Бүлэг дээр энэ талаар мэдэгдэл хийгээгүй. УИХ-аас гарах ажлын хэсэг бланс үнэлгээг нь хийнэ. Тэгээд асуудал тодорхой болно.

-Хэдийд мэдээлэл тодорхой болох вэ?

-Маргаашаас /өнөөдөр/ мэдээллийг нийтэд түгээх болно.

-Бензин шатахууны үнэ дээр огцом нэмдэг монополь хэдэн компани үгсэн хуйвалдахаас ард түмэн залхаж эхэллээ. Үүнийг дагаад үнэ ханшийн өсөлт гэж учир тоймоо алдлаа шүү дээ. Үүнийг ер нь та бүхэн мэдэж байна уу?

-Яг үнэн. Нефтийн үнийн компаниудыг буруутгах ямар ч аргагүй. Нефть импортлогч компаниуд бүгдээрээ үнээ нэмээгүй. Мэдээж авдаг долларын ханш нэмэгдчихээр  шатахуун оруулж ирэхэд дагаад ханш унахаас өөр аргагүй. Гэхдээ Монголын эдийн засаг ойрын хоёр, гурван сарын дотор 20-30 хувиар муудсан уу гэвэл үгүй. Монголчуудын хөдөлмөрийн чадвар 20-30 хувиар муудаагүй. Гэтэл монголчуудын худалдан авах чадвар ханшны уналтаас болоод 20-30 хувь буурчихлаа. Үүнд аль нэг компанийг буруутгах боломжгүй. Бодлогын алдаа болчихоод байна.

-Бодлогын алдаа хаана бай­на гэж хэлэх гээд байна вэ?

-Монголбанканд ханшны бодлого алдагдсан.

-Тэгвэл таны үед ханш­ны уналт болоход ямар зохицуулалт хийдэг бай­сан бэ?

-Монголбанк зах зээлд хяналт тавих хангалттай боломж бий. Үнийг хөөрөг­дөөд байгаа ченж болон банкийг амархан олох бас торгох боломж бий. Валютын нөөцөө хөдөлгөөнд оруулж худалдааг нь ихэсгээд зарчихдаг. Зараад байвал худалдаад авчихдаг байх хэрэгтэй. Зах зээлийн үнэ тогтвортой байж ханш унахгүй.

-Тэгвэл Монголбанкны ерөн­хийлөгчид ченжийн мэд­рэмж муу юм гэж та хэлэх гээд байна уу?

-Хэн нэг хүнийг онцолж буруутгамааргүй байна. Юу ч гэсэн байдлыг харъя. Энэ удаагийнх бол яах аргагүй Монголбанкны том алдаа л даа.

-Бензин импортлогч томоохон компанийн эзэд МАН-ын гишүүд байдаг. Тэд үнэ нэмсэнгүй. Харин АН-ын фракци хоорондын зөрчилдөөнөөс болж энэ чиглэлийн бизнес эрхлэгчид үнээ нэмсэн нь танд юу бодогдож байна?

-Өнөөдөр үнээ нэмээгүй хоёр компани байгаа нь “Петровис”, “Сод Монгол”. Тэднийг улстөрийн өнцгөөс харахад яах аргагүй идэвхтэй МАН-ын гишүүдийн мэдлийнх. Нефть импортлогч бусад компани аль намын харьяаллыг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч манай намд харьяалагддагүй хүмүүс гэдгийг нь мэдэх юм. Тэгэхээр асуудал ойлгомжтой биш гэж үү. Хэн өнөөдөр ард түмнийг хөлдөө чирч, бензиний үнийг нэмээд байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй харж, мэдэж байгаа.

-Ингэж улстөрийн ашиг сонирхлоор дулдуйдан ард түмнийг хөлдөө чирэх ёсгүй биз дээ?

-Зарим нь нэмээгүй байна гэдгээс бүх зүйл тодорхой харагдаж байгаа биш гэж үү. Тиймээс тэдгээр аль нэг намд хамааралтай гэж хардагдаад байгаа компаниудын удирдлагууд намтайгаа зөвлөлд. Бензин шатахууны үнэ нэмэгдсэнээр Монголын нийт иргэдийн амьдрал хохирох ёсгүй шүү дээ.

-Мэдээж хэрэг долларын ханш өссөнөөс үүдэж бензин ша­тахууны үнэ ханш нэмэг­дээгүй. Тэгэхээр улс­төрийн сонирхол харагдаж байгаа юм биш үү?

-Тийм зүйл байж болохыг үгүйсгэхгүй.

-Тийм байдаг юм байна. Тэгвэл АН-ын дарга хам­тарсан Засгийн газраас гарна гэж мэдэгдлээ. АН-ын гишүүд 2012 оны төсвийг өөрс­дөдөө зориулж гаргаж, тойрогтоо чамлахааргүй мөнгө хуваарилчихлаа. Шударга явдал мөн үү?

-Би таамаг хэлээд яах вэ дээ. Ирэх сон­гууль АН-д хангалттай  дүн тавиад өгчихнө. Аль нам нь хэрхэн аашилж аягласан байна вэ. Ямар байр сууриа илэрхийлж байсан, хэн нь өөрийнхөө компанийн бизнесийн төлөө ажилласан бэ гэдэг нь тодорхой болно. Магадгүй шүүгээд дүнг нь тавина биз.

-Та шуудхан хэлчих л дээ. УИХ-ын гишүүд 3.5 тэр­бумыг халаасалчихлаа. Сон­гуулийн мөнгө бос­гочихсон АН-ынханд ард түмний амьдрал, үнэ ханшны уналт тийм ч ач холбогдолтой зүйл биш мэтээр аашлах хэр ёс зүйтэй асуудал вэ?

-2012 оны төсөв бол ард түмэндээ л хийж өгч байгаа ажил болохоос АН, МАН-ын гишүүд өөрсдөө халаасалж байгаа асуудал огтоос биш. Хамтарсан Засгийн газар байгуулж  ард түмэндээ хийж өгсөн зүйлээ боллоо гэж АН-ын үзээд шийдвэрээ гаргаж байгаа бол тэдний л мэдэх зүйл. Харин би л хувьдаа үхэн үхтэлээ улс эх орон, ард түмэн, ар гэрийнхээ төлөө зүтгэсээр дуусна даа.

-Гэхдээ АН хамтарч бай­гуул­сан Засгийн газрынхаа гэрээний дагуу л ажиллах ёстой биз дээ?

-Санал нэг байна.

-2012 онд эдийн засгийн хямрал болно. Хамтарсан Засгийн газар байж үүнийг даван туулна. Гэтэл сөрөг хүчинтэй Засгийн газарт энэ хямрал хүндхэн тусна даа?

-2012 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал Мон­голд нөлөөлөхгүй. Яагаад гэвэл монголчуудын гол ху­далдааны хөрш Хятад улсын эдийн засгийн өсөлт 2012 онд буурна. Гэхдээ Монголоос авах захиалга нь буурахгүй ихэснэ. Хамтарсан Засгийн газар гэхээс илүүтэйгээр монголчууд Хятадын зах зээл дээрх байр сууриа л сайжруулах хэрэгтэй. Улстөрийн тогтвортой байдлаа хангах хэрэгтэй биз дээ. Гол эдийн засгийн хөшүүрэг болж буй уул уурхайн салбарт анхаарахгүй бол болохгүй.

-Гадны компаниуд Зас­гийн газар тогтворгүй бо­лохыг нэлээд ан­хааралтай ажиглаж бай­на. Хууль эрх зүйн орчин тогт­воргүй болчих вий гэсэн болгоомжлол бий юм шиг ээ?

-Тийм болгоомжлол зөндөө бий. Дан ганц уул уурхайн салбар ч биш. Ер нь төрийн зүгээс бизнесийн салбартаа саад болдог практик манайд маш хүчтэй газар авч байна. Засгийн газар байх үгүйгээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа хуульд зөв ойлголцох хэрэг­тэй. Тухайлбал хууль эрх зүйн орчинг монголчуудад яг л адилхан тогтоож өгч байгаа шүү дээ. Бид МАН-ын гишүүн захирлуудад зориулж хууль гаргадаггүй. Аль болох Монголын хөгжилд тааламжтай хууль эрх зүйн орчин хэрэгтэй.

Тэгвэл Монголд мөнгө орж ирнэ. Тэгэхгүй бусдад таалагдах хууль хийгээд байвал Монголд мөнгө орж ирэхгүй. Бид хууль эрх зүйн орчинг сайжруулах гэж оролдсон. Санхүүгийн орчинг таатай байлгах гэж оролдсоны ачаар намуудын 2008 онд амласан амлалт сайн л явж байгаа шүү дээ.

-Нэгэнт тантай уулз­саных  таны нэрийг Сангийн сайдад дэвшүүлэх тухай асуу­дал яригдах боллоо. Бас л боломжийн хувилбар шүү?

-Тэрийг чинь би дур мэдээд хариулдаг юм биш ээ. Хариулдаг улстөрийн хүчин гэж бий. Хүмүүс өнөөдөр бие биеэ өөр өөрсдийнхөөрөө таамаглах боломжгүй юм шүү дээ.

-Гэхдээ таны хувьд намаас санал болговол?

-Уучлаарай энэ асуултад хариулах боломжгүй. Юутай ч АН-ын дарга саналаа хэлсэн болохоос шийдвэр гаргах ҮЗХ нь шийдээгүй байна. Байдал юу болохыг таамаглах боломжгүй.


URL:

Сэтгэгдэл бичих