Инфляцийг найман хувьд барих боломжтой юу?

Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д танилцуулав. Инфляцийг тогтвортой, нам төвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хэрэглээний үнийн индексээр хэмжихэд 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байлгаж, цаашдаа бүр 5-7 хувь болгоно гэлээ. Монголбанкны мөнгөний шинэ бодлого мөрөөдөл үү. Энэ мөрөөдөл Монголын эдийн засгийн бодит өсөлтөд хэрхэн нөлөөлөх бол. Гэтэл энэ мэдэгдлийн дараа “Өнөөдөр” сонины аравдугаар сарын 10-ны дугаарт эдийн засагч Д.Жаргалсайханы “Монголбанкны мөрөөдөл” гарчигтай нийтлэл хэвлэгдлээ.

Харин төвбанкны ерөнхийлөгч төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг танилцуулах “Зангиагүй уулзалт”-ын үеэр инфляцийг найман хувьд барих боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултад “Хийж чадахгүй байсан бол би ингэж хэлэх эрхгүй. Хэрэв ирэх оны төгсгөлд одоо 15 хувьд хүрээд байгаа инфляци найман хувьд хүрээгүй байх юм бол намайг юу ч хийгээгүй гэж бод” хэмээн зоригтой дуугарсан юм. Үнэхээр Монголбанкны шинэхэн ерөн­хийлөгч Н.Золжаргалын най­ман хувийн инфляци мөрөөдөл үү. Эсвэл ажил хэрэг болох боломжтой юу. Энэ удаагийн “Хэн нь худлаа яриад байна вэ” буландаа төвбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн талаарх хоёр талын байр суурийг хүргэж байна.

Д.ЖАРГАЛСАЙХАН: 100 гаруй жилийн өмнө Иелийн их сургуулийн профессор Эрвин Фишер Н.Золжаргалын адилаар итгэж байжээ
-Мөнгөний бодлогыг зөвхөн инфляци руу чиглүүлэн барааны үнийг тогтвортой байлгаж чадвал эдийн засгийн хэвийн өсөлтийг хангаж болно гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын адилаар 100 гаруй жилийн өмнө Иелийн их сургуулийн профессор Эрвин Фишер итгэж байж. Үнийн илэрхийллийг зохиож,өнөөгийн үйлдвэрлэгчийн үнийн болон хэрэглэгчийн үнийн индексийн суурийг тавьсан Э.Фишер 1929-1933 оны санхүүгийн сүйрлийг урьдчилан харж чадаагүй бөгөөд үнэт цаасанд оруулсан хувийнхаа бүх хөрөнгийг алдсан юм. Үнэ л өсөхгүй бол эдийн засаг хэвийн гэж үзэх нь зөвхөн мөнгөний зах зээлийн богино хугацааны өөрчлөлтийг онцгойлон, урт хугацаанд нөлөө үзүүлдэг хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтийг тооцож чадахгүйд хүргэдэг. Зөвхөн л үнийг тогтвортой байлгах бодлого явуулж инфляци өсөж буй цагт мөнгөний хатуу бодлого явуулахын оронд бодлогынхоо хүүг бууруулан зөөллөх нь мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх болно. Энэ нь төвбанк “оновчгүй халамжийн” бодлогоос ухарч чадахгүй байгаа Засгийн газартай хамтарч бага ч гэсэн саарах хандлагатай байсан мөнгөний нийлүүлэлтийг тэлж, эрэлтээс үүдэлтэй инфляцийг өсгөх болно.

Монголбанк нэгэнт инфляцийг онилж мөнгөний зөөлөн бодлого барих гэж байгаа бол мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан барааны нийлүүлэлтийг өсгөх, ажлын байрны тоо, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх шаардлагатай байна. Уялдсан бодлого нь тодорхой гурван зорилготой юм. Үүнд, аль болох олон хүнийг ажилтай болгох, үнийг тогтвортой байлгах, урт хугацаанд мөнгөний хүүг бага төвшинд байлгах гэсэн томьёоллыг багтааж болно. Монголбанкинд урт хугацаанд мөнгөний хүүг тогтвортой болгоход гол нөлөө үзүүлдэг орон сууцны зээлийн хүүг багасгах арга хэрэгсэл байхгүй учир хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг холбогдох байгууллагуудын бодлогод ч бас суулгах шаардлагатай. Мөнгө ба хөрөнгийн зах зээлийг хамарсан санхүүгийн бодлогыг тодорхой зорилго дэвшүүлэн хэрэгжүүлбэл хувийн хэвшил шинэ ажлын байр бий болгох эрмэлзлэлтэй, өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах, бизнесээ урт хугацаагаар төлөвлөж, өргөтгөх боломжтой болно.

Засгийн газар болон Монголбанкны үүрэг бол хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагааг хангах, тэдний үйл ажиллагааны санхүүжилтийн өртгийг багасгах, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэх ёстой. Хувийн хэвшил хөгжин бэхжих замаар тогтмол ажил, орлоготой, орлогоосоо амьдралын зардлаа хасаад тодорхой хуримтлал бий болгож чаддаг дундаж орлоготой давхраа үүсэж томрон, улмаар арван жилээр бага хүүтэй моргейжийн зах зээл бүрдэж эдийн засаг тогтвортой, бодитойгоор өсөх болно. Монгол Улс өнөөдөр мөнгөний бодлогоо хөрөнгийн зах зээлтэйгээ уялдуулсан төсөв, санхүүгийн цогц бодлого гаргаж, хэрэгжүүлэх хөгжлийн цэгтээ ирээд зогсож байна даа.

/“Өнөөдөр” сонин “Монголбанкны мөрөөдөл” нийтлэлээс ашиглав/

Н.ЗОЛЖАРГАЛ: Засгийн газартай хамтарч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлана
-Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд мөнгөний бодлогын арга хэрэгслээр инфляцийг тогтвортой нам төвшинд байлгаж, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөллийг хязгаарлах бодлого баримтлах юм. Үүний үр дүнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2013 оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн төвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ. Үүнээс гадна төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтална. Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын хэрэгслүүдийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал буюу зөвхөн эрэлтийн шинж чанартай инфляцийн өсөлтийг бий болгохгүй байхад чиглэж ирсэн. Харин нийлүүлэлтийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөг багасгах ажил ерөнхийдөө орхигдож ирсний улмаас сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлтийг нийлүүлэлтийн шинж чанартай буюу мах, гурил, шатахуун болон цахилгаан дулааны үнийн өсөлт болон импортолж буй барааны үнэ дэх тээврийн зардал өсч байгаа зэрэг нь нөлөөлж байгаа юм. Энэ нөхцөлд Монголбанкны зүгээс эрэлтийн шинжтэй инфляцийг багасгах, Засгийн газрын зүгээс нийлүүлэлтийн шинж чанартай аливаа инфляцийн дарамтыг бий болгохгүй байх чиглэлд хамтрах шаардлагатай байгаа юм. Инфляцийг бид 15 хувьд хүрчихээд байхад гайгүй л байхад сүртэй ш дээ ухааны юм ярьдаг биз дээ.

Гэтэл тийм биш ээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 60 хувиар өсөхөд нэн ядуу иргэдэд 80 хувийн дарамт үзүүлдэг. Харин дунд орлоготой иргэдэд 35-50 хувиар нөлөөлдөг. Гэтэл энэ инфляци ч чинь өнөөх баячуудад нэг хувиар л нөлөөлдөг байхгүй юу. Инфляцийн 15 хувь бол ийм л аюултай. Тиймээс л найман хувьд барих зорилт тавьсан хэрэг. Түүнчлэн төгрөгийн ханш чангарч, сулрах нь онцын ач холбогдолгүй гэдгийг зориуд дурьдмаар байна. Учир нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарах, сулрахдаа гол нь биш ердөө тогтвортой байх нь чухал. Тиймээс ч төгрөгийн гадаад валюттай харьцах нэрлэсэн ханшийг удирдах байдлаар тогтворжуулах гэж оролдох нь эцэстээ санхүүгийн салбарын аль нэг хэсэгт эрсдэл хуримтлагдах, тогтворгүй байдал үүсэх шалтгаан болдог гэдгийг олон улсын эдийн засгийн хөгжлийн түүх нотолсон.

Тухайлбал, Азийн олон улс орон эдийн засгийн төрөлжилт, хүний нөөц, технологийн давуу тал зэрэг онцлогоо ашиглан валютын ханшаа байнга сулруулж экспортын орлогоор эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгосон туршлага бий. Гэхдээ үүнийгээ захиргааны болон хөрөнгө шилжилтийн хязгаарлалтыг хэрэглэж байж 2008-2009 онуудын хямрал харуулсан. Манай эдийн засгийн хувьд эдгээр хувилбарууд тохирохгүй гэдгийг харуулсан. Жишээ нь, Хятад улс гэхэд валютын ханшаа байнга сулруулж байсны хүчинд гурван триллион ам.долларын нөөцтэй болсон. Үүнийхээ хүчинд хямралыг ажрахгүй туулсан юм. Мөн инфляци өсч, цалин нэмэгдээд эхлэхээр хувийн сектор амьдрах орчин нь хумигдаж эхэлдэг. Тиймээс л инфляцийг найман хувьд барих ёстой.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих