Шалбааг
МАХН-ын дарга Н.Энхбаярт тохиолдож буй хэрэг одоогийн Ерөнхийлөгчид тохиолдохыг үгүйсгэхгүй гэнэ. Энэ бол тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэлсэн үг. Тэрбээр бүр “Нээрээ шүү” хэмээн тодотгохоо ч мартсангүй. Улмаар хэлмэгдүүлэлт эхэлсэн тул одоогийн Засгийн газар, намын дарга нарт тохиолдож мэдэх юм гэдгийг ч анхаарууллаа.
Харин Намбарын хүү цагаадаж, тэр цагт зарим нэгэн хүн нүүрээ хийх газаргүй болж, сандралдах аж. Энэ бол удахгүй ширгэж алга болох шалбаагны “эцсийн үг”, Ц.Нямдоржийн хэлснээр. Хууль зүйн сайд асан МАХН- ынхныг шалбааг хэмээн нэрлэсэн юм. Тэр дундаа зуны дулаан цагаар нар үзэж чадахгүй ширгэж алга болох төдийхөн настайг нь ч зөгнөсөн.
Харин МАН бол далай. Хязгаар нь үл харагдах хөлгүй их далайн чадварлаг залуурчин нь Ц.Нямдорж ч байж мэднэ. “Ясаа цайтал” улс төрийн тогоонд чанагдаж байгаа энэ эрхмийн үг хатуу ширүүн, шулуун шударга гэж тодотгох хүн цөөнгүй. Тиймдээ ч түүнийг үзэн ядан хүн хэтэрхий олон гэж эл хүрээнийхэн дүгнэдэг. Тэгвэл мань хүн дайсныхаа тоог МАХН- ынхнаар нэмсэн нь энэ.
Хөлгүй их далайгаас тасарсан өчүүхэн шалбааг хэмээн Н.Энхбаярын багийнхныг нэрлэснээрээ дуэлд дуудагдчихаад байна. Түүний хэлж байгаагаар МАХН МАН-ыг гуйж ирэх цаг ойрхон гэнэ. Харин далай хэзээ ч шалбаагтай нэгддэггүй юм гэдгийг онцолсон. Тэгвэл МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ч хоёр намын нэгдэхгүй гэдэг нэгдмэл байр суурийг баримталж байна.
Түүний хэлснээр буруу урсгалтай бохир голтой жижигхэн цэвэр булаг хэзээ ч нэгдэхгүй гэнэ. Өөрөөр хэлбэл, шалбааг бус булаг. Тэр дундаа ундарга сайтай булаг болохоо ах намынханд үзүүлээд өгөх юм байх. Ийнхүү хатуу самрын хэлсэн үг угшил нэгтэй хоёр намын нэгдлийг сарниулж, тоос болгож хувиргах нь тэр. Хэрэв салаалсан мөчирөө дэргэдээ ургуулахыг хүсвэл МАН-ынхан цэвэрших хэрэгтэй гэх.
Ц.Нямдоржийн зүйрлэлээр тайлбарлавал жижигхэн ч гэсэн цэвэр булаг бохирдсон далайтай хаяа дэрлэн оршин тогтнох боломжгүй гэдгээ илэрхийлэв.
Шалбаагийг ширгэж алга болохыг хүсэн хүлээгчид хэтэрхий олон байгааг ч МАХН-ын генсек нуусангүй. Улмаар орон зайг нь эзлэхийг хүсэгчид МАН, АН-ын аль алинд нь бий гэнэ.
Иймд тэднийг баярлуулах шийдвэрийг тийм ч амархан гаргахыг хүсээгүй байж мэдэх нь. Асуудал удааширх тусмаа сонирхолтой юм биш үү гэх Ч.Улааны үг ч нэгийг бодогдуулах аж. Засгийн газраас өрх тусгаарлахаа тухай МАХН- ын Гүйцэтгэх товчооны гэнэтийн шийдвэрийг гишүүд нь зөөллөх гэж арга ухаан сийлээд эхлэх шиг.
Эвсэл эвтэй байхдаа хүчтэй байна гэдгийг энэ парламентынхан тун ч их анхааруулж буй.
Өөрөөр хэлбэл, тэд нэгдмэл нэг санаатай байх учиртай. Эс бөгөөс эвсэл бутарч, энгийн ард олширно. Иймд МАХН Засгаас гарахаар шийдвэрлэвэл МҮАН ч дагахаас өөр замгүй. Одоогийн байдлаар МҮАН дотроо хуралдаж, Засгийн газраас гарахгүй байх талаар нэгдмэл нэг байр суурь баримталж байгаа тухай Эрчим хүчний сайд М.Сономпил мэдэгдсэн. Мэдээж, энэ эцсийн шийдвэр биш.
Энэ долоо хоногт хуралдах Шударга ёс эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар эцсийн хариу гарна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд аль нам олонхи байгаагаар асуудал эцэслэгдэхгүй гэдгийг Г.Шийлэгдамба тэмдэглэсэн байсан. Үүнээс үзэхэд МАХН Засгаас гарах биш гаргахгүй байх арга замыг эрэлхийлээд эхэлсэн байж мэдэх л юм. Тэдний энэ үйлдлийг таамагласан эрх баригчид ч ташуур өгөхийн тулд Шадар сайдынх нь хоолойг боогоод эхлэв үү гэлтэй.
Ж.Батзандангийн энэ үйлдлийг Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ бол улс төрийн захиалга” хэмээн тодотгосон нь бий. Хэрэв тэр алдаагүй бол эрх баригчид МАХН- ын дэд даргыг жагсаалтаас гаргахыг хүсэж байна. Багаар нь биш ганц нэгээр нь онилоод эхэлсэн ч байж мэднэ. Харин МАХН-ынхан шинэчлэлийн Засгийн газрын бат аргамжаанаас тас зуурч, Н.Энхбаярыг биш Э.Батшугарыг парламентад оруулж ирэхийн тулд дараагийн шантаажаа хийж мэдэхийг эл хүрээнийхэн таамаглаж буй юм.
Эцгийг нь парламентын босго алхуулах нь битгий хэл нарсны амьдралыг нь “нар”-аар сольж чадаагүй тул эрх баригчдыг энэ насанд нь тарчлааж амьдрахыг хүсэж байна. Халуун нар шатахаас өмнө хажуудахаа уусгах их төлөвлөгөөг өчүүхэн шалбааг хүсэмжлээд эхэлсэн нь энэ мэт үйл явдлаас илчлэгдэх шиг…
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
URL: