АТГ-ынхан допингийн найраа хийдэг гэмт хэргийн бүлэглэлийг шалгаж байна

Өөрийнхөө өмнөөс шээсний шинжилгээ өгүүлсэн бөхөөс нь мөн л сэргээш илэрсэн гэнэ

АТГ-т допингийн хэрэг шалгагдаж байгаа. Баттай эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр сүүлийн арван жил улсын баяр наадамд амжилт гаргасан бөхчүүдийн допинг хэрэглэсэн, үүнийгээ  Үндэсний баяр наадам зохион байгуулах комисс болоод шинжилгээ авч буй эмч нартай хуйвалдаж нуун дарагдуулсан, бүр өөр хүнээр шээсний шинжилгээ өгүүлсэн гээд хууль зөрчсөн ноцтой асуудлууд шалгагдаж буй аж. Э.Оюунболдын гаргасан гомдлын мөрөөр хяналт шалгалт эхлүүлж, томоохон бүлэглэлийн мөрөөр орсон уг хэрэг тодорхой шалтгааны улмаас гацаанд ороод байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолсон. Энэ талаарх ноцтой баримтыг уншигч та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

ДОПИНГИЙН ХЭРЭГ ШАЛГАГДАЖ ЭХЭЛСЭН ТҮҮХ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн гэдгийг олон нийтэд зарласан билээ. Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн. Аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Учир нь тэрбээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх асуудлаар Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Аварга Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байна.
Мөн үүссэн асуудалтай холбоотойгоор аварга Э.Оюунболд АТГ-т хандаж, допингийн шинжилгээ солигдсон гэх гомдол гарган, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах ажлын хэсэгт багтсан зарим албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг гаргасан. Тэрбээр “Би допинг хэрэглээгүй. Наадам болохоос хэд хоногийн өмнө ийм утсаар нэгэн албан тушаалтан ярьсан. Тэр хүн чамайг түрүүлэх юм бол допинг хэрэглэсэн болгоно гэж заналхийлсэн” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Үүний дараа түүнийг дарамталсан гэх гар утасны дугаарыг АТГ-ынханд өгсөн байна. Мөн 2009-2019 оны наадмуудын допингийн шинжилгээний хариуг нийтэд ил болгохыг шаардсан бичгийг Баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн байдаг. Тус хорооноос дорвитой шийдвэр гаргаагүй учраас Э.Оюунболд допингийн шинжилгээний ард явагддаг хууль бус үйл ажиллагааны талаарх гомдлыг АТГ-т мөн л хүргүүлсэн юм. Түүний гомдлын мөрөөр АТГ-аас шалгалт явуулсан билээ.

АТГ-Т ДОПИНГИЙН АСУУДАЛ ШАЛГАГДАЖ, ХӨШИГНИЙ АРД ХИЙГДЭЖ БАЙСАН “НО” ИЛ БОЛСОН НЬ

АТГ-ынхан Э.Оюунболдын тодорхой баримт бүхий өргөдөл гомдлыг шалгаж,  улсын баяр наадамд амжилт гаргасан бөхчүүд дунд допинг хэрэглэдэг, түүнийгээ бусадтай нийлж дардаг, шинжилгээний өрөөнд шээсний дээжийг хэрхэн өгдөг талаарх мөрдөн шалгах ажиллагааг хийж эхэлжээ. Ингээд  бөхчүүдээс мэдүүлэг авсан байна. АТГ-т  мэдүүлэг өгсөн нэр бүхий хүмүүс “Бөхчүүд дунд сэргээшийн асуудал хавтгайрсан. Хэн дуртай нь өндөр үнэтэй, маш хүчтэй допинг хэрэглэж байгаа. Улсын баяр наадамд барилдаад шөвгөрсөн бөхчүүд яг шинжилгээ өгөх болохоор сандралдаад гүйлддэг. “Минийх илэрчих гээд байна. Чи миний өмнөөс ороод шээчих”, “Ээ, би бас хэрэглэчихсэн шүү дээ” гэх яриа олны өмнө ил цагаан болдог” гэх мэдүүлгийг өгч эхэлсэн байна. АТГ-ынхан дээрх мэдээллийн мөрөөр бөхчүүдийн өмнөөс шээсний шинжилгээ өгсөн бөхчүүдийг хайж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн аж. Тэд ч хэдэн жилийн өмнө улсын баяр наадамд шөвгөрч, цол хүртсэн бөхийн өмнөөс шинжилгээ өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Бүр өөрийнхөө өмнөөс оруулсан бөхөөс нь бас  допинг илэрсэн тухай ч ярьсан гэнэ.  Үүнээс болоод томоохон цол авсан бөх нь барилдах эрхээ хасуулжээ.

МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ, ХЭРЭГ ГАЦААСАН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийнхэн энэ мэт тодорхой баримтуудыг нягталж шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболдын  Монголын үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Допингийн эсрэг үндэсний  төвийнхөн хууль бус үйлдэл хийдэг хэмээн гаргасан гомдол мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоогдож эхэлсэн байна. Ингээд “Бөхчүүд допинг хэрэглэж байгаа асуудлыг ул суурьтай шалгах нь зөв юм  байна. Зөвхөн Э.Оюунболд биш, сүүлийн үед допинг илэрсэн бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авах нь зүйтэй. Мөн сүүлийн арван жил улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн шинжилгээний хариуг албан ёсоор БНСУ-ын эмнэлгээс авах нь зүйтэй. Шинжилгээний хариу тухайн бөхийн ДНК-тай  таарч байна уу, үгүй юу гэдгийг тогтоох боломж энд харагдаж байна” гэсэн шийдэлд хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, бөхчүүдийн бие биенийгээ допинг хэрэглэдэг гэсэн мэдүүлэг үнэн үү, Монголын үндэсний бөхийн холбоо, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо, Допингийн эсрэг үндэсний төвийнхөн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бөхчүүдийн шинжилгээг сольдог уу, бүр огт сэргээш хэрэглээгүй хүнийг хэрэглэсэн болгож гаргасан уу гэх зэрэг олон ноцтой асуудлын ээдрээт зангилаа эндээс тайлагдах боломжтой гэж үзсэн хэрэг. Ингээд  Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд 2009-2019 оны наадамд шөвгөрч цол хүртсэн бөхчүүдийн шинжилгээний хариуг БНСУ-аас албан ёсоор авах хүсэлт гаргажээ. Мөн тухайн бөхчүүдийн ДНК-тай харьцуулж үзнэ гэдгээ ч албан бичгээр мэдэгдсэн байна. Гэтэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооныхон дээрх албан бичигт ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрч байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус газраас болж допингтой холбоотой хэрэг гацаанд орсон байна.

ЮУНЫ УЧИР ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙГ АЛАГЧИЛЖ ШИЙТГЭСЭН БЭ

АТГ-ынхан допинг хэрэглээд цолоо хураалгасан, барилдах эрхээ хасуулсан бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авсан байна. Адилхан сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн бөхчүүдийг харилцан адилгүй ялгавартай шийтгэдэг, зарим бөхийн цолыг хураагаад барилдах эрхийг нь хасдаг мөртлөө  нэр бүхий бөхчүүдийн цолыг нь хураалгүй, барилдах эрхийг нь хэдхэн сар хассан тохиолдол ч гарсан. Үүний цаанд нутаг ус, эрх мэдэлтнүүдийн эрх ашиг яваа нь тодорхой харагдаж байгаа гэнэ. Монголын үндэсний бөхөд допинг хэрэглэх явдал хэрээс хэтэрч, хавтгайрсан. Бөхчүүд цолны найраанаас гадна хэдэн сая төгрөгөөр допингийн найраа хийдэг болжээ.

Үргэжлэл бий…

Үндэсний шуудан


URL:

Нэр: Weleestagma Огноо: 14 April 2020

cbd vape cbd gummies cbd oil online

Сэтгэгдэл бичих