Татварын хуульд хориг тавих уу?

712-15534700003-25-3УИХ-ын ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэн  батлахаар төлөвлөсөн.  Тэгвэл өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг баталж,  ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томилохыг дэмжив. Татварын хууль дээр Ерөнхийлөгч,  УИХ-ын зарим гишүүн,  МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нарын бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байсан.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хуультай холбоотой саналаа УИХ-д хүргүүлсэн.  Тэрээр  “…Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч нар болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулсан.  Энэ нь дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй.  Тиймээс хуулийн төслийг эргэн харна уу” гэсэн санал хүргүүлсэн байдаг.
Харин  УИХ дахь АН-ын бүлэг Татварын хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн завсарлага хүссэн.
Түүнчлэн,  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна. Мөн татварын орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл гэж байгаа. Торгуулийн хэмжээ өсөх хэрээр авлига, ашиг сонирхол үүснэ. Далд эдийн засаг буюу нууц асуудлыг даамжруулна. Түүнчлэн дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа. Энэ бол ноцтой заалт. Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй.  Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой.  Татварын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар бус хаврын чуулганаар хэлэлцэн энэ мэт алдааг засч хуулийг батлахыг хүсч байна” гэсэн байна.
Гэсэн ч парламент тэдний саналыг тоохгүйгээр Татварын ерөнхий хуулийг баталсан юм.  Хууль нэгэнт батлагдсан учраас одоо Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг харах л үлдээд байна.
Мөн Ерөнхийлөгчөөс ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилохыг УИХ-тай зөвшилцөхөөр санал хүргүүлээд байсан билээ. Энэ дагуу УИХ-ын чуулганаар хэлэлцэж олонхийн саналаар түүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ. Энэ үеэр гишүүд түүнд хандаж үг хэлсэн. Тухайлбал  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Ийм, тийм зүйл хийгээрэй гэж захихаас илүү төрийн сүлдэндээ үнэнч, ёсзүйтэй байгаарай, байгууллагынхаа нэр хүндийг бодож ажиллаарай, томилсон хүндээ биш төрийн сүлдэндээ үнэнч ажиллаарай гэж захъя” гэсэн юм.
Хошууч генерал А.Ганбат нь 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн байна.
Ийнхүү УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар гурван хууль баталж, ЗХЖШ-ын даргыг томиллоо. Энэ долоо хоногт даваа, мягмар гаригт бүлэг, байнгын хороо хуралдаж, лхагва гаригт ээлжит бус чуулганыг хуралдуулж, хаахаар товлоод байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.