Энэ онд экспортын орлого нэмэгдэх боломжтой гэлээ
Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар манай улсын нийт экспорт 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг хүрэхгүй хувиар л нэмэгдсэн байна.
2011 оны 64.4 хувийн өсөлттэй харьцуулахад экспорт өсөлтгүй болжээ гэж дүгнэжээ. Нийт экспортын 43.9 хувийг нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал, 12.4 хувийг төмрийн хүдэр тус тус эзэлж байгаа бөгөөд эдгээр гуравхан нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүн нийлээд манай нийт экспортын 75.7 хувийг бүрдүүлж байна.
Эдгээрийн олборлолт, дэлхийн зах зээл дээрх үнээс манай улсын экспортын өнгө төрх шууд тодорхойлогдож байгаа юм. Олборлолт тааруухан, үнэ өсөөгүй нөхцөлд экспорт буурч, олборлолт нэмэгдэж, үнэ өндөр байх нөхцөлд экспорт нэмэгдэж, үүнийг дагаад улсын төсөв ч орлоготой болдог.
Тэгэхээр уул уурхайн салбарт гарсан үнийн уналттай, экспорт муу байсан байдал нь энэ онд өөрчлөгдвөл улсын төсвийн орлого нэмэгдэх боломжтой байгаа юм. Мөн шинэ оны босгон дээр Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг нээсэн нь уул уурхайн салбарт хийгдэх олон ажлуудын эхлэл болж байна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

URL:




