Монгол Улсыг “Саарал жагсаалт“-д оруулсан Н.Золжаргал хаана явна

downloadСаарал жагсаалтад Монгол Улсыг оруулсан нь АН-ынханы “гавьяа”

Саарал  жагсаалт гэж их багагүй  бараг л жил тойрон ярьцгааж сүүлийн хэдэн хоногт энэ яриа утаа, угаар, униарыг давав.

Тэгвэл шууд л өнөөдрийн Монгол Улсын нөхцөл байдал иймд хүрэх  суурийг цутгасан, тухайн үеийн Монгол банкныхан ямар арга хэмжээ авч байсан юм бэ гэж асуух  нь зүйд нийцэх байх.

ФАТФ байтугай Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд ч тэр үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын буруутай үйл ажиллагааг шалгаж эхэлтэл мань хүн аль хэдийн хилээр гараад явчихсан.

Тэрбээр 2012-2016 онд улсын сан хөмрөгийг залуурдахдаа долоон тэрбум ам.доллар буюу 14 их наяд төгрөгөөр хэмжигдэх мөнгийг салхинд хийсгэсэн тухай УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлт бий.

Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2011 онд л гэхэд тус банк 179 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Гадаад валютын албан нөөц 2012 онд 4.1 тэрбум ам.доллар байсан. Гэтэл 2016 онд 1.3 тэрбум ам.доллар болтлоо огцом буурсан. Гол учир нь Төв банкны статус цаасан дээр бус бодит байдал дээр өөрчлөгдсөнтэй холбоотой. Төв банк  төрийн мөнгөний бодлогыг дагнан хэрэгжүүлдэг институц. Хэрвээ тус банк алдагдал хүлээвэл тэр нь төрд, бүр цаашилбал татвар төлөгчдийн нуруун дээр буудгаараа арилжааны банкуудаас ялгаатай. Энэ ялгаа нь АН эрх барьж эхэлсэн 2012 оноос үндсэндээ үгүй болж, Засгийн газар Төв банктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж, үр дүнд нь Монгол банк кассын машины үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Энэ мэтчилэн 2013-2015 оны хооронд нефть импортлогч компаниудад нийт нэг тэрбум 579.95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан зэрэг олон асуудлаас үүдэж Төв банкийг 2012 оноос алдагдалд оруулж нийт гурван их наяд төгрөгт хүргэсэн байдаг. Энэ нь Монголын эдийн засаг хямрах шалтгаан нь болж цаашлаад “саарал жагсаалт”-д орох нөхцөлийг бий болгосон.

Эдгээрт хариулт өгөх учиртай Н.Золжаргал өдгөө Австрали Улсад байгаа тухай мэдээлэл бий. УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн зүгээс холбогдох баримт, материалыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болж, Н.Золжаргалыг сэжигтэн, яллагдагчаар татсан. Гэтэл мань хүн Монгол Улсыг давж гаднаас харсан шигээ сууж байна.

Түүнийг нэгэнт гадаад руу бултуулсан гэсэн шиг намынхан нь Монгол Улс “Саарал жагсаалт”-д орчихлоо хэмээн попорч, бурууг өнөөдрийн эрх баригчдад нялзаан, улстөрийн шоу хийж байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй, иргэдээ бурангуйд тооцож буй хэлбэр гэлтэй. Эдийн засаг алгуураар саарч, АН-ынхан эрх барьж байхдаа төрийн мөнгөөр хүүдэгнэсэн нь илэрхий, өөрсдөө “саарал жагсаалт”-д орох суурийг цутгачихаад, одоо гавьяагаа гайхуулах мэт мэдэгдэл хийх бус хилээр гарсан буруутнаа дуудах ёстой цаг нь баймаар.

Эх сурвалж: erennews.mn/

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.