ХҮЧИРХЭГ БАРДАМ монгол БҮСГҮЙЧҮҮД

6565uggf047477Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сүүлийн 3 жил орчим хугацаанд мундаг монгол залуустай ярилцлага хийх гэж Америкийн нилээд хотуудад очиж, олон ч хүмүүстэй уулзаж ярилцав. Миний уулзаж ярилцсан хүмүүсийн дийлэнх нь бүсгүйчүүд байлаа. Бас ажил хэргийн шалтгаанаар ч эгэл жирийн олон бүсгүйчүүдтэй уулзаж байв. Монгол бүсгүйчүүд минь ийм их эрч хүчтэй, хүчирхэг дайчин, бардам эрхэмсэг байгааг мэдрэхдээ тэднээр маш их бахархсан. Харь нутагт ажил амьдралын хүнд ачааг өөр дээрээ дааж явахдаа тэд “би монгол бүсгүй учраас муу явж болохгүй”, “энэ газар нутагт намайг нэрээр минь биш зөвхөн монголоор минь нэрлэж дууддаг юм”, “би чинь аугаа түүхтэй Монгол хэмээх том гүрний нүүр царай” хэмээн сэтгэлдээ омогшиж явдаг. Тийм болохоор тэд алжаал ядралаа шөнийн уртад ширээний буланд асаасан гэрлийн бүрхүүл дор уяж, ганцаардаж шаналсан сэтгэлээ цээжний тэртээд хадгалж, бүсгүйн танхи нулимсаа бусдаас нуун инээмсэглэж, бусдын нүдэн дээр дэлбээгээ нээх цэцэгс шиг гоо үзэсгэлэнгээ гайхуулж явна.
Сэтгэл нь хааяа гундавч, цэцэгс шиг гаднаа ямагт дэлгэрч явдаг монгол бүсгүйчүүд. Та нар өдгөө дэлхий дахинд үнэлэгдэж бас магтагдаж эхэлжээ. НҮБ, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Майкрософт, дэлхийн хэмжээнд тэргүүлсэн их сургуулиуд, сонгодог урлаг, их спорт, анагаах ухаан, эрдэм шинжилгээний лабораториуд, мэдээллийн технологи, хаа л бол хаана монгол бүсгүйчүүд. Та нараар бахархахгүй байж яаж болох юм бэ? Хэзээ ямагт хэрсүү ухаанаараа, суу залиараа, өрөвч хэрнээ хатуу чанд сэтгэлээрээ дайчин монгол баатруудыг залж чиглүүлж ирсэн монгол хатдын их ухааны үргэлжлэл өдгөө дэлхий дахинд ид шидээ, эрдэм чадлаа, “уран бэр”-ийн нүүдэл шиг холч ухаанаа гайхуулж байна. Та нарыг дэлхий таньж мэддэг болжээ. Бас бахархаж биширдэг болжээ. Зүгээр л амьдралын өртгөө залгуулах гэж хөдөлмөрлөх монгол бүсгүйн араншин, алив зүйлийн арга эвийг олох ухаан, тэсвэр тэвчээр, эршүүд хэрнээ бардам занг тань олон үндэстэнгүүд үнэлж бишрэх болжээ. Тэд та нарыг үнэлж бас хүндэлж байна. 800 зууны тэртээд дэлхийд сөхрүүлж явсан монгол домгийг өдгөө та нар дэлхийд сануулж байна. Үүнээс илүү гавьяа гэж хаана байна?
Харь эрчүүд монгол бүсгүйг мөрөөдөх болж. Хоол хийхдээ сэтгэлээрээ амталж, хувцсыг нь угаахдаа халамжаараа өнгөлж, гэрээ цэвэрлэхдээ хиймориор нь даллаж, хүүхдээ аргадахдаа итгэлээр хурайлдаг бүсгүйчүүд монголоос өөр олон бий гэж үү? Тэд хайр халамжийнхаа хариуд алмаазан бөгж нэхдэггүй, хүүхдээ энхрийлж өсгөснийхөө төлөө их мөнгө шаарддаггүй, амьдралын ачааг үүрч чадсаныхаа төлөөсөнд өв хөрөнгө хүсдэггүй. Үүрийн гэгээгээр үнээгээ сааж, өдөржингөө борви бохисхийгүй ажиллаж, үдшийн бүрийгээр сүүгээ хөөрүүлж, өтөл нялхас ч ялгаагүй хайрлан халамжилж сурсан тэдэнд хэцүү зовлонт амьдрал гэж үгүй. Тэдний сэтгэлийн чанадад нүүдэлчин монгол өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн их ухаан буй. Эжий сэтгэлийн их тэвчээр, суу заль буй. Хар багаас хэрсүүжсэн их мэдрэмж буй. Балчир дүүгээ үүрэн алхахдаа эр хүнийг аргадах ухаанд суралцаж л байсан. Аагтай цайны дээжээ аавдаа аягалан барих мөчдөө хүндлэл бишрэлийн суу ухаанд суралцаж л байсан. Бухимдаж гомдсондоо асгаруулан нэрэх ээжийнхээ нулимсыг арчин аргадаж байхдаа хатуу зөөлний тэнцвэрийг хадгалж барих тэвчээрт суралцаж л байсан. Тэгэхээр та нар аугаа байхгүй яах юм бэ? Ямар ч эр хүний “тархийг барих”, өөрийгөө хүндлүүлэх ухаан самбаа гагц монгол бүсгүй танд л бий.
Бүсгүйчүүд минь , заримыг тань муулж харааж л байдаг юм. Эрх нь хэтэрч, ухаан нь богинодож, шунал нь ахадсан бүсгүйчүүд бий л байх. Гэхдээ л монгол бүсгүйчүүд зовлон дунд хүчгүйдэхдээ нэрээ боддог, зоолж дээрэлхсэн нэгний өмнөөс сөрж гарах аргаа олдог, хожим нь ухаарахдаа “би чинь монгол бүсгүй шүү дээ” гэж боддог. Энэ л бидний омог бардам араншин, зүрхний ховдол дунд гүйх монгол цусны илрэл. Хэзээ ч угаадас дунд нулимсаа нэмэрлэж, хиртэй хувцсыг нь үүрч бусдад бөхөлзөж, хэн нэгний харцан дор хүслийг нь хангах монгол бүсгүй байдаг гэдэгт би итгэдэггүй.
Монгол эрчүүд бид та нараар бахархаж, бас бусдаас харамладаг. Тэгээд хэлэх хэлэхгүй үгээр хараадаг байх. Хараал зүхэл дунд харамлаж хайрласан сэтгэл буй. Цөөхүүлээ болохоор, өөрөө бас гологдоод байгаа болохоор бачимддаг байлгүй дээ, өршөө биднийгээ. Учирлаж хэлбэл, улаан нүүрэн дээр нь улалзуулж зэмлэвэл, эрх биш нэгийг бодох ухаан монгол эрчүүдэд байгүй яах вэ? Ичиж нэрлэхсэндээ, “эр хүн” болж догирхсон гэхдээ, муугаа бусдад үзүүлэхгүй гэсэндээ, мунхаг араншингаар та нарыг гомдоохгүй гэсэндээ элдэв муу араншин гаргадаг л биз. Эцсийн дүндээ та нарыг харамлаад уурсаад байгаа юм шүү дээ.
Жил болгоны энэ өдрүүдэд “Мартын 8″ гэж хэрдээ хөөрцөглөх юм. Эмэгтэйчүүдийн баяр гэж нийлж ууцгаах л юм. Халамцаж мансуурсан нүдэн дор бид бүртэлзэх л юм. Хамаг сайхан бүхнээ хөлчүүрэл дор хиртээх юм. Маргааш нь шартсан сэтгэлдээ санаж ядан зовиноно. Магад “бид бүгдээрээ адилхан байсан” гэж өөрийгөө өмөөрнө. Бүдүүлэг гаргасан авираа “Бүгдээрээ согтуу байсан” гэж учирлан уучилна. Эцэст нь бид бүгдээрээ бусдын доог болно. Тэвэрч ирсэн цэцэгсийн баглаа, дарсан дунд гудайдаг юм, цэцэрхэж өргөсөн хундаганы ерөөл дунд эзэн сэтгэл хиртдэг юм, тэсвэр алдаж орилсон дуун дунд бидний заяа төөрдөг юм. Тэгээд л “монголчууд архичин, бас бүдүүлэг” гэж гадныхан биднийг шүүмжилнэ. Харин бид үл тооно.
Европ Азийн “эрлийз” гэж нэрлэгддэгээрээ монгол бүсгүйчүүд алдартай. Тэднийг суналзан алхах дор цэцэгс тосдог юм. Ихэмсэг бардам харц дор үүлс бөхийдөг юм. Эрхэмсэг бардам гоо үзэсгэлэн дор эрчүүд шүүрс алддаг юм. Эзэд нь “монгол эрчүүд” гэхээр тэд санаа алддаг юм. “Уран бэр”-ийн нүүдэл шиг, Алунгоо эхийн ухаан шиг, Өүлэн эхийн тэвчээр шиг, Бөртэ үжиний уужимхан сэтгэл шиг монгол бүсгүйчүүд минь дээ. Та нартаа баярын мэнд хүргэж ёслоё. Цээжинд нь сүү ивлэж, сэтгэлд нь хайр урсаж, итгэлд нь халамж дэлгэрдэг монгол бүсгүйчүүдээс илүү гайхамшигтай, гоо үзэсгэлэнтэй нь хаана бий гэж? Энэ баярын өдрүүдээр сархадаар сэтгэлээ бүү хиртээгээрэй, итгэлээ мөнгөөр бүү арилжаарай, гуниг гомдлоо агсамналаар бүү илэрхийлээрэй. Яагаад гэвэл та нар монгол бүсгүйчүүд. Омог бардам их хатдын үргэлжлэл. Бас монгол эрчүүд бидний хайр итгэл, мөрөөдөл. Та нартаа хайртай, монгол эрчүүд.

e-mail; gala_mn@yahoo.com
2013-03-06


URL:

Сэтгэгдэл бичих