Хэрэв Ерөнхийлөгч хүсэх л юм бол…
Төрөөс хараат үлдсэн хууль хяналтын цорын ганц байгууллага гэгдэж байсан АТГ-ыг Ерөнхийлөгч үндсээр нь сэлгэж, баруун гараа болгов. Түүний энэ үйлдэл Ерөнхийлөгчийг удахгүй болох томоохон “дайн”-д бэлдэж байна гэх хардлагыг нийгэмд төрүүлсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч яг ямар “дайн”-д бэлдээд байгаа нь бараг тодорхой болж байна. Хэдхэн хоногийн өмнө АН хамтарсан Засгийн газраас гарах болсноо мэдэгдэж, шинэ оны анхны томоохон дуулианыг дэгдээсэн. АН-ын энэхүү гэнэтийн мэдэгдлийг Ерөнхийлөгч намынхаа даргатай хийсэн сэм тохироо хэмээн шивэр авир гэх болов.
Ерөнхийлөгчийн зүгээс шүүх, прокурор, АТГ гээд бүх хүчний байгууллагыг тэр чигт нь атгачихлаа. Энэ бол түүний урган гарсан намдаа үзүүлж буй том хүндлэл, том бэлэг, том “сюрприз”.
Хууль, хүчний салбарыг бүхэлд нь атгачихсан учраас сонгуулийн үеэр нам нь буруу зүйл хийсэн ч яаж ийгээд аргалж дөнгөх хэмжээнд хүрчихлээ гэсэн үг. Ингэхээр Ерөнхийлөгчийн эцсийн зорилго нь намаа ирэх сонгуульд ялуулж, АН-ын Ерөнхий сайдтай болох гэдэг нь илэрхий болов. Үүний тулд Ерөнхийлөгч ямар ч “дайн”-д орж, хэнтэй ч тулалдахад бэлэн болчихоод байна.
Үнэхээр тэр бэлэн болчихлоо. Лениний заасан замаар урагшаа гэдэг шиг яг л экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын замаар хүч түрэмгийлэн урагшилсаар хүчний салбарыг атгаж, Монголдоо “хаан” байтугай “бурхан” шиг хүчтэй болж чадав.
Түүнд Монголын “хаан” болоход ерөөсөө хууль, хүчний байгууллагуудыг базахад л хангалттай байсан. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болохдоо хуулийн байгууллагыг шинэчилнэ гэдэг уриатай гарч ирсэн. Учир нь хууль, хүчний салбарын удирдлагууд бүгд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэх тодотголтой хүмүүс байлаа.
Иймд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж хамгийн түрүүнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагыг сольсон юм.
Тэрбээр 2009 онд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Тогоогийн оронд хошууч генерал Ц.Бямбажавыг томилж, халаа сэлгээнийхээ гарааг эхэлсэн. Ц.Тогоог Ц.Бямбажаваар солиход тийм ч хэцүү байгаагүй.
Харин прокурорын байгууллагыг “шинэчлэхэд” нэлээд бэрхшээл тулгарсан гэхэд болно. Ц.Элбэгдорж бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ганцхан жил үлдээд байсан Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягийг 2008 оны долдугаар сарын нэгнээр шантаачилж, өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхийг тулгасан гэдэг. Тухайн үед М.Алтанхуяг тэрүүхэндээ эсэргүүцэл үзүүлэн гөжиж байсан ч нэгэнт түшиж тулах хүнгүй болсон тул Ерөнхийлөгчийн тааваар ажлаа өгсөн. Ингэснээр 2010 оны тавдугаар сарын 14-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Улсын Ерөнхий прокурор болсон билээ.
Ерөнхийлөгчийн дараагийн бай нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байв. 2005 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон С.Батдэлгэрийг бас л М.Алтанхуяг шиг шахаанд оруулсан.
Ерөнхий прокурор шиг Ерөнхийлөгчтэй сөргөлдөөд амжилтад хүрэхгүй гэдгээ ухамсарласан Ерөнхий шүүгч С.Батдэлгэр мөн л бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас нэг жилийн өмнө өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Ингээд 2010 оны 11 дүгээр сарын таванд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Зоригтыг томилсон.
Хоёр жилийн дотор гурван том салбарыг “шинэчилсэн” Ерөнхийлөгч эцэст нь АТГ-ын дарга Ч.Сангарагчааг онилсон юм. Энэ хоёрын тулааны талаар хэвлэлүүд хангалттай шуугисан.
Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Ц.Тогоо, М.Алтанхуяг, С.Батдэлгэр нар шиг эвтэйхэн ажлаа өгөхийг сануулсан боловч тэрбээр хүлээж аваагүй. Иймээс ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой уралцвал хормойгүй гэдэг шиг “хаан”-ыхаа өөдөөс хэдэрлэсэн Ч.Сангарагчааг долоон сар шоронд суулгаж, эр бяраа үзүүлсэн юмдаг.
Ерөнхийлөгчийн өөдөөс өрвөлзөөд үр дүнд хүрэхгүйгээ мэдсэн Ч.Сангарагчаа ч эцэст нь амаа хамхиж, чимээгүйхэн ажлаа өгсөн. Ингээд долоон сарын дараа буюу 2011 оны 11 дүгээр сарын 17-нд АТГ-ын даргаар Н.Ганболд, дэд даргаар нь Б.Хурцыг томилж, Ерөнхийлөгч хүссэндээ хүрсэн.
Саяхны нэг хэлсэн үгэндээ цагдаагийн хурандаа нарыг сайн дураараа ажлаа өгвөл өршөөнө, өрвөлзвөл Ч.Сангарагчаагийн араас явуулна гэж хатуухан сануулж байв.
Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүмүүсийг толгой дараалан “устгаснаар” хуулийн салбарыг атгандаа оруулсны дараа ямар ч “дайн”-д орж, хэнтэй ч тулалдахад бэлэн болсноо илэрхийллээ.
Гэхдээ цахилж яваа Цахиа гуайн хүү хууль, хүчний салбарыг бүхлээр нь атгасаны дараа ард түмэнд нэлээд итгэл найдвар төрүүлээд байгаа бололтой. Энэ бол олон жил дарагдсан улстөрийн захиалгат аллага, гэмт хэрэг. Иймээс олон нийт Цахиа гуайн хүүг арван жил дарагдаж буй С.Зоригийн хэрэг, гурван жилийн өмнөх Долдугаар сарын нэгний үймээний хэргийн буруутныг олж, гэмт этгээдүүдийг гэсгээнэ гэдэгт найдаж байгаа бололтой.
Найдахаас ч өөр аргагүй. 2008 оны долдугаар сарын нэгэнд Сүхбаатарын талбайд болсон цуглааныг Ерөнхийлөгч маань зохион байгуулаад явж байсныг олон нийт мэднэ. Харин тухайн үед хэр олон хүн цуглаж, хэдэн цагт тарсныг тэр мэднэ.
Ийм л болохоор өнөөдөр түүнд энэ мэт дарагдмал хэргүүдийг илрүүлж чадахгүй байх эрх алга. Ерөнхийлөгч хүсэх л юм бол арван жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хэн хөнөөснийг илрүүлэх чадалтай болжээ. Ц.Элбэгдорж энэ аллагын эзнийг мэдэж байгаа гэх нийгмийн нэг хэсэг бий. Хэдэн жилийн өмнө хүчгүйдээд алуурчныг хэлж чадаагүй юм аа гэхэд өнөөдөр түүний атган дотор Монгол Улсын арми, прокурор, шүүх гээд хуулийн байгууллага тэр чигтээ бужигнаж байна.
Хэрэв Ерөнхийлөгч хүсэх л юм бол…
URL:













