Казиногийн хууль, Асгатын мөнгөний орд, Японы засгаас өгсөн буцалтгүй тусламжийн дуулиан хэрхэн шийдэгдэв-3

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нийгмийн ороо бусгаа тэр л үед манайд урьд хожид дуулдаагүй олон хэргүүд гарч, улс эх орны баялагыг цувчуулсан байдаг.

1990 оноос хойш гарсан олон нийтийн анхаарлыг хамгаар ихээр татсан 40 хэргийг Shuud.mn сайт цувралаар хүргэж байна.

21. 27000 га газар бүхий САА-г үнэгүйгээр хувьдаа авсан хэрэг -

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, УИХ-ын гишүүн асан Р.Содхүү албан тушаалаа урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумын нутагт 27000 га талбай бүхий тариалнгийн газрыг хувьдаа авсан талаархи баримтууд тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хангалттай цацагдсан байдаг.

22. -Швейцарийн банканд хадгалагдаад эргэж авах боломжгүй түгжигдсэн 20 сая доллар-

УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэг агсны нэр дээр Швейцарийн банканд хадгалагдсан 20 сая ам.доллар ямар нэг гэрээслэл үлдээгээгүйн улмаас тэндээ үүрд шингэжээ. Энэ талаар талийгаачийн эхнэр УИХ-ын гишүүн Туяагийн гаргасан өргөдөлд бичигдсэн байна. Төрийн албан хаагч байсан хүн цалин орлогоо нэг ч ашиглалгүй бүх насаараа хураагаад ч 20 сая доллар цуглуулах боломжгүй нь ойлгомжтой. Энэ хэний мөнгө байсан бэ.

23. 40 сая ам.доллараар төр хохирсон хэрэг -

УИХ-ын гишүүн Б.Жаргалсайханы “Буян”, УИХ-ын гишүүн Б.Эрдэнэбатын “Эрэл” мөн “Эрдэнэт концерн” гэх хувийн компаниудад зээлийн баталгаа гаргаж өгсний барьцаанд төрийн мөнгөнөөс олгосон 40 сая ам.доллар өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй хэвээр байдаг. Хариуцах эзнээ олохгүй мэдэн будилсаар л.

24. Японы засгийн газраас өгсөн 60 сая ам.доллар хаачив –

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Японы Засгийн Газраас 1993 онд 30 сая, 1995 онд мөн 30 сая нийт 60 сая ам.доллар манай улсын Засгийн газарт олгожээ. Монголын Засгийн газар энэ мөнгийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэйгээр зээлүүлж эргэлдүүлэн аривжуулах болзолтой байсан юм. Энэ болзлоороо явсан бол өдгөө энэ мөнгө 100 орчим тэрбум төгрөг болсон байх учиртай. Харамсалтай нь МАН-ын Засгийн газар 1996 онд засаг хүлээлгэн өгөхдөө энэ 60 сая доллар байтугай түүнийг хэрхэн зарсан тухай нэг ч баримт үлдээгээгүй байдаг.

25. Хятад улсаас зээл болгож өгсөн 100 сая юань алга болсон тухай -

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар БНХАУ-аас 1993 онд 50 сая юань, 1995 онд өгсөн 50 сая юань мөн л дээрхийн адил ор сураггүй. 1999 онд энэ мөнгө хаашаа орсон тухай шалгавал дийлэнх нь ямар ч бичиг баримтгүй цацагдсан нь тогтоогдсон байна. Тэр ч байтугай бичиг баримтуудаа устгасан байж болзошгүйг шалгалтынхан илтэгэлдээ тэмдэглэсэн байдаг.

26.-10 сая дойчмарк алга болсон хэрэг -

Монголд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгод нь тусалж Германий Засгийн газар 1995 онд 10 сая дойчмаркийн зээл бэлэн мөнгөөр олгожээ. Уг мөнгийг хариуцан хуваарлаж байсан Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд асан нөхөр өдгөө 10 сая дойчмарк хэний шийдвэрээр хаашаа одсон баримт олддоггүй юм хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.

27. Хил давуулан хүн хулгайлсан хэрэг –

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, МАН-ын гишүүн Онон, тухайн улсад дипломатчаар суудаг Батбуян нар холбогддог. Батсүх гэх монгол иргэнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна гэх нэрээр Франц улсад амьдарч байхад нь тухайн улсын цагдаа хүчний байгууллагад мэдэгдэлгүйгээр хулгайлж, унтуулах тариа хийгээд Герман, ОХУ-аас дамнуулан нисэх онгоцонд нууж авчирсан ноцтой хэрэг гарсан. Хүн хулгайлсан энэ хэрэгт дээр нэр дурьдсан эрхэмүүд оролцсон байдаг. Үүний улмаас Франц улсад консулын ажилтнаар сууж байсан ямар ч гэмгүй нэг эмэгтэй дипломатч хилсээр зэмлэл хүлээн “персона нон грата” болон хөөгдөж, харин Элчин сайд асан Тэрбишдагва “сайн дураараа” татагдан ирж, сайд, УИХ-ын гишүүн болсон юм. Тухайн улсуудаас эсэргүүцлийн нот бичиг манай Гадаад хэргийн Яаманд ирж байлаа. Ямар хариу өгч хэнд арга хэмжээ ногдуулсныг хэн ч үл мэднэ. Харин Батсүхийг сайн өмгөөлснийхөө төлөө өмгөөлөгч Санжаасүрэн хорих ялаар шийтгүүлсэн тухай олон нийт мэднэ.

28. Асгатын мөнгөний ордийн нууц -

-Байгалийн асар их баялагатай энэ орд газрыг ОХУ-д төлөх их өрөнд оруулан өгөх гэсэн, тэрчлэн төрийн хэсэг түшээд хувьдаа хэрхэн авсан тухай материалууд хэвлэлээр зөндөө гарсан. Монросцветмет нэгдэлтэй ч холбогдсон уг дуулианд Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гадна ТӨХ-ны дарга асанД.Сугар, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монросцветметийн захирал асан Эрдэнэ нар холбогдож хэсэг дуулиан дэгдээгээд мөн л бусад ийм хэргүүдийн нэг адмл замхарсан. 29. Хил дамнуулан хар тамхи болон хууль бус бараа наймаалсан хэрэг – МАН-ын гишүүн дипломатууд / Шатарбал, Бямбаа, Адилбиш г.м / Эдгээрээс зөвхөн Шатарбал илчлэгдэн шийтгүүлээд байна. Ер нь МАН-ын засаглалын үед гадаадын элчин сайдуудыг шагналын албан тушаал болгон хувиргаснаас Монгол Улсын нэр хүндийг багагүй унагаасан хэмээн мэргэжлийн хүмүүс байнга шүүмжилдэг. Тухайлбал БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан барилгын инженер Амарсанаа Хятадын радиогоор ноцтой алдаатай үг хэлж, олныг алмайруулсан төдийгүй Элчин сайдын яамны хөрөнгийг эхнэрийнхээ хамт зүй бусаар зарцуулсан тухай хэвлэлээр удаа дараа шүүмжлэгдэж байв.

30. Казиногийн гэх дуулиант хэрэг -

-1999 онд казиногийн тухай хууль УИХ-аар батлагдав. Ийнхүү хуулийн дагуу тендер зарлагдаж Монголд анхны казино байгуулах сонирхолтой хэд хэдэн компани өрсөлдлөө. Тэдний дотор Макао, Хонконгийн компаниуд ч байв. Макаог 60 жилээр түрээсдүүлсэн хугацаа нь дуусч Хятадын мэдэлд буцаж ирэх үетэй энэ хууль давхцан гарсан нь нарийн учиртай байсан. Казиногийн эх орон болох Макаогийн баячууд хуримтлуулсан хөрөнгөө коммунист засаглалтай Хятад улсад бус ардчилал хөгжсөн оронд шилжүүлэх сонирхолтой байсан нь мэдээж. Энэ сонголт нь Монгол байлаа. Тендерт оролцогч компаниуд Монголын нөлөө бүхий хүмүүстэй уулзаж, лобби бүлэг байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн нь нууц биш. Албан ёсоор байгуулагдаж амжаагүй байсан тэр бүлэгт УИХ-ын гишүүд хамгийн түрүүнд бүртгэгдэх байсан нь мэдээж. Учир нь тэд л хууль, журмыг батлана. Хууль батлагдаад гурван сар ч болоогүй байтал УИХ-ын гишүүн Хулан, Эрдэнэбилэг нар Казиногийн хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл санаачилж УИХ-д орууллаа. Уг хуулийг УИХ дахь МАН-ын гишүүд, АХЭ-ийн “элсний 13” уухайлан дэмжиж баталжээ. Казиног хамгийн их эсэргүүцсэн гишүүнээр УИХ-ын гишүүн Шаравдорж тодорсон протокол байдаг юм билээ. Өдгөө Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджаваар түлхүүлэн зүтгэж байгаа. Энэ гишүүн өнөөдөр Казиногийн тухай хууль санаачлаад цаад талаа нэгэнт хууль хүчингүй болсон учир өнөөх лобби бүлэг байгуулах ажил ч зогссон биз. Үр дүнд нв АХЭ-ийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэн шалгуулахаар хуулийнханд илгээхэд Казиногийн хэргийг шалгах явцад илэрсэн гэх татварын зэрэг огт өөр хэргээр эрүү үүсгэн хорисон байдаг. Хачирхалтай нь Казиногийн хэрэгт нэр нь холбогдон ганц нэг удаа асуугдаж байцаагдаж байсан МАН-ын хэд хэдэн гишүүн ямар ч ял зэмгүй өнгөрлөө. Тэдний өмнөөс МАН-ын нарийн бичгийн дарга асан Энхмандах гэгч нөхөр 25 саяыг авилгаар биш зээлээр авсан гэж гүрийсээр, түүнд нь хуульчид “итгэж” мань хүнийг сулан тавиад зогссонгүй Англи улсад дипломат ажил эрхлүүлэхээр шагнасан нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. Өдгөө какино Энхмандах нэг яамны дэд сайд, МАН-ын 26 дугаар их хурлын төлөөлөгч хийж явсан.

Үргэлжлэл бий…

С.Жигүүр


URL:

Сэтгэгдэл бичих