АН л ялагдлаа хүлээж чадахгүй жагсаал цуглаан хийдэг шүү дээ

МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондогтой сонгуулийн дүнгийн талаар ярилцлаа.

-МАН ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй санал тоо­лох машиныг сонгууль буд­­лиантуулсан  гэж эсэр­гүү­цэл илэрхийлж байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ?

-Асуудлын гол нь ялсан, ялагдсандаа биш. Маш ойл­гомжтой булхай луйвар  явагдсан болохоор л МАН бо­лон бусад улстөрийн хү­чин дуу нэгтэй СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Ав­томатаар са­нал тоолох асуудал байнга маргаан будлиан дагуулдаг гэдгийг дэлхийн олон улс орон батлаад, ном хүртэл гаргасан байна шүү дээ.

Сонгууль  луйвардах  буюу  цахим сонгууль явуулах арга гэдэг номыг телевизийн баримтат киног үндэслэн гар­гасан юм билээ.

Саяны УИХ, НИТХ-ын сонгуулийг буд­лиантай болсон гээд эсэргүүцээд байгаа юм. Тиймээс хэн хэндээ элдэв юм саналгүй гар ар­гаар са­налаа тоолчихъё гэсэн хүсэлт тавьсан. Сонгууль буд­лиантай болж уу, үгүй юу гэдгийн бурууг автомат ма­шинд чихээд байгаа юм биш. Машинд буруу байхгүй. Ганцхан программ алдаатай. Ингэж үзээд Сонгуулийн Ерөнхий хороонд гомдлын дагуу бүх материалаа хүр­гээд өг­чихсөн. Автомат машинаас гадна СЕХ бас нэг илэрхий зөрчил гаргасан.

-Ямар зөрчил гэж?

-Санал өгөх нийт сон­гогчдын тоо, санал авсан тоо­той давхцах эцсийн тоо­­цоог гар­гасан. Энэ зөр­­чигдсөн. Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоол­сон тохиолдолд хэлэлцэн шийдвэрээ сонсгосны да­раа хүчин төгөлдөр са­налын хуудсыг багцлан боож, би­түүмжлэн хурлын тог­тоолын тэмдэглэлийг сон­гуулийн бусад баримт бич­гийн хамт салбар хороонд өгнө. Салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй ирүүлнэ гэсэн.

Өөрөөр хэлбэл, саналын хуудсыг хүчинтэй, хүчингүй гэж ялгах тогтоол бий. 2012  оны тавдугаар сарын 15-ны 60 дугаар тогтоолоор батлагдсан зааврын “хү­чинтэй, хүчингүйгээр” са­налын хуудсыг ялгах, 68 дугаар тогтоолоор баталсан журмыг дугуйлснаас өөрөөр тэмдэглэснийг өөр тэм­­­дэглэл хийсэнд тооцно гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Энэ  нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-ийн “Нам эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар тооцно зэрэг заалтыг илт зөрчсөн байна.

Гэтэл СЕХ-ноос 2012 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гаргасан 127 дугаар тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, СЕХ хууль бус 127 дугаар тогтоолыг санал хураах өдрөөс хоёр өдрийн өмнө гаргаж мөрдсөнөөр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнг нэгтгэхдээ хүчинтэй, хү­чингүй саналын  хуудсыг ялган, багцлан боож би­түүмжлэн, үүний да­раа хэсгийн хорооны тог­тоол үйлдэж, салбар бо­лон  тойргийн хороонд хүр­­­гүү­лэх тухай хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч, санал хураалтын дүнг буд­лиантуулсан.

-Та бүхний гомдлын хариуг хэд хоногийн дараа өгөх ёстой вэ?

-Гурав хоногийн дотор өгнө гэж хуулиндаа заасан байгаа.

-Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд СЕХ ямар хариуцлага хүлээх вэ?

-СЕХ  сонгууль   буд­лиул­сан бол бүрэн бүрэл­дэхүү­нээрээ  огцрохоос эх­лээд хуу­линдаа хариуцлага хү­лээх субъект нь тодорхой байгаа.

-СЕХ 127 дугаар тог­тоолыг хүчингүй болговол 100 мянга гаруй саналын хуудсыг ахиж шалгаж нягтлах боломжтой болно гэж МАН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хүрэл­сүх хэлсэн. Энэ тоо танай намын саналд нөлөөлөх болохоор ийнхүү маш тодорхой хэлсэн юм уу?

-Ер нь бол урд өмнөх сонгуулиудаар нийт сон­гогчдын 1.5-1.6 хувь нь хү­чингүй болдог байсан. Одоо 10 гаруй хувь нь хү­чингүй болчихоод байна. 120 мянган сонгогч Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Хуучин 10 мянга байдаг байсан бол одоо 120 мянга болчихоод байна. 120 мянган хүний санал сонгуульд айхтар нөлөө үзүүлнэ гэж байхгүй л дээ.

Үнэхээр тэдгээр саналыг хүчингүй болгох хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг бид гараар тоолж байж мэднэ. Түүнээс машин илүү, дутуу будсан юмыг сонгуулийн дүнд тусгаж, зарчмыг алдаг­дуулж байна. Энэ нь хасагдахаар санал байна уу, харгалзаж үзэхээр санал уу гэдгийг шалгаж  үзэх хэрэгтэй шүү дээ.

-Эрх  чөлөөг   хэрэгжүү­лэгч намын дарга мэдэгдэл хийхдээ “Сонгууль буд­лиан­тай болсон. Яагаад гэвэл, жи­­рийн сонгогчийн хувиар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намдаа санал өгсөн. Гэтэл миний санал өгсөн тойрогт манай нам ганц ч санал авсангүй гэдэг дүн гарсан нь жирийн сонгогчийг ч эргэлзэхэд хүргэлээ” гэж байсан. Магадгүй улс­төрийн намууд сонгуульд ялаг­даж сураагүйдээ энэ мэ­тийн тайлбар арга саам эрэлхийлсэн юм болов уу?

-Маш тодорхой жишээ татъя л даа. Архангай айм­гийн тойргийн нэгтгэсэн дүнг үзье. Архангай аймгийн Их тамир суманд 2285 хүн санал өгсөн. Гэтэл тухайн той­рогт нэр дэвшигчдэд са­нал өгсөн сонгогчдын тоог хуваагаад үзэхэд тус су­манд 386 санал сох дутсан. Хү­чинтэй саналын хуудасны тоо гэдэг дээр таарах ёстой нэр дэвшигчдийн нэр санал өгсөн тоотой тэнцэх ёстой биз дээ.

Нэг хэсгийн хороонд 386  санал дутсан гээд үзэхэд Архангай аймгийн хэм­жээ­гээр нийтдээ 4588 санал хаач­сан нь мэдэгдэхгүй алга болсон. Эдгээр хүмүүсийн санал хаана очоод алга болов гэдэг зүйл асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм. Тиймээс машин үнэн тоол­сон байна уу. Худлаа тоолсон байна уу гэдгийг юуны түрүүнд нягтлах ёстой. Дараа дараагийн сон­­­­гуульд энэ машиныг ашиг­­­­лана. Ирэх жилийн Ерөн­хийлөгчийн сонгуульд ашиглана. МАН сонгуульд ялагдах гээд байгаадаа биш. Ерөөсөө энэ удаа машинаа магадлаад үнэхээр үнэн зөв доголдолгүй машин байна гээд шалгаад, итгэх нь нэг хэрэг. Болохгүй байна гэд­гийг нотлох юм бол өөр програм ашиглаж болно шүү дээ.

Ингэж үнэн зөв эсэх эр­­гэлзээг гаргахын төлөө бид тэмцэж байна. МАН ялагд­чихаад тахимаа өгөх­гүйдээ гол нь биш. Бид ялж, ялагдаж, бас адил тэнцүү байж ч  үзсэн.  Одоогийн   байд­лаар сүрхий олон саналаар сонгуульд ялагдчихсан ч юм алга. 2-3 хүний л  тооны асуудал байгаа шүү дээ. Хамтарсан Засгийн газар бай­гуулаад л явна. Нэг их харамсаж, халаглаад, айж,  гуньж гутраад байгаа зүйлгүй. Дахин хэлэхэд,  дараа дараагийн сонгуульд хэрэгтэй гэдэг утгаараа тэм­цээд байна.

-МАН жагсаал цуглаан хийх гэж байна. Олон ний­тийг эмх зам­бараагүй бай­далд уриа­лан дуудлаа гэх зэрэг мэдээлэл гадуур тархах бол­лоо. МАН сон­гуулийн дүнг хүлээн зөв­шөөрөхгүй гээд жагсаал цуг­лаан зохион бай­гуулах гэж байгаа юм биш биз дээ?

-МАН-ын хувьд жаг­саал цуглаанд  нэг  их ач холбогдол өгөхгүй байгаа. Асуудлыг дэвэргэж, нийг­мийг эмх замбараагүй бай­далд хүр­гэх замаар асуудалд хандахгүй.  Ер нь бол  бу­сад нам эвслээс жаг­саж, шу­дарга ёсыг тогтооё  гэсэн санал их ирж байна. Орон нутаг, аймгуудаас ч ийм санал их ирсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй бай­гаа. Тиймээс СЕХ-той хэл амаа ойлголцоно гэж найдаж байна. Болж өгвөл улсын хэмжээнд саналыг гараар тоолъё гэ­сэн. Төвөгтэй байна гэвэл аймгууд дээр хийе. Нийт зургаан  аймгийн санал тоо­лох асуудлыг хөндсөн.

-СЕХ  гараар санал тоо­лох хүсэлтийг хүлээж авах­гүй гэвэл танай нам ямар арга хэмжээ авах вэ?

-СЕХ-ны шийдвэрийг бу­руу гэдгийг нотлох газрууд бий  шүү дээ. СЕХ бол маргаан шийдвэрлэх дээд байгууллага биш. Үндсэн хуулийн цэц гэж бий. Бид шат дараатай  арга хэмжээгээ авна. Яваандаа хууль бус 127 дугаар тог­тоолын асуудлаар ҮХЦ-д хандана. Материалаа ч бэлдчихсэн.

-Асуудлын гол нь ма­шиндаа юу, хуулиндаа юу?

-Энэ жилийн хувьд Сон­гуулийн хууль маш сайн болсон. Тийм учраас сонгууль бүрээр элдэв бэ­лэг сэлт тараадаг асуудал арилсан. Хуучин цагийн хууль зөрчсөн зүйл ч эрс хумигдсан. Хамгийн гол нь асуудал санал тоолох ма­шинд бий. Машиныхаа алдааг засах юм бол дараа дараагийн сонгууль хэл амгүй явагдах болно.

-Автомат машин санал будлиантуулсан гэдэг нь нотлогдвол төрийн эрхийг хууль бусаар авч байна гэ­сэнтэй адилхан гэж ойл­гож болох уу?

-Тэгж үзэхээс өөр арга­гүй шүү дээ. Хэрвээ тэр нь нотлогдсон бол сонгууль буд­лиантуулсан АН-ын ги­шүүд төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон.

-МАН  өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч байсан. Гэтэл бүх эрх мэдэл гарт нь төвлөрчихөөд бай­хад өнөө­дөр сонгууль буд­лиантсан гэж автомат ма­шинд буруугаа чихээд сууж болох уу?

-Хамгийн гол нь энэ асуудал Монгол Улсын Тэр­гүүн шадар сайдын эрхлэх хүрээнд багтдаг юм. Эрх мэдлийнхээ хүрээнд санал тоолох  машин авах мөнгө нь түүний багцад багтсан. Тиймээс МАН-д дангаар ший­дэх сонирхол байгаагүй. Хоёрдугаарт, төрийн хүн учраас Н.Алтанхуягт итгэл хүлээлгэсэн хэрэг. Гэвч энэ асуудалд хариуцлагагүй ханд­лаа  гээд УИХ-ын ги­шүүд дараа нь ярьж байсныг санаж байгаа биз дээ.

-Хоёр  ч удаа­гийн сон­гуульд монголчууд жаг­саж, нийгмийн эмх зам­бараагүй байдал гаргах болсон. Ха­рин энэ удаа нам гүм өн­гөрөх төлөвтэй. Өнөөдөр МАН сонгуульд ялагдсан ч өргөдөл гаргаад сууж байна. АН байсан бол аль хэдийнэ жагсчихсан байгаа даа?

-Ер нь л АН-ын санаа­чилгаар янз янзын юм гардаг. 1996 онд МАН цэ­вэр ялагдсан ч дараа нь чи­мээгүй л өнгөрсөн. Гэтэл АН ялагдсан  2004 онд юу боллоо. Мөн 2008 онд бүр ч муухай юм хийсэн. Тийм учраас жагсаал цуглаан, үймээн самуун бол АН-ын л хийдэг ажил.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих