Монголчууд сонгуульд орохгүй гэв үү

Ийм утгатай мэдэгдлийг өнгөрөгч баасан гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хийсэн билээ. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох учраас “Засгийн газар орон нутгийн сонгуулийг зохион байгуулахгүй” гэж омогдов. Энэ ч арай хэтэрнэ ээ. УИХ-ын баталсан хуулийг намын бүлэг, Удирдах зөвлөл нь тайлбарладаг байснаа болиод одоо бүр Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дарга нь тайлбарладаг болсон байна. Уг нь жинхэнээсээ Үндсэн хууль яривал хууль тогтоох эрх мэдлийг УИХ-д, хэрэгжүүлэх үүрэг функцийг нь Засгийн газарт өгсөн юм. Харин манайд одоо энэ “баланс” алдагдчихаад байна. Тэр тусмаа МАН дангаараа эрх барьж байгаа энэ үед. Хуулийг хэрэгжүүл гэдэг үүрэг өгөөд өөрийг нь томилсон УИХ-ын өөдөөс “Чи битгий хуц аа” гээд сууж байсан өөр Засгийн газар өмнө нь байсан бил үү. Эрх биш Ардчилсан нам нь хамтарсан Засгийн газартаа хараалгаад явж байсан бол арай ч ийм үг хэлээд суухгүй байсан биз.

Гэхдээ ямар Ардчилсан нам Ардын намынхныг ажилтай байлгахын тулд Засгийн газарт үлдэх ёстой биш. Хуулиа хэрэгжүүлээд хугацаагаа дуусгана уу, хэрэгжүүлж чадахгүй байраа тавьж өгнө үү тэдний л асуудал. Тэр тусмаа сонгуульд хаяанд тулчихаад, аль аль нам нь өөрийнхөө сайн зүгийн ялгарлыг сонгогчдод харуулах гэж уралдаж буй энэ үед Ардчилсан намынхны хувьд Ардын нам “муу байх тусмаа сайн”, алдаан дээр нь дөрөөлөөд ч болов цааш алхдаг газар. Түүнийгээ ч тооцоолоод хамтарсан засгаас гарсан байлгүй. Тиймээс “Засгийн газар хууль хэрэгжүүлж чадахгүй гэж байгаа бол чаддагт нь ажлаа өгөх хэрэгтэй гэсэн Ардчилсан намын бүлгийн дарга амласандаа хүрэх цаг нь болсон байна. Хэрвээ Ч.Хүрэлбаатар сайдын хэлсэн үг С.Батболдын Засгийн газрын албан ёсны байр суурь мөн бол шүү дээ. Харин Засгийн газрын бус, намын бүлгийнхээ байр суурийг тоть шиг давтаж яваа бол С.Батболд нь Ч.Хүрэлбаатарынхаа хүзүүг хуга мушгидаг юм байгаа биз.

Орон нутаг нь МАН-д хэрэгтэй

Өмнө нь ч олон удаа сануулж байсан. Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах тухай 2007 онд баталсан хуульд тухайн үед УИХ-д байсан улс төрийн бүх намууд оролцож, нэгэн дуугаар хуулиа баталцгаасан юм. Нэгд, хоёр сонгуулийг тус тусад нь явуулах нь цаг хугацаа, хөрөнгө хүч шавхаж, ажил цалгардуулсан зүйл болж байна гэж. Ерөнхийдөө УИХ-ын сонгууль гэхэд урьд оны эцэст төсвөө батлахдаа сонгуулийн жилд зориулсан хавтгайруулсан халамж тараахаас эхэлж байгаа юм. Тэгээд оны эхний зургаан сарыг УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд, арай гэж долдугаар сард багтаан Засгийн газраа байгуулж аваад дахиад орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд ордог. Сурталчилгаа ч гэж дээ, тэр нь хүртэл хууль бус шүү дээ. Төрийн захиргааны болон төсвийн бүх байгууллагууд эрх барьж байгаа намын сонгуулийн кампанит ажилд зарагдана. Харин ирэх жил нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ингээд дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгтэй монголчууд хоёр жилийг нь цэвэр сонгууль явуулахад зарцуулдаг байлаа. Тиймээс нэгдүгээрт, энэ хугацааны талыг нь ч гэсэн үр ашигтай зүйлд зориулья гэж байгаа хэрэг.

Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн хөлд хагас жил дарагдсан ард иргэд орон нутгийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгөхөө больчихдог. Түүний нэг илрэл нь өнгөрөгч 2008 оны намар явуулсан орон нутгийн сонгуулиар нийслэл болон зарим аймгуудын сонгуулийн ирц 50 хувьдаа ч хүрээгүй. Дахин сонгууль зарлахдаа тухайн үед эрх барьж байсан нам сонгогчдын нэрсийн жагсаалтад байсан сонгогчийн нэрсийн 10 хувийг хасч байгаад хүчээр ирцийг нь хүргэсэн гэдэг юм байна лээ. Санал өгсөн сонгогчийн тоо буураад байхад, хувь нь өсөөд гарсан гэж байгаа. Ингээд нийт сонгогчийн 50 хүрэхгүй хувь нь санал хураалтад оролцож, тэдний 50 хувийнх нь дэмжлэгийг авсан төлөөлөл орон нутгийн удирдлагад гарч ирдэг.

Энэ байдлыг халахын тулд, иргэд орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгохдоо УИХ-ыг сонгож байгуулахаас дутуугүй ач холбогдол өгч, аль болох олон хүний саналаар сонгож байгуулдаг, эргээд тэднээсээ хариуцлага шаарддаг байгаасай гэсэндээ хоёр сонгуулийг зэрэг явуулахаар болсон хэрэг. Ялангуяа ирэх жилээс шинээр мөрдөж эхлэх төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэлээд өргөсгөж, төсөв санхүүг нь хүртэл төвөөс хараат бус байхаар хийж өгсөн. Үүнээс хойш тухайн бүс нутаг хөгжих үү, үгүй юу гэдэг нь УИХ-д сонгогдсон нэг, хоёр гишүүнээс биш, орон нутгийн өөрийнх нь удирдлагуудаас илүү хамааралтай болж байгаа. Хэрвээ үүнийг иргэд анзаарсан бол дээр УИХ-д сонгосон нэг, хоёр гишүүнээ “хог ачаад өг” гэж хормойдож явахаасаа илүү танай аймаг, нийслэл, сум, дүүргийг хэн удирдаж, юу хийх гэж байна вэ гэдэгт ач холбогдол өгч, аль болох олноороо саналаа нэмэрлэх учиртай.

Харин МАН-ын нөхдүүдийн яриад байгаа “Орон нутгийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн сараар алдагдах гээд байна, Үндсэн хууль зөрчлөө” энэ тэр гэдэг бол зүгээр л шалтаг. Үнэхээр л “Үндсэн хууль зөрчих гээд байна” гэж харсан бол аль 2007 онд хууль баталж үедээ үүнийг ярихгүй яасан бэ. Тэгээд ч  хоёр сонгуулийг тус тусдаа явуулах нь төрийн ажилд ч цалгардалтай, ард иргэдийн амьдралд ч чирэгдэлтэй байна гэдгийг аль аль намууд хүлээн зөвшөөрсөн юм чинь тэр буруу зүй тогтлыг аль нэг цаг хугацаанд заавал таслан зогсоох нь тэдний үүрэг юм байгаа биз дээ. Тэгэхээр МАН-ын нөхдүүдийн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа энэ үнэдслэл сонгуулийг зэрэг явуулахгүй байх үнэн шалтгаан болж чадахгүй байна аа гэсэн үг. Шалтгаан нь харин “Нэгэнт бид орон нутагт 100 хувь эрх мэдлийг атгаж байгаа учраас /гурван аймаг, нэг дүүргээс бусад/ үүн дээрээ түшиглээд ядахдаа орон нутагтаа эрх мэдлээ авч үлдье” гэдэг л зорилго байгаа. Тэгвэл дараачийн удаа МАН Засгийн эрхийг 100 хувь авч чадна гэж, яг 2000 оных шиг.

Харин тэр алдагдсан дөрвөн жилийн дотор монголчуудын амь амьжиргаа, улс орны эдийн засаг, хөгжлийн бодлого дахиад хэр их уруудахыг таахад бэрх. Естой нэг “шааригдаж” өгөх байлгүй дээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн муу санааны үзүүрт тавьсан занга сайны үрд хүргэх нь юу л бол. Уг нь бол эрх барьж байгаа улс төрийн том хүчин ийм нэг өчүүхэн заль мэх, гох дэгээ тавилгүйгээр сонгуулиа шударга явуулаад, сонгогчдоо өөртөө татаж болох өчнөөн л арга зам баймаар юм. Эцсийн эцэст хэн тэднийг ялагдана гэж зөгнөсөн юм бэ. Өөрсдөө л цээжнийхээ мухарт нуусан айдсаа дарж чадахгүй, хамраар гарах ёстой утааг амаар гаргаад яваа юм биш үү?

Цэц рүү шидсэн бас нэг “дэгээ”

Үндсэн хуулийн Цэц маргааш дунд суудлаараа хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхээр дүгнэлт өгөх ёстой. Оны өмнөхөн УИХ-аар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар энэ удаагийн сонгуулийг мажоритари давамгайлсан холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан билээ. Ингэхдээ  мажоритари 48 тойрогт нэр дэвшигч нар тухайн тойргийн нийт сонгогчдын 28 хувиас илүү санал авсан бол УИХ-д шууд сонгогдохоор хийсэн байгаа. Энэ нь нэг талаас олон мандаттай тойрогт олон нэр дэвшигч өрсөлдсөн тохиолдолд “олонхийн санал аваагүй” гэдэг шалтгаанаар дахин сонгууль явуулахаас сэргийлсэн хэрэг. Нөгөө талаар сонгогчдын олонхийн санал аваагүй боловч 28 хувийн санал авсан л бол намын нэрээр санал хураалгасан пропорциональ суудал руу гулсаж орох боломжийг бий болгосон юм. Үүгээрээ энэ заалт Үндсэн хуульд заасан иргэдийн “шууд сонгох” эрхэд халдсан зүйл боллоо хэмээн үзэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байгаа билээ.

Тэд Үндсэн хуульд заасан иргэдийн “шууд сонгох эрх”  гэдэг нь хэлбэрийн хувьд иргэд саналаа хэн нэгнээр дамжуулах бус, өөрийн биеэр шууд санал өгөхийг хэлэх боловч агуулгын хувьд сонгогчийн өгсөн саналыг хэн нэгэн өөрчлөхгүй байх баталгааг хэлнэ хэмээн тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, сонгогчид олонхийн саналаар тухайн тойргийн мандатын тоонд заасан нэр дэвшигчдийг сонгочихоод байхад өрсөлдөөнд ялагдал хүлээсэн боловч нийт сонгогчийн 28 хувиас илүү санал авсан нэр дэвшигчид УИХ-д шууд сонгогдох боломжийг уг хуулиар олгосон нь “сонгогчийн өгсөн санал эцсийн бөгөөд хөдөлбөргүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна” гэж үзэж байгаа юм. Гэвч энэ тохиолдолд хуулийн агуулгыг нөгөө талаас нь унших шаардлага, шалтгаан бас бий. Ерөнхийдөө одооноос улс төрийн аливаа өрсөлдөөнд хувь улс төрчид биш, улс төрийн намууд өөрсдөө тоглоомын дүрмийг тогтоож байх юм гэдэг дээр намууд нэгдмэл зарчимд хүрсэн билээ. Сонгуульд намууд илүү хариуцлагатай оролцож, ялсан нь эрх мэдлээ хэрэгжүүлнэ, ялагдсан ч эрсдлээ хүлээнэ гэсэн үг. Нэгдүгээрт, тухайн нам сонгуульд ялалт байгуулахын тулд өөрийн намын нүүр царай болохуйц нэр нөлөө бүхий улстөрчдөө тойргууд руу шигших ёстой. Гэхдээ дээр хэлсэнчлэн олон мандаттай тойрогт олон нэр дэвшигчид дэвшсэн тохиолдолд /ялангуяа энэ нь нийслэлийн тойргуудад хамгийн их ажиглагддаг/ дахин сонгууль явуулах магадлал өндөр. Тиймээс харьцангуй олонхи /25 хувиас дээш/ буюу нийт сонгогчдийн 28 хувиас дээш санал авсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийг УИХ-д сонгогчдсонд тооцохоор хуульчилсан байна. Эсрэгээр нь энэ заалт байхгүй тохиолдолд хувь тэнцүүлсэн буюу пропорциональ ганц тойрогт нэр дэвшсэн 28 нэр дэвшигчээс бусад нь сонгогдох магадлал тун бага болчихоод байгаа юм. Гэхдээ мэдээж намын жагсаалтад багтаж байгаа нөхдүүд ч гэсэн Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын саналыг 100 хувь өөрийнхөө нам дээр цуглуулж байж 28-лаа УИХ-д суух боломжтой. Ингэх нь бараг л бололцоогүй л дээ.

Тиймээс мажоритари тойрогт нэр дэвшээд ялалт байгуулаагүй боловч тойргийн нийт сонгогчийн 28-аас илүү хувийн саналыг авсан тохиолдолд пропорциональ тойрог руу гулсах замаар мандат авч УИХ-д сонгогдох боломжийг хуулиар ол­госон хэрэг. Хэрвээ УИХ дахь хоёр нам анх ярьж байсанчлан 50:26 буюу пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор хуулиа баталж чадсан бол ийм зохицуулалт хийх шаардлага анхнаасаа гарахгүй байсан юм. Тэгэхээр УИХ-ын сонгуу­лийн тухай хуулийг Үндсэн хуулийн Цэц дээр аваачаад байгаа гулсдаг 28 хувийг “Хаалгаар гаргахаар тооноор орж ирэх нь” гэж харахаасаа илүү хуулийнхаа тогтолцоонд тааруулж хийсэн зохицуулалт гэж ойлгох хэрэгтэй болж байна. Хэрвээ энэ гулсдаг систем байгаагүй бол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бас л бэрхшээлтэй болох нь. Ядахдаа л сонгууль олон дахих магадлалтай.

Харин намын жагсаалтад баг­таж, пропорциональ том тойрогт өрсөл­дөж байгаа нөхдүүдийн хувьд нэгдүгээрт намдаа хамгийн сайн оноо цуглуулах хэрэгтэй, хоёр­­дугаарт жагсаалтад дээгүүр орж байж УИХ-д мандат авна, гурав­ду­гаарт нам нь сонгуульд ялсан тохиолдолд Засгийн газрын танхимд орж ажиллана гэдгийг ухаарах ёстой. Эсхүл Засгийн газрын гишүүнээр томилогдсон аль нэг гишүүний араас гулсаж, мандатын тоонд багтах боломжтой.

Иймэрхүү асуудалтайгаар энэ хаврын чуулган нээлтээ хийх гэж байна. Цэцийн дүгнэлт яаж га­рах, МАН-ын Засгийн газар орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах зэргээс хаврын чуулганы хэлэлцэх асуудал, хийх ажил тодорхой болно. Хэдийнэ шийд­чих­сэн асуудлуудаа явуулахын оронд дороо хий эргээд, хэрэлдээд сууя гэ­вэл ч бас шалтаг шалтгаан олдох л юм байна.

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.