Амьд мал экспортлох шийдвэрээ цуцалсан хийгээд улс төрд шинэ нам төрөх үү

455689ыбсзНийгэм, улстөрийн хүрээнд гагасан шийдвэрээ эргэж харсан долоо хоног боллоо. эрх баригч намын хувьд Үндсэн хуулийн шинэчилэн найруулах ажлыг хийхээр төлөвлөж өчигдрөөс хэлэлцэж эхэлсэн. Харин Засгийн газар малыг амьдаар нь экспортлох ажлыг эргэн харж хориг тавьж байгаагаа олон нийтэд зарлалаа.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

Даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ.  Бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжжээ. Ингэхдээ ард түмнээс асуух хэрэгтэй гэсэн байр суурьт хүрсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ  “Үндсэн хууль дөрвөн явцтай. Тиймээс Хаврын чуулганаар хэлэлцэхийг дэмжээд чуулганыг завсарлуулаад, ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ” гэв.

Мягмар гарагт  УИХ-ын Байнгын хороод хуваарь ёсоор хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай байсан юм. Тодруулбал,  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж,  МАН-ын бүлгээс дэмжсэн С.Бямбацогт,  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын нэрийг тус тус дэвшүүлж сонгов.

- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар 1992 оноос хойш гадаад улсад Монгол Улсаа төлөөлөн суугаа  дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын маэдээллийг хаалттай сонссон юм.

-Мөн өдөр УИХ-ын чуулганаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж тус газрын  гэмт хэрэгтэй тэмцэх гүйцэтгэх ажилтны орон тоог 60 -аар нэмэх шийдвэр гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Оюутолгой, Хөгжлийн банктай холбоотой дуулиантай том хэргүүдийг шалгах явц ямар байна вэ гэсэн  асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа: Том том хэргүүд дээр АТГ-ын ажилчид цаг, наргүйгээр ажиллаж байгаа. Эхнээс нь хэргүүдийг өгч байгаа. Энэ сард багтаан Оюутолгойн хэрэг  болон бусад томоохон хэргүүдийг шүүх рүү шилжүүлнэ  хэмээн хариулав.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Пүрэв гарагт  /2019.06.13/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар   Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг эхлэв.

Харин  УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхин гарсан юм.

Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээ цуцлалаа

-Монгол Улсын Засгийн газар хоёр жилийн өмнө буюу 2017 онд мал  амьдаар нь экспортод гаргахаар шийдвэр гаргаж, бэлтгэл ажлыг хангажээ. Гэсэн ч энэ нь олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.  Лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Монголын мах, ноос ноолуур, хүнсчдийн холбооны санал санаачилгыг харгалзан үзэж, Засгийн газрын өмнөх шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр малыг амьдаар нь  экспортлохгйү, аль болох дотооддоо  өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагш гаргах бодлого барихаар болж байна.

-Засгийн газрын мөн  хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Ж.Батзандан, Л.Болд нар намаа бүртгүүлэхээр дээд шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын санаачлан, үүсгэн байгуулж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/-ыг  албан ёсоор бүртгүүлэх хүсэлтээ энэ сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргалаа. Тус нам зургадугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд анхдугаар их хуралдаанаа хийж, намын дүрэм, намын даргаа сонгосон юм. Их хуралд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ШИНЭ намын даргаар сонгосон юм.

Одоогоор Монгол Улсад нийтдээ 32 нам албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд ШИНЭ намыг УДШ бүртгэвэл  33 дахь намтай болох юм.

Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэг болон МУИС-ийн хичээлийн II байрны өмнөх газрын эзэмших эрхийг цуцлав

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг, “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10,800 метр квадрат талбай, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны өмнөх 1,200 метр квадрат газрын гэрчилгээг цуцлах тухай дурджээ. Дээрх хоёр газар нь “Сахал”  Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эзэмшилд байдаг аж.

Ашиглалтад олгохыг хориглосон байршилд газар эзэмшүүлж эрхийн гэрчилгээг олгосон, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй,газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.