Крилл үсэг авсаны учир

Бичиг үсэг гэдэг бол Хүн төрөлхтний соёлын маш чухал ололтын нэг юм. Чулуун зэвсгийн үеэс эхлэн өнөөдрийн атомын Үе хүртэл хүн төрөлхтний бүтээн хуримтлуулсан соёлын асар их өв нь бичиг үсэггүйгээр бүтэх аргагүй байсан нь мэдээж хэрэг юм. Хүний хэлсэн үгийг радиогоор алс хол нэвтрүүлэх буюу тэмдэглэх арга олох хүртэл бичиг үсэг нь хүний үг хэлийг алс хол дамжуулах, олон зуун жилээр хадгалан үлдээх ганц арга байсан.

 

Бичиг үсэг үүссэний ачаар хүн төрөлхтний нэг үеийн туршлагыг хойч үед нь уламжилж, нэг үндэстний соёлын ололтыг бусад үндэстэнд дамжуулах бололцоотой болж, улмаар нийт хүн төрөлхтний соёл, шинжлэх ухааныг урагш түргэн хөгжүүлэхэд хязгааргүй сайхан бололцоо олгосон байна. Энэ улмаас дэлхийн өндөр соёлт үндэстэн бүхэн эрт цагаас нааш бичиг үсгийн асуудлыг чухал болгон анхаарсаар иржээ.

 
Монгол угсаатан нь мөн дэлхийн бусад соёлт үндэстний нэг адил эртнээс нааш бичиг үсгийн асуүдлыг сонирхож маш эрт цагт бичиг үсэгтэй болсон согд, уйгур, хятад, төвдийн бичиг үсгийг анхааран судалж, өөрийн хэлэнд тааруулан үндэсний монгол үсэг, бичгийг зохион хэрэглэсээр ирсэн байна. Монгол угсаатан нь хамгийн боловсон бичиг үсэгтэй болохыг ямагт хичээдэг байсан учир нэг авсан бичиг үсгээрээ санаа ханахгүй, бичиг үсгээ дахин дахин сольдог байсан тул дэлхий дээр бичиг үсгээ хамгийн олон сольсон үндэстэн болсон байна.

 
Бодвол VIII-X зууны үед тэр цагийн өмнөд Монгол буюу Кидан нар хятадын санааг дүрслэх бичиг үсгийг ихэд сонирхож, умарт Монгол согд, уйгурын авиа тэмдэглэх үсэг бичгийг илүү сонирхон судалж, тэр цагийн монгол сэхээтэн хүмүүс нь өмнөд монголд согд, уйгур хэл бичиг голлон судалдаг байсан нь алгуурхнаар Монголын нийгмийн байдалд үндэсний монгол бичиг үсэг шаардагдаж ирэхэд Монголын зарим аймагт хятад бичиг үсгийг дууриан, зарим аймагт согд, уйгур бичиг үсгийг дууриан монгол үндэсний янз бүрийн бичиг үсэг зэрэгцэн үүссэн байж болно.

 

Өөрөөр хэлбэл VIII-X зууны үеийн Монголын олон аймаг нь анхандаа өөр өөрийн зэргэлдээ өндөр соёлт үндэстний хэл бичгийг соёлын зэвсэг болгон хэрэглэж байгаад дараа нь өөр өөрийн сайн мэдэх харь үндэсний янз бүрийн монгол үсэг бичгийг зохиосон байж болно. Жишээлбэл, Манж нар XIV-XVI зууны үед монгол хэл бичгийг соёлын зэвсэг болгон хэрэглэж байгаад XVII зууны үед монгол үсгийг өөрийн хэлэнд тохируулан манж үсэг зохиосон мэт.

 
Дэлхий дахины олон үндэстний бичиг үсгийн түүхийг үзэхэд олонхи үндэстэн бусад үндэстний бэлэн бичиг үсгийг авч өөрийн хэлэнд тохируулан хэрэглэсээр ирсэн байна. Үндэстэн бүр цоо шинээр бичиг үсэг зохиох гэж хүчин сүйтгэхгүй, бусад үндэстний бэлэн бичиг үсгийг авч хэрэглэх нь ямар нэгэн улсад хийсэн шинэ техник машиныг шууд авч хэрэглэхтэй адил дөхөм хэрэг юм.

 

Үүнээс гадна ойролцоо үсэгтэй үндэстэн нь харилцан бие биеийн бичиг үсгийг суралцах,  соёлоо солилцоход илүү дөхөмтэй байдаг ажээ. Эртний Монголын олон аймагг нэвтрэн орсон янз бүрийн систем бүхий бичиг үсгийн дотроос авиа тэмдэглэх согд, уйгур үсэг нь санааг дүрслэх хятад бичиг үсгээс монгол хэлэнд тохируулан хэрэглэхэд илүү хялбар дөхөм байсан биз.

 

Үүнийг уйгуржин монгол үсгийн үндсэн тэмдэг нь байгаа бол Киданы эх бичиг үсэг гэдэг нь 3000 хүртэл тэмдэг хэрэглэж байсан гэдгээс мэдэж болно. Энэ учраас цаашдаа согд, уйгур гаралтай монгол бичиг үсэг нь монголчуудын дунд улам улам дэлгэрсээр XIII зууны үед нийт Монголын бичиг үсэг болж, Хятад гаралтай кидан монгол үсэг нь тэгж нийт Монголын бичиг үсэг болж чадаагүй уул Кидан улсын мөхөхийн хамт алгуурхнаар хэрэгцээнээс гарсан байх гэж хэлж болох мэт санагдана.

 
XIII зууны үед Төвдөөр дамжиж Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрч ирэхэд Энэтхэг-Төвдийн үеийн үсгийг дууриалган Монголын дөрвөлжин үсгийг зохиолгож, нийт улсын үсэг болгохыг оролдсон байна. Өөрөөр хэлбэл, Хувилай хаан нь Монголын хуучин уйгуржин монгол үсгийг халахаар барахгүй, Хятадын санааг дүрслэх үсгийг авианы үсгээр халах бодлоготой байсан байна.

 

Хувилай хааны энэ бодлого биелсэнгүй. Хувилай хааны дөрвөлжин үсгийг уйгуржин монгол үсэгтэй харьцуулан үзэхэд хэрэв уйгуржин монгол үсэгт хэд хэдэн авиаг нэг үсгээр    тэмдэглэх зарчимтай бол дөрвөлжин үсэгт нэг авиаг нэг л үсгээр тэмдэглэдэг их нарийн үсэг байжээ. Энэ учраас уйгуржин монгол үсгээр бичсэн зүйлийг Монголын олон нутагт өөр өөрийн аялгаар уншихад онцын саадгүй байдаг бол, дөрвөлжин үсгээр бичсэн зүйлийг тэгж янз янзаар уншиж болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, уйгуржин монгол үсэг нь олон аялгуунд тохирсон, дөрвөлжин үсэг нь нэг аялгуунд тохирсон үсэг юм. Тод бус үсэгтэй уйгуржин монгол үсэг ялж, тод үсэгтэй дөрвөлжин үсэг ялагдсаны шатггааныг зарим монголч эрдэмтэн XIII зууны үеийн олон нутгийн аялгуунд хуваагдсан Монголын олон овог аймагт уйгуржин монгол үсэг нутаг нутгийн аялгуугаар уншихад саад болохгүй тод бус үсэг илүү тохиромжтой байсан тул тэгж олон нутгийн аялгууны хүн өөр өөрийн аялгуугаар уншиж болохгүй, дөрвөлжин үсэг мэтийн хэтэрхий тод үсэг тохиромж муутай байсан учир уйгуржин монгол үсэг ялж, дөрвөлжин үсэг ялагдсан байх гэж тайлбарладаг.

 

Монголчууд уйгуржин    үсгийг хэрэглэсээр хэдэн зуун жил болж нэгэнт хэвшлийг олоод бас нийт Монгол олон аймгийн дундын үсэг болсон их уламжлал нь шинэ тулгар зохиосон их нарийн төвөгтэй дөрвөлжин үсгийг ялахын бас нэг шалтгаан болсон байж болно. Гэвч монголчуудын өөрийн үсгийг нарийн тод болгох гэсэн эрмэлзэл үүгээр төгссөнгүй. XVII зууны үед баруун Монголд хуучин уйгуржин монгол үсгийг засамжилж тод үсэг гэгчийг зохиосон байна.

 

Энэ тод үсэг нь зөвхөн баруун Монголд  дэлгэрээд мөн л нийт Монголд тархаж чадсангүй. Энэ мэтийн нэг авиаг нэг үсгээр тэмдэглэж чаддаг тод үсэгтэй болох гэсэн оролдлого цөөн бус гарсан байна. Энэ эрмэлзэл бол бичиг зохиол уншиж, сурахдаа зарим үсгийг тааварлахгүй шууд уншдаг бичиг үсэгтэй болох, бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулах гэсэн чиглэл байжээ.

 

Өөрөөр хэлбэл, сурч судлах, бичиж хэрэглэхэд хялбар дөхөм бичиг үсэгтэй болох гэсэн эрмэлзэл юм. Гэвч феодализмын нөхцөл байдалд ийм эрмэлзэл биелэхэд бэрхтэй байжээ. Хувьсгалын өмнөх Монгол оронд монгол бичиг үсгийг гол төлөв албан харилцааны бичиг, үлгэр, түүх бичиг зохиох, шашны ном судар орчуулах зэрэг явцуу хэрэгцээнд хэрэглэж өргөн түмний өдөр дутмын амьдралд бараг хэрэгцээгүй байжээ.

 

Ялангуяа XIX зууны үеэс Монгол оронд шарын шашин хүчтэй дэлгэрсэн явдалтай холбогдож төвд хэл, бичиг өргөн дэлгэрч, номын үйлсэд төвд хэл бичгийг голлон хэрэглэх болсон төдийгүй түүх, үлгэрийг хүртэл төвд хэлээр төвд үсгээр зохиох болсоны улмаас монгол бичгийн хэрэгцээ нь бүр явцуурч ирсэн байна. Энэ нь ганц Монгол орны онцлогбиш, феодализмын ноёрхсон орон бүхэн үндсэндээ иймэрхүү байдалтай байсан байна.

 
XX зууны эхнээс эхлэн харийн түрэмгийлэгчид, дотоодын феодалын дарлал хурцдаж ирэхэд Монголын ард түмэн олон зуун жилийн унтсан нойрноос сэрж, энд тэндгүй үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байв. Төдөлгүй 1917 онд Орос оронд ялсан октябрийн социалист их хувьсгалын нөлөөгөөр ар Монголд ардын хувьсгал ялж, ард түмэн засгийн эрхийг барьж, өөрийн орныг капитализмын бус замаар хөгжүүлэх шинэ үе эхэлсэн явдалтай холбогдож Монголын нийгмийн байдал, соёлын хөгжилд их хувьсгал гарсан юм.

 

Үүний зэрэгцээ бас монгол бичиг үсгийн хөгжилд ч шинэ үе эхэллээ. Хэрэв хувьсгалын өмнө монгол бичиг үсэг нь гол төлөв албан бичиг, түүх үлгэр бичих, зохиох хэрэгцээтэй байсан бол хувьсгалын дараа монгол бичиг үсэг нь бүх ард түмэнд зүйл бүрийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх зэвсэг болсон байна. Өөрөөр хэлбэл, манай ард түмнийг дундад зууны үеэс капитализмыг алгасаж, социализмд шилжихэд зайлшгүй хэрэгтэй тэргүүний соёлыг байгуулахад манай бичиг үсэг түүний хурц зэвсэг болох ёстой болов.

 

Энэ учраас бичгийн хэл, ярианы хэл хоёрыг ойртуулах, бичиг үсгийг өргөн олны сурч судлахад хялбар болгох чухал шаардлага гарч ирсэн байна. Эн э зорилгыг биелүүлэхэд манай хуучин монгол бичигт хэд хэдэн ноцтой дутагдал байсан юм. Хуучин монгол үсгийн цагаан толгойд орчин цагийн монгол хэлэнд байдаг хэд хэдэн чухал авиаг тэмдэглэх тусгай үсэг байхгүй.

 

Жишээлбэл: ч-ц, х-г, д-т, з-ж, о-у, й-ү хоёрыг ялгахгүй нэг нэг үсгээр тэмдэглэх, монгол хэлэнд маш урт, богино эгшгийг ялган тэмдэглэх үсэг байхгүй, нэг авиаг тэмдэглэсэн үсэг нь үгийн эхэн, дунд, адагт гэх мэтчилэн хэд хэдэн өөр хувилбар хэлбэртэй зэрэг байдлаас анх сурах хүнд төвөгтэй, мөн дээрх үсгийн дутагдлаас болж хуучин монгол үсгээр ярианы хэл дагуу үг бичих боломжгүй, хэрэв бичвэл мянгаад жилийн өмнөх монгол хэлний авиа зүйл, үг зүйн системийг баримталж орчин цагийн монгол хэлний ярианы хэлнээс огт өөрөөр бичихээс аргагүй болдог.

 

Жишээлбэл: хараад гэхийг харагад, үзээд гэхийг үзэгэд, уул гэхийг агула гэж бичих мэт. Үүнээс болж бичгийн хэл, ярианы хэл хоёрын зөрөө их болж, унших бичих, сурч судлахад бэрхшээл учруулдаг байжээ. Ингээд монгол бичиг, үсгийг тод тодорхой болгох асуудал дахин гарч ирсэн байна. Үүнд хуучин монгол үсгийг засамжилж тод болгох, эсвэл огт өөр үсэг авч тод үсэгтэй болох хоёр зам байв.

 

Энэ хоёр аргыг монголчууд өнгөрсөн үед аль алины нь туршиж үзсэн байна. Хувилай хааны дөрвөлжин үсэг бол огт өөр үсэг авч тод үсэг зохиох гэсэн, Ойрдын тод үсэг бол хуучин монгол худам үсгээ засамжилж тод үсэг болгох гэсэн оролдлого байжээ. Монгол угсаатан нь өөрийн урт удаан түүхийн хөгжилд тухайн цаг үеийн дэлхийн тэргүүний соёлт оронтой ямагт харилцаатай явж ирсэн, тэдний соёлын ололтыг ямагт анхааран сонирхсоор ирсэн юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн соёлын чухал төвүүдтэй үргэлж холбоотой явж ирсэн байна.

 

Эрт цагт Согд, Уйгуртай дараа нь Энэтхэг, Төвд, Хятадтай соёлын гүн холбоотой байсан, шинэ цагт Орос мөн Оросоор дамжин дэлхий дахины соёлт үндэстэнтэй холбоотой болсон байна. Түүхийн энэ шинэ нөхцөл байдалд монгол бичиг үсгээ шинэтгэн сайжруулахад хуучин монгол үсгээ огт өөр үсгээр солих нь зүйтэй байсан. Тэгээд чухам ямар үсэг авч хэрэглэх вэ? гэсэн асуудал тулгарсан юм.

 

Үүнд : Түүрэг улс, мөн Хасаг, Узбек зэрэг дундад Ази ба сибирийн олон үндэстэн хуучин араб зэрэг үсгээ хачж, дэлхий дээр хамгийн их дэлгэрсэн латин үсгээр сольсон явдал сэдэв болж 1930-аад оны үеэс манай Монголд хуучин үсгээ латинчлах хөдөлгөөн гарсан билээ.

 

Гэвч латин үсгийн тоо нь хэтэрхий цөөн тул монгол хэлэнд авч хэрэглэхэд нэмэлт үсэг олон хэрэгтэй болох, бас соёл, эдийн засаг, улс төрийн талаар хамгийн гүн холбоотой орос үндэстэн нь латин үсэг хэрэглээгүй кирил үсэгтэй (кирил үсэг нь монгол хэлэнд хэрэглэхэд үсгийн тоо баялаг тул нэмэлт үсэг маш цөөн шаардагдах) мөн дундад Ази ба сибирийн олон үндэстэн сүүлдээ дээрх шалтгаанаар латин үсгээ орхиж кирил үсэгт шилжин орсон мөн бидний ах дүү болох буриад, калимагууд бас кирил үсэгт шилжин орсон зэрэг шатггаанаас манай Монголд эцэстээ хуучин монгол үсгээ кирил үсгээр солихоор шийдсэн билээ.

 

Энэ мэтээр аль дээр XIII зууны үеэс эхлэн хуучин үсгээ тод үсэг болгох гэсэн эрмэлзэл энэ XX зууны дундуур биелэх цаг иржээ. Хэрэв Хувилай хааны дөрвөлжин үсэг, Ойрадын Зая Бандидын тод үсэг нь тэр цагийн феодалын тархай бутархай байдалд нэг нутгийн аялгуун дээр үндэслэсэн бичгийн хэл бий болгох нөхцөл байгаагүй үед нийтийн хүртээл болох аргагүй байсан бол манай оронд феодалын тархай бутархай байдал алин хэзээний устаж  социализм байгуулсан нөхцөлд нэг гол нутгийн аялгуун дээр үндэслэсэн тод үсэгтэй бичгийн хэл бий болгох сайхан нөхцөл бүрдсэн байна.

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсад багтсан халх, дархад, дөрвөд, торгууд, өөлд, баяд, мянгад, захчин, буриад, барга, цахар, үзэмчин гэх мэтийн монгол олон ястан нь халх аялгуун дээр үндэслэсэн тод тодорхой үсэгтэй нийт дундын ярьдаг бичдэг шинэ бичгийн хэл буюу утга зохиолын хэлтэй болж байна. Кирил үсэг бол орчин цагийн дэлхий дээр ихэд тархсан авианы дөрвөн их үсэг болох латин, кирил, араб, нагар дөрвийн нэг юм. Кирил үсгийг IX зууны үед өмнөд слав нарын дунд христосын шашин дэлгэрүүлэхээр Сатопикоос ирсэн ах, дүү хоёр грек номын багш Кирил (826-869 он), Мефоди (815-885 он) гэгч грек үсэг дээр үндэслэн зохиосон байна.

 

Кирил үсэг нь цаашдаа Болгар, Серб, Орос. Белорус, Украин үсгийн үндэс болж улмаар Зөвлөлт улсын Армян, Гүрж, Эстон, Латви, Литовоос бусад бүх үндэстний үсэг, мөн манай шинэ монгол үсгийн үндэс болсон байна. Орос оронд 1710 онд нэгдүгээр Петр хааны зарлигаар кирил үсгийг шинэчилж хэлбэрийн талаар латин үсэгтэй нэлээд ойртуулсан байна.

 

Энэ шинэчилсэн орос үг дээр үндэслэж белорус, украин үсэг бий болсон ба XVIII-XIX зууны үед болгар, серб, нар кирил үсгээ шинэчлэхэд шинэ орос үсэг ихээхэн нөлөөлсөн байна. Кирил үсгийн цагаан толгой нь маш баялаг олон үсэгтэй тул зарим үсэг нь илүүдэх шинжтэй болсон учир 1917-1918 онд орос үсгийг дахин шинэчилж, одоогийн хэрэглэж байгаа байдалтай болсон байна.

 

Манай шинэ монгол үсэг нь энэ сүүлчийн шинэчилсэн орос үсгийг үндэс болгосон юм. Грек үсгийг манай эриний өмнөх XI зууны үед эртний финик үсэг дээр үндэслэж зохиосон гэж үздэг. Мөн грек үсэг дээр үндэслэж манай эриний өмнөх XII зууны үед латин үсэг зохиогдсон байна. Латин үсэг дээр үндэслэж Англи, Франц. Герман, Итали, Португачи, Польш, Чехословак, Шведи, Финлянди, Дани, Голланди, Румыни, Мадиар, Латви, Литов, Эстон, Түүрэг, Индонези, Вьетнам, Хорвати зэрэг олон үндэстэн өөр өөрийн үндэсний үсгийг зохион хэрэглэсэн байна.

 
Финик үсэг нь манай эриний өмнөх II мянган жилийн сүүлийн хагаст Сири, Палестинд үүссэн гэж үздэг. Мөн энэ финик үсгийн нэг салбар болох арамен үсгээс согд үсэг, согд үсгээс уйгур үсэг, уйгур үсгээс хуучин монгол үсэг, хуучин монгол үсгээс манж үсэг дам дам үндэслэн үүссэн байна. Бас арамен үсэг дээр үндэслэж манай эриний өмнөх VII-XI зууны үед эртний Энэтхэгийн брахми үсэг үүсэж, мөн түүнээс нь төвд үсэг, тухайн цагтаа төвд үсгээс дөрвөлжин монгол үсэг үүсэж байжээ. Зарим эрдэмтэн солонгос үсгийг дөрвөлжин монгол үсгээс дам үүссэн байж магадгүй гэж үздэг.

 
Энэ мэтээр монголчуудын хэрэглэж байсан буюу хэрэглэж байгаа уйгуржин монгол үсэг, дөрвөлжин монгол үсэг, шинэ монгол үсэг нь угтаа цөм финик гаралтай тул орчин цагийн латин, грек, нагар, араб зэрэг авианы олон үсэгтэй холын төрөл болох нь илэрхий байна. Ингэж монгол угсаатан нь санааг дүрслэх, авиа тэмдэглэх хоёр системийн үсгээс хамгийн боловсон авиа тэмдэглэх үсгийг сонгон авч цаашид нэг үсгээр хэдэн авиа тэмдэглэх (полифоник) нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх (монофоник) хоёр системийн үсгээс мөн хамгийн боловсон нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх үсгийг сонгон авах замаар чиглэж ирсэн байна.

 

Манай шинэ монгол үсэг бол хэрвээ Я- ийн төрлийн хэдэн үсгийг оролцуулбал үндсэндээ нэг үсгээр нэг л авиа тэмдэглэх /монофоник/ системийн баялаг боловсон үсэг юм.
Монгол Улсын Төрийн шагналт, МУГБагш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) хэл шинжлэлийн ухааны доктор (Ph.) Бэсүд овогт Ш.Лувсанвандан


URL:

Сэтгэгдэл бичих