“Гурван охин” бүжгэн жүжиг бүжиглэнэ

Хөгжим бүжгээс гаралтай “Гурван охин” хамтлаг энэ сарын 22, 23-нд УБ паласт “Жинхэнэ хайр” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Анхны бие даасан тоглолт учир “Гурван охин” бүх зүйлийг төгс байлгахыг хүсч байна. Буриадын Гавьяат Б.Амархүү “Зүрх чам руу” дуугаа хамтран дуулахын тулд зорьж ирэхээ амлаад байна. Тоглолтын найруулагчаар хашир туршлагатай продюссер “On and Off” С.Отгонбат ажиллаж байгаа нь үзэгчдэд гайхалтай бэлэг барина гэсэн хүлээлтийг төрүүлээд байна. Тоглолт амьд болох учир “А sound” зэрэг хамтлагийн чадварлаг залуус үзэгчдийг доргиохоор бэлтгэлээ хангаж байна. Шилдэг аранжировшик Н.Халиун, Ц.Чулуунбат нарын “UP мюзик” продакшнд “Гурван охин” ардын дууны цомог бэлэн болгожээ. Энэ цомгийнхоо дээж болгон тоглолтон дээр хоёр дуу дуулах бөгөөд УАДБЧ-ын бүжигчид ард нь бүжиглэн дууг улам төгс болгох юм байна.

Мөн “Гурван охин” хамтлаг дуугаа бүжгэн жүжгийн бүжгээр чимэхээр хөдөлмөрлөж байгаа ба “Камертон”-ны Эба, Болд хоёрын гэргий эгч, дүү хоёр уран нугараач Ж.Бямбажав, Ж.Бямбасүрэн нар бүжгийн бэлтгэлийг нь хариуцаж байна. Манай сурвалжлах хэсгийг бүжгэн жүжгийн бэлтгэл дээр нь очиход цагтаа Лас Вегасыг шуугиулж байсан багш нар нь “Эхний үед хүнд дасгал хийхэд охид маань нулимс унагах үе байсан. Харин одоо бол зүгширсэн. Ямар ч хүнд элементийг түүртэлгүй хийж байна” гэсэн юм. Тус хамтлагийн охид яг л балетчин шиг уян налархай хөдөлж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Тэд үзэгчдэдээ гайхалтай, уран нарийн хөдөлгөөнөөр сюрприз барихаар их хичээж байгаа нь харагдсан юм. Харсан зарим нь “Ингэж хөдөлмөрлөж байгаа хамтлаг цөөхөн шүү” гэсэн магтаалын үг ч хэлж байлаа. Юутай ч “Гурван охин” анхны тоглолтоо төгс болгохоор, олон жилийн уйгагүй хөдөлмөрөө тайлагнахаар яарч байгаа нь тодорхой боллоо.

Эх сурвалж Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих