МАНАН арилав уу?

Сонгууль, наадам хоёр болдгоороо болоод өнгөрлөө. Аль аль нь дажгүй ээ, сайхан л боллоо. Энд харин сонгууль, бас шинээр байгуулагдах засгийн талаар бодлоо хэлье. Энэ удаад өмнөх сонгууль шиг алаан, тулаандаа хүрээгүй нь маш том амжилт. Санал тоолох машин маапаангүй ажиллаж, элдэв гомдол эхэндээ гарсан ч уван цуван тайвширсаар бүгд хүлээн зөвшөөрлөө. Сонгуулийн өмнө МАНАН-гаас ангижрана, хуучин “хулгайч” нарт санал өгөхгүй гэж хэсэг шуугисан байх. Гэвч, ерөнхийдөө өнөөх л өгдөг хэдэн нам, хүмүүстээ өгөөд гаргах шиг боллоо. Өнгөрсөн 20 жилд МАХН, Ардчилсан нам гэсэн 2-хон намд манайхан саналаа ээлжилж, хольж хутган өгсөөр ирсэн тэр гальбир хэвээрээ үлдэв. Нэг онигоо шиг яриаг улстөрчдөөс сонссон юм. “Энэ удаагийн сонгуулиар ч шинэ хүмүүсийг сонгоно, нам биш, хүнийг нь харна” гэж их ярьж байна даа гэсэнд, “оо тий, сонгууль болгоноор л тэгж байдаг шүү дээ. Тэр сонгох гээд байгаа шинэ хүмүүс нь хаана байна вэ? Нэр дэвшээгүй, байхгүй шинэ хүнийг яаж сонгох билээ? Харж л байгаарай, өнөөх хуучин нам, хүмүүсээ л сонгоно.” гэж билээ.

Энэ яриа үнэн гэдгийг баталж АН, МАН, МАХН гэсэн гурван нам ерөнхийдөө бүх саналыг хуваан авчээ. Ардчилсан Нам 35 хувийн санал авч бусдаасаа арай олонх болсон ч, үнэмлэхүй олонх болж чадсангүй. Уг нь энэ удаад тэдний хувьд тун ховор боломж заяасан ч 39 суудал авч дөнгөсөнгүй. Энэ сонгуулийг тэд “ялагдах эрхгүй сонгууль” гэцгээж ялах итгэл дүүрэн байх шиг харагдаж байв. МАН дээр МАХН-ын саналын хувийг нэмбэл   53 хувь болж байна. Үндсэндээ Ардчилсан Нам өмнөх сонгуулийн үеийнхээс гавьтай илүү санал авсангүй. АН өөрийн нормт саналаа авдгаараа авч, нөгөө талын санал МАН, МАХН-д хоёр хуваагджээ. Өнөөх МАНАН хэвээрээ үлдлээ гэж үү?

МАНАН-г тэгтлээ их үзэн ядсан ард түмэн яагаад тэднийгээ дахиад сонгочихов? Ер нь ингэхэд МАНАН гэж юу вэ? 2008 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ нэр томъёо гарч ирсэн юм. Уг нь Ардчилсан нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, тэр үеийн МАХН дангаар Засаг бүрдүүлэх ёстой байв. Энэ бол ардчиллын суурь зарчим. Гэтэл, энэ зарчмыг эвдэж хоёр нам нийлж монголын түүхэнд анхны том коалишн байгуулсан юм. Зорилго нь энэ улсыг үсрэнгүй хөгжлийн ирмэгт аваачих гэж байв. Гэвч, хэрэг дээрээ тийм зорилго тавиагүй, шал өөр зорилготой байсан гэдэг нь өнгөрсөн 4 жилийн ЗГ-ын ажлын үр дүнгээр батлагдлаа. Тэдний зорилго өөрсдөө мөнгө олж баяжих байсныг ард түмэн ойлгожээ.

Үнэндээ манангийн дотор Ардчилсан нам, МАН хоёр бүхлээрээ орчихоогүй юм. Манангийн гол цөм болсон хэсэг гэвэл МАН-аас хотын гэх Миеэ.Энхболдын удирдсан фракц, С.Баяр, Сү.Батболд, мэдээж Ү.Хүрэлсүх, бас Ц.Нямдорж гэх мэт. Харин, АН-аас С.Баярцогт, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар голлосон “Алтан гадас” фракц. Санжийн Баярын найруулж дэглэсэн энэ бүлгэм “Оюу Толгой”, “Таван Толгой”, “Ухаа худаг” гэхчлэн уул уурхайн том том ордтой холбоотой гэрээг байгуулж мөнгөжжээ. Мөнгө тараах амлалтаа элдэв аргаар хэрэгжүүлэхийг оролдсон нь нийгмийн сэтгэлзүйд том гэмтэл учруулав. Үүний хор уршиг эдүгээ нийгэмд төрөл бүрээр илэрч байна.

Манан гэх тэр нэгдлийг анхнаас нь эсэргүүцэж байсан эрүүл үзэлтнүүд  аль аль намд цөөнгүй байв. МАН-д гэхэд олон гишүүн эсрэг байв. Тэдний нэг Дорнодын Шинэбаяр хамгийн түрүүнд гарч Намбар вантай нийлэн МАХН-ыг байгуулж, түүний араас бас цөөнгүй гишүүн дагав. АН дотор З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракцийнхан, фортуна хочит Батбаяр гээд цөөнгүй гишүүн манангийн эсрэг тэмцэж байв. Тэд “Оюу Толгой”-н гэрээг байгуулах явцыг хянаж, тэмцэж байсны эцэст арай танагтай гэрээ болгож чадсан юм.

Ийнхүү харахад, манан гэдэг бол идеалгүй, идеологигүй, нам дамнасан мөнгөний төлөөх хуйвалдагчид ажээ. Тэд өнгөрсөн 4 жилд яг юу хийж бүтээсэн бэ? Ард түмний амьдрал сайжирсан уу? Ард түмэнд ирээдүйдээ итгэх итгэл, хүсэл мөрөөдөл өгч чадсан уу? Уул уурхай тойрсон том гэрээнүүдийг өөрсдийн болгож, өврөө түнтийлгэхээр элдэв арга хэрэглэж байснаас өөр бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй. Сар бүр 21 мянган төгрөг тарааж, дээд сургуулийн шинэчлэлт, багш нарыг дэмжихийн оронд оюутнуудад ямар ч ялгаваргүйгээр мөнгө хуваарилж эхэлсэн нь бүхэлдээ энэ үндэстнийг амьдаар нь алах гэсэн бодлого юм.

Гэвч, хамгийн сонирхолтой нь сонгуулийн дүн тэрхүү МАНАН-г тодорхой түвшинд арилгасан байна. Зэрвэс харахад сонгууль болдгоороо болоод, өгдөг хэддээ саналаа өгч өнөөх л манан хэвээрээ мэт харагдавч хэрэг дээрээ тийм биш ажээ. Ардчилсан намын гол бантан хутгагч Алтан гудаснуудад огт санал өгсөнгүй. Тэднээс тойрогт нэр дэвшигчдээс ганцхан С.Баярцогт л гарч. Гурван этгээд намын нэрээр гарснаар дөнгөн данган 4-хэн гишүүнтэй Алтан гэдас фракц болжээ. Нөгөө талд МАН-ын хамгийн хорлонтой  фракц болох “хотынхонд” хүнд цохилт өгч хотын сонгуульд ялагдуулжээ…

Хэрвээ, Алтанхуяг, Сайханбилэг нар тойрогт нэр дэвшсэн бол баталгаатай гарахгүй байж. Ард түмэн мананг сонгохгүй хэмээн, шинэ эрэл хайгуул хийжээ. МАНАН-г үзэн ядсан сонгогчид ийнхүү чухам нүдээ олсон сонголт хийсэн байна. Юм гэдэг учиртай шүү, ард түмэн яг л голоор нь сонгож. Монголын ард түмэн МАНАН-г сонгосонгүй.

Ардчилсан нам Засгийн газраа яаж байгуулах ёстой вэ? Хэн Ерөнхий сайд болвол зохилтой вэ? Алтан гэдсын толгойлогч Алтанхуяг Ерөнхий сайд болно гэж өөрийгөө зарлуулсаар, Эрдэнэбат нь дайснаа дарж дархан цолоо мандуулсан баатрын дүр эсгэн ажлаа баяр ёслолын байдалтайгаар хүлээлгэн өгч, УИХ дахь бүлгийн дарга болох гэнэ. Уг нь энэ нөхдөд тийм гавьяа хэрхэвч байхгүй гэдгийг өнгөрсөн 4 жил хийгээд энэ сонгуулийн үр дүн тодоос тод харуулна.

Шинэ Засгийн газрыг Алтанхуяг мэтийн хуйвалдагчаар удирдуулж огтхон ч болохгүй. Тэр этгээд Ерөнхий сайд болвол өнөөх манан дахиад сэргэх аюултай. Монголын төр үзэл идеологигүй, мөнгөний төлөөх хуйвалдаанаар гаршсан, улсаа ч худалдчих дөнгөөний улангассан этгээдүүдээс хол байх нь ард түмэнд хожоотой. Сонгогчдын саналд дүгнэлт хийвэл МАНАН-г дэмжсэнгүй, Алтанхуягийг дэмжсэнгүй. Н.Алтанхуяг Ардчилсан намыг түүхэнд ховор олдох таатай нөхцөлд, сонгуульд ялуулж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээж ажлаа өгвөл зохино.

Шинэ Засгийн газрыг шударга, мэдлэгтэй, сэтгэлтэй, зөв хүнээр удирдуулж манан хэмээх мөнгөний төлөөх хуйвалдааны үзэгдлээс монгол төрийг цэвэрлэх нь хамгийн чухал. Энэ бол сонгуулиар илэрхийлсэн ард түмний хүсэл юм. Цэгц шулуун үзэл баримтлалтай, шударга улстөрч гэвэл Зандаахүүгийн Энхболд, Женко Баттулга гээд АН-д эх оронч удирдагчид цөөнгүй бий. Шударга хүнээс, шударга зарчмаас айдаг нь өнөөгийн монгол улстөр. Монголын улстөрийг цэвэрлэе гэвэл хамгийн түрүүнд энэ улсын ард түмний эрх ашгийг дээдэлсэн шударга улстөрийн зарчим, соёлыг хэвшүүлэх ёстой.

Шударга зарчимч чанарыг “найраагүй, хэл амаа олоход хэцүү” хэмээн өөнтөглөдөг нь “хувааж иддэггүй” гэсэн хуйвалдагч манангийнхны цаад санаа. Шударга байна гэдэг ард түмний хүслийг дээдлэхийг хэлнэ. Ялсан нам энэ л зарчмаар ажиллаж, бусад намын хөтөлбөрөөс дэвшилтэт талыг нь тусгаж ажиллах ёстой.

Хуйвалдааны улстөрчдийн үнэн царайг өнгөрсөн 4 жилд харж ханалаа.Ард түмний хүслийг хүндэтгэж МАНАН хэмээх мангасаас ангижрая. Манан дахиад бүрдэж эхэлбэл энэ улсын хувь заяа эргэлзээтэй болж эхлэнэ. Эцэс төгсгөлгүй үймээний эхлэл тавигдана.

Б.Харбаатар

medeemn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих