ГОЛОМТ БАНКНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 10 ДАХЬ ЖИЛДЭЭ…

Мэдлэг оюун, авьяас билэг, мэдсэн сурснаараа үеийн залуусаа манлайлан Монголын шинэ үеийн оюутан залуусын нүүр царай болж 2012-2013 оны хичээлийн жилд Голомт банкнаас тэтгэлэг хүртэх шилдэг 100 оюутан тодорч 2012 оны 10-р сарын 19-ний үдэш тэтгэлгээ гардан авлаа.

2003 онд Монголын бизнесийн байгууллагуудаас Голомт банк  оюутнуудыг дэмжиж тэдний сурах их үйлсэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэдэг санал санаачлагыг анхлан гаргасан нь өдгөө оюутнуудын хүсэн хүлээдэг, оюуны чадавхиа сорьдог томоохон талбар болсон юм.

2012 оны 9-р сарын 15-30-ны өдрүүдэд Голомт банк 10 дахь удаагийн оюутны тэтгэлэгт хөтөлбөөрөө зарлаж магадлан итгэмжлэгдсэн 19 их дээд сургуулийн 300 гаруй оюутан хамрагдаж, 4 үе шат бүхий сонгон шалгаруулалтын дүнд шилдэгүүд тодорчээ.

Энэ жилийн тэтгэлэгт 100 оюутны 96 нь Улаанбаатар хот, 4 нь хөдөө орон нутгаас шалгарсан бөгөөд дийлэнх олонхи нь МУИС, ШУТИС, СЭЗДС-ийн оюутнууд байна.

2012-2013 оны хичээлийн жилийн турш сар бүр картандаа  тэтгэлгийн мөнгө авахаас гадна Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажилд орох зэрэг олон боломжууд тэтгэлэгт оюутнуудад нээгдэж байгаа юм.

Бас нэгэн баяртай мэдээг дуулгахад Голомт банк энэ жил оюутнуудад олгох тэтгэлгийн мөнгөний хэмжээгээ нэмэгдүүлжээ.

Монголын боловсролын салбарт олон жилийн турш тасралтгүй хөрөнгө оруулалт хийж, сурах их үйлсийн эрэлд гарсан олон зуун залууст урам дэмжлэг, тулах цэг нь болсон Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр ийнхүү 10 дахь удаагийн шилдэг 100 оюутантайгаа учран золгож 10-р сарын 19-ний үдэш 1000 дахь оюутнаа тэтгэлээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих