Сонгуулийн давалгаанд дайвалзсан Монгол

GJH_9yZPml1

Далайн давалгаа үелзэн түрдэг. Нэг үе дээшилж, буцаад доош эрчтэй унах их усны мандалд жижиг модон завь хөвөх мэт Монгол Улсын нийгэм, эдийн засаг сонгуулийн дөрөв, дөрвөн жилээр унаж, өндийсөөр ирлээ. Бид ч дасжээ. Сонгуулийн өмнөх жил эрх баригчдын эсрэг хийх сөрөг хүчний акцид автсан ард түмэн авдрынхаа түлхүүрийг булаан авч, шүүмжлэгчдэд атгуулна. Ингээд дараагийн давалгаанд цохиулан, огиулан дөрвөн жилээ үднэ. Залуурчид ч гарч ирсэн тэр л замаараа буцаад бууцгаана. Хэдий болтол ийм дүр зурагтай дөрвөн жилийн циклээр давалгаалсан график харж, толгой сэгсрэн шогширч суух юм бол.

Хэрэв сонгогч бүр эрүүл ухаанаар хандвал, сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг судалж, улс орныхоо нөхцөл байдлыг бодитоор дүгнэхэд л, эрх баригчдын бодлогыг энэ хэвээр нь үргэлжлүүлэх үү, эсвэл солих шаардлагатай юу гэдэг нь тодорхой харагдана. Сонгуулийн бус жилд тогтмол өсөлттэй жигд явж ирсэн график яг санал өгөх онд эрс доошилж, сөрөг утга руу орох нь ч бий. Бид бодлогыг бодитоор ойлгож хүлээж авдаггүй учраас популист амлалтаар санал худалдан авахын төлөө эрх баригчид эдийн засгаа хэвтүүлж орхидог жишиг тогтчихоод байна.

Мөн “буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” гэдэг шиг бүрэн эрхийнхээ хугацаанд л амжуулж авбал, цаашид хэрхэх нь хамаагүй гэх үзэл ч бас улстөрчдөд байна

Ялангуяа концесс, төсвийн мөнгөөр хийх бүтээн байгуулалт, тойрогтоо өгөх хөрөнгө оруулалт,  гаднаас босгож, хойчдоо үлдээсэн өр зээлийн бодлогуудын ард улстөрчдийн ашиг сонирхол нэвт шингээстэй.

2016 он. Ард түмнийг айлгасан “цэнхэр” бодлого

Ирэх жил төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасанчлан сонгуулийн өмнөх төсвийн төлөв байдлын тайлан мэдэгдлээ гаргаж, олон нийтэд танилцуулна. 2016 оны мэдэгдлийг сайтар судалсан “улаан” улстөрчид өрөөр айлгасаар, өмнөх бодлогын бурууг илчилж шүүмжилсээр гарч ирсэн. Үнэхээр ч Монгол Улс түүхэндээ байгаагүй том дүнтэй өр зээл зоригтойгоор тавьж, босгосон мөнгөө эдийн засгаа эргэж тэтгэх үйлдвэрлэлд биш, зам барилга, бүтээн байгуулалт, урамшуулал, тэтгэлэгт олгоод дуусгасан нь үнэн.

2016 онд эдийн засгийн өсөлт дөнгөж 1.2 хувьтай, инфляц 1.1 хувьд хүрсэн нь үндсэндээ хөдөлгүүр царцсанаас өөрцгүй үзүүлэлт. Зах зээл бэлэн мөнгөний хомсдолд орж, бартер буюу бараа солилцоогоор бүх салбар дөнгөн данган өнхөрч байлаа. Экспорт хоёр жилийн өмнөхөөсөө 15 хувиар буурч, 857-хон сая ам.долларын орлого оруулж байв. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн уналтаас болж, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт 93 хувиар багасч, бараг зогссоноос өөрцгүй байлаа. 2013 онд Монгол Улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын хэмжээгээрээ дэлхийн банкны “дундаждээгүүр орлоготой орон” гэх ангилалд дэвшин орсон байсан ч 2016 оны сонгуулийн өмнөх жил буцаад дунджаас доогуур түвшинд шилжжээ. Засгийн газрын өрийн хэмжээ ч 2013 онтой харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байв.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”ийн үр шимээр шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсөөгүй. Гэвч энэ хөтөлбөрт 1.1 их наяд төгрөгийг компаниудад олгосон. Мөн сайн малчин, оюутан, хувьцаа гэх мэт хөтөлбөрт 543.1 тэрбум төгрөгийг төсөвт тусгаагүй эх үүсвэрээс санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн. Ингэснээр 2013 онд 1660 төгрөгтэй харьцаж байсан нэг ам.доллар 2490 төгрөг болж, ханш 40.9 хувиар суларчээ. Төсвийн алдагдлын хэмжээ ч огцом өсөв. 2013 онд 1.2 хувь байсан ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээ 2016 онд 15.3 хувьд хүрсэн нь сонгуулийн өмнөх “бужигнаантай” холбоотой. Тухайн жилийнхээ төсөвт тусгаагүй атлаа тэтгэврийн нэмэгдэлд 60.9 тэрбум, өмнөх жилүүдэд гаргасан векселийн төлбөрт 672.9 тэрбумыг гаргаж өгсөн зэргийг ан сонгуулийн өмнө амжуулж хийсэн “ы” ажиллагаа гэлтэй.

• Хэрэв 2016 онд сонгууль болохгүй байсан бол “цэнхэр” бодлогын өгөөж урт хугацаандаа гарч, өөрсдийнхөө тавьсан өр, зээлээр санхүүжүүлж хийлгэсэн ажлын хяналт, эргэн төлөлтийг хар толгойгоороо хариуцах байв.

• Монгол Улс түүхэндээ байгаагүй том дүнтэй өр зээл зоригтойгоор тавьж, босгосон мөнгөө эдийн засгаа эргэж тэтгэх үйлдвэрлэлд биш, зам барилга, бүтээн байгуулалт, урамшуулал, тэтгэлэгт олгоод дуусгасан нь үнэн.

• Шинээр бүрэлдсэн парламент 2016 он шувтарч байхад төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг 18 хувь болгон өөрчиллөө.

Хэрэв 2016 онд сонгууль болохгүй байсан бол “цэнхэр” бодлогын өгөөж урт хугацаандаа гарч, өөрсдийнхөө тавьсан өр, зээлээр санхүүжүүлж хийлгэсэн ажлын хяналт, эргэн төлөлтийг хар толгойгоороо хариуцах байв. Гэвч тэдэнд ийм боломж олгосонгүй. Сөрөг хүчин “улс орон дефолт зарлахдаа тулаад байна”, “ОУВС-гийн хөтөлбөрт багтахаас өөр сонголтгүй”, “бид л сонгогдвол энэ байдлыг засна” гэх мэтээр айдас хүйдэст автуулсан сурталчилгаа нэвт явуулснаар “цэнхэр” бодлого тасалдсан юм.

2020 он. ОУВС ба “улаантнууд”

Ингээд сонгуулийн үр дүнд МАН-ын 65 гишүүнд залуураа атгууллаа. Шинээр бүрэлдсэн парламент 2016 он шувтарч байхад төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг 18 хувь болгон өөрчиллөө. Төсвийн гүйцэтгэлээр төвлөрсөн орлого 486 тэрбумаар давж, зарлагыг 199 тэрбумаар хэмнэлээ гэх тоог мэдээлэв. ОУВС-гийн хөтөлбөрт ч хамрагдлаа.

Улмаар концессоор хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, векселиэр санхүүжүүлэх механизмыг бүрэн устгах гэх мэтчилэн хориг тавьж явсаар байгуулсан Засгийн газраа унагах шалтгаан болтол өндрийг авахуулав. Хэдийгээр засгаа унагаж, дотооддоо зөрчилдсөн ч сонгууль хол байсан тул “огцом тэнэглэлүүд” харьцангуй бага, эдийн засаг энерциэрээ өссөөр байв. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 6.4 хувиар өссөн нь сүүлийн найман жилийн түүхэнд байгаагүй өндөр өсөлт хэмээн “5 оноо” авлаа. /2012 онд эдийн засаг 17.2 хувиар өсч, Монгол Улсын зээлжих зэрэглэл А+ ангилалд дэвшиж байв/ Мөн 2018 онд анх удаа төсөв ашигтай гарав. Тодруулбал, татварын төвлөрүүлэлт сайн, төсвийн сахилга бат чанга байснаас тэнцвэржүүлсэн тэнцэл 266 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Ажилгүйдлийн түвшин буурч, өрхийн орлого тогтмол нэмэгдсээр байна, өглөө бүр өр төлсөн тухай мэдээлнэ, бага хүүтэй зээлийн эх үүсвэртэй боллоо гэх мэтчилэн “сайн” мэдээгээ дуулгасаар. тэгвэл ирээдүйд яах бол.

2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2020 оны төсөөллөөр эдийн засгийн өсөлтийг 8-6  хувь байна гэж тооцоолжээ. Инфляцийн түвшинг ч найман хувьд барина гэсэн байв. Цалин, тэтгэврийн нэмэгдэлд 720 тэрбум, утааны эсрэг 121 тэрбум, шинэ хөрөнгө оруулалтад 1.06 их наяд гээд нийт 1.9 их наяд төгрөгөөр энэ онд биднийг тэтгэнэ. төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 11 их наядыг давуулан “шидэв”.

Энэ мэт сайн үзүүлэлт, сайхан амлалтууд 2020 оны сонгуулийн дараа зүгээр л цаасан дээрх тоглолт байсан гэж дараагийн парламент “илчлэх” вий. Эсвэл сонгуулийн жилийн солиоролд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдээ навс унагаж, “буцах бэр”-ийн сэтгэлээр хандаж ч мэднэ. Гэхдээ төсвийн сахилга батыг сахиулахаар ОУВС-гийнханд хянаж суудагт найдаж болох юм. Энүүхэндээ гэхэд цалин нэмэхгүй, хүүхдийн мөнгийг 60 хувиаас хэтрүүлэхгүй олгох гэх мэт хориг тавьсан тэдний хаагуур нь бултаж Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр бүх хүүхдэд мөнгө тарааж амжсаныг гайхаад бардаггүй юм. Хараанаасаа жаахан л алдахад хэрэг тарьчихаад, эргэж харангуут гэмгүй царайлан зогсдог дүрсгүй жаал шиг…

ҮСХ-ноос гаргасан мэдэгдэлд өрхийн орлого 45 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч инфляцийн нөлөөгөөр 72 мянгаар буурсан гэх утга гарчээ. Махны үнэ 20.4 хувиар өссөн нь инфляц хөөрөгдөхөд нөлөөлсөн. “Махны үнийн нэмэгдлийг тагнуул шалгаж байгаа”, “20 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй, хүү багатай итгэлийн зээл олгоно” гэх мэт содон бодлогын сураг дуулдаад эхэлсэн нь сонгууль ойртсоных. Сонгуулийн савлагаанд ирэх жилийн төсөв, хэрхэн савлахыг гавьяат эдийн засагч ч тооцоолох аргагүй сюрприз болох биз.

Э.Батцэцэг

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.