Төсвөөс гучин сая төгрөг гаргаж нэг гишүүнээ бүлээн усанд хэвтүүлээд байж болохгүй

ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбаттай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй байна. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаарх ИЗН-ын байр суурь?

- 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дундаасаа өнгөрөөд байгаа цаг үед энэ удаагийн намрын чуулган нээгдсэн. Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн цөөнгүй асуудал байгаа ч, би тэдгээрээс хоёрыг онцолж намын байр суурийг илэрхийлье.

Эхнийх нь 2011 оны Монгол Улсын төсвийн тухай хууль, удаах нь УИХ-ын сонгуулийн тухай хууль. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нь байнга өндөр хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хэмжээ 40 хувиас давсаар хэдэн жил болж байна. Энэ бол нийт эдийн засагт төрийн оролцоо ямар өндөр байгааг харуулж байгаа үзүүлэлт. Өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудтай харьцуулбал энэ бол маш өндөр тоо. Бизнесийн орчныг сайжруулж, төрийн оролцоог багасгах замаар хувийн хэвшлийнхээ хөгжлийг дэмжиж, улмаар иргэдийнхээ цалин орлогыг нэмэгдүүлэх бодлого дутагдаж байна.

- Төсвийн зарлагын хувь хэмжээг зохистой хэмжээнд барихын тулд таны бодлоор юу хийх шаардлагатай байна вэ?

- Юуны түрүүнд зайлшгүй шаардлагатайгаас бусад зарим үр дүн муутай хөрөнгө оруулалтыг танах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилийн төсвийн хуулийн задаргааг харж байхад үр ашиг муутай, хөрөнгө мөнгө шамшигдуулах далд санаархал агуулсан, хөрөнгө оруулалтын нэртэй урт жагсаалт батлагдсан байсан. Эрх баригчид нь төсвийн хууль хэлэлцэхдээ олон түмний хараа хяналтаас далдуур хийх сонирхолтой байдаг. Тиймдээ ч төсвийн зардлын талаар иргэд маш хомс мэдээлэлтэй байдаг. Гэтэл сангийн сайд нь төсвийн илт тод байдлаараа дэлхийд тэргүүлж байгаа гэж сайрхаад байдаг.

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр элдэв чамирхалд хөрөнгө зарах хэмжээнд хүртлээ хөгжөөгүй байгаа. Нуурын эрэгт бассейн барих гэх мэтийн зүйлс одоогоор бидэнд хэрэггүй. Хэрэгтэй байсан ч төсвөөс гучин сая төгрөг гаргаж нэг гишүүнээ бүлээн усанд хэвтүүлээд байж болохгүй биз дээ. Гэтэл яг иргэдэд хэрэгтэй хөрөнгө оруулалт дутагдалтай хэвээр л байна шүү дээ. Эхнээсээ үр дүн нь тодорхой байсан элдэв мөнгөний амлалтуудаа биелүүлэх гэсэн бүтэл муутай оролдлогууд нь төсөвт ихээхэн дарамт болж байна. Зөвхөн төсөвт дарамт болоод зогсохгүй инфляцийг хөөрөгдөж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Эхний ээлжинд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагынхаа хувь хэмжээг ядаж 35 хувьд барих бодлого хэрэгтэй байна.

-  Та УИХ-аар хэлэлцэх хоёр асуудлаар байр сууриа илэрхийлье гэсэн. Нөгөөх нь сонгуулийн тухай хууль. Сонгуулийн хуулийн талаар ямар байр суурьтай байгаа бэ?

- Урьдын байр суурь хэвээрээ байгаа. УИХ-ын сонгуулийн хууль нь зөвхөн сонгуульд нэр дэвшдэг хэдэн улстөрчийн эсвэл цөөн хэдэн намуудын асуудал гэх өрөөсгөл ойлголт байдаг. Сонгуулийн хуулийн шинэчлэл нь Монгол улс цаашид сонгодог утгаараа ардчилсан тогтолцоотой улс байх уу, аль эсвэл өнгөн дээрээ ардчилсан мэт боловч цөөнхийн хязгааргүй засаглал руу бүр мөсөн хальтран орох уу гэдэгт маш чухал нөлөөтэй. Үр дүн нь шударгаар тоологддог, аль болох мөнгөний хүчин зүйл багатай, сонгогчид нь саналаа мөнгөөр үнэлж биш, үзэл бодлоороо өгдөг болоход сонгуулийн хуулийн шинэчлэл чиглэгдэх ёстой. Тийм шинэчлэл хийхийн тулд одоогийн мажоритар тогтолцоог халах зайлшгүй шаардлагатай. Иргэний Зориг намын тов тодорхой байр суурь хэвээр байгааг би дахин нотолж байна. Бид сонгуулийн өнөөгийн тогтолцоог пропорциональ системд нэн даруй шилжүүлэхийн төлөө байна. Өмнө нь энэ талаар байр сууриа удаа дараа илэрхийлж байсан, одоо хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ч байр сууриа идэвхитэй илэрхийлнэ. Гэтэл эрх баригч хоёр нам асуудалд ухарч буцсан байдалтай хандсаар байна.

- Сүүлийн үед улстөрийн намуудын үзэл баримтлалын асуудал хүчтэй яригдаж байна. Зарим намууд үзэл баримтлалаа өөрчлөх асуудал ч ид яригдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Намууд үзэл баримтлалынхаа талаар ярилцаж, энэ чиглэлээр нийгмийн тодорхой хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байгаа нь сайн хэрэг. Зарим нэг нь үзэл баримтлалаа шинэчлэх, зарим нэг нь үзэл баримтлалын тодорхойгүй байдлаа тодотгох гээд тус тусдаа ажиллаж байх шиг байна. Дахин хэлье, энэ бол маш сайн хэрэг. Улстөрийн намууд элдэв хоосон амлалтаар уралдах биш, эх орноо хөгжүүлэх байр суурь, үзэл бодлоороо өрсөлддөг болох нь нийт монголчуудад үр өгөөжөө өгнө. Харин ИЗН-ын тухайд үзэл баримтлалын асуудал байхгүй. Бид тогтсон үзэл баримтлалтай, түүндээ үнэнч явж байгаа.

- Гэхдээ барууны үзэл бол зөвхөн баячуудын эрх ашгийг хамгаалдаг үзэл гэж зарим нэг хүмүүс ярьж байгаа?

- Энэ бол хоосон яриа. Нэг намын нөхдүүд хоорондын хэрүүлдээ өөр нэгний үзэл баримтлалыг муутгах, мушгин гуйвуулах байдлаар хандаж байгаа нь харамсалтай хэрэг. Либерал үзэл санаа бол иргэдээ баян чинээлэг болгох, тэдний эрх, эрх чөлөөг хамгаалдаг үзэл болохоос цөөн тооны баячуудын эрх ашгийг хамгаалдаг үзэл биш. Маш энгийнээр хэлэхэд, иргэн баян бол улс баян гэдэг чинь бидний уриа. Улс баян бол иргэн баян гэдэг нь зүүний үзэл.

- Уул уурхайгаас олсон ашгаа бэлнээр тарааж байгааг танай нам хамгийн их шүүмжилдэг. Олсноо тараагаад дуусдаг энэ тогтолцоог яаж өөрчлөх вэ?

- Бид бэлэн мөнгө тараахыг эрс эсэргүүцдэг. Иргэдийн ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа өөд татах жам ёсны хөгжилд саад болдог гэж үздэг болохоор тэр. Хавтгайруулан бэлэн мөнгө тарааж байгаа нь нийгмийн халамжын бодлого биш. Баялаг хуваарилж байгаа хэлбэр ч биш. Ахмад настнууд, хүүхэд багачууд, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдээ халамжлах нь зүйн хэрэг. Харин энэ бэлэн мөнгө хавтгайруулан тарааж байгаа нь сонгуулийн амлалтандаа бантсан, ахиж сонгогдохгүй байх вий гэж айдаст баригдсан хүмүүсийн ухаангүй үйлдлээс өөр юу ч биш. Энэ бол цаагуураа сөрөг үр дагавартай, маш хорлонтой үйлдэл. Бэлэн мөнгө тараасны уршгаар инфляци оны эцэст хорь давсан хувьтай гарна. Ирэх жил ч инфляцийг нэг оронтой тоонд барих ямар ч боломж байхгүй. Нэг удаад 70 мянган төгрөг халаасанд нь хийчихээд, үнийн өсөлтийн зөрүүгээр зөрүүлээд хэд нугалаад нөгөө халааснаас нь авчихаж байгааг халамж гэх үү, хуваарилалт гэх үү. Мөнгө өгөх хариуцлагагүй амлалтаас болоод энэ жил 300 гаруй тэрбум төгрөгийг тараагаад цацчихсан. Үүний 250 тэрбум нь уул уурхайгаас олсон ашиг биш, хүүтэй зээл байгаа.

- Тэгвэл уул уурхайгаас олох орлогыг иргэддээ зөв хуваарилах ямар боломж байна вэ?

- Зах зээлийн эдийн засгийн өөрийнх нь механизмыг ашиглахыг бид санал болгож байгаа. Төрийн хувь оролцоотой байгуулагдах уул уурхайн томоохон компаниудынхаа хувьцааг ард иргэддээ өгье. Иргэд компаниудын ашигтай ажиллах хугацаанд өөрт ноогдох хувьцааны ноогдол ашгийг тогтмол авч байх юм. Энэ бол жинхэнэ утгаараа баялагын хуваарилалт байх болно. Гэхдээ бодит байдлыг иргэдээсээ нууж, хууран мэхэлж болохгүй. Хуваарилж болох бодит ашиг лав ойрын 2 жилд бий болохгүй. Үйлдвэрээ байгуулна, хөрөнгө оруулалтаа нөхнө, тэгээд ашиг хуваарилж эхэлнэ.

- Тэгэхээр хоёр намын 2008 оны сонгуулийн амлалт юу болж таарах вэ?

- Санал худалдаж авах гэсэн санаа байсан, тэгээд санасандаа хүрсэн. Энэ талаар бид олон удаа ярьж байгаа. Ер нь бол бий болж амжаагүй, амжихгүй зүйлийг амлачихсан. Яахав, маргааш хийх хоолыг чи өнөөдөр ид гэсэнтэй адил зүйл болсон. Сонгогчдод бол таваг дүүрэн сайхан хоолыг өнөөдөр өгнө амласан. Гэтэл өнөөдөртөө бол тэр хоолыг хийх мах, гурил, ногоо аль нь ч байхгүй байна гэсэн үг. Тэгээд сандрахдаа хүний хийсэн хоолноос дараа буцааж өгье гээд халбагдаж авчраад амсуулаад байна гэх юм уу даа. Уг нь одоо бол үнэгүй хоол ярих биш, тарьсан ногоо будаагаа арчилж тордоод, аж ахуйгаа өөд татах цаг үе. Тэгж байж л бид маргааш тэр хоолыг хийх юмтай болно биз.

- Гэхдээ сангийн сайд сая төсвийн төсөл өргөн барихдаа 1,5 сая төгрөгийн амлалтаа бүрэн биелүүлнэ гэсэн шүү дээ?

- Ирэх жил сар бүр 20 мянган төгрөг тараагаад амлалтаа биелүүлнэ гэж хэлж байгаа бол иргэд сонгогчдоо хэтэрхий басамжилж байна гэхээс өөр аргагүй. Дээрээс нь оюутнуудын сургалтын төлбөрөөс 500 мянгыг хөнгөлнө гэж байгаа. Манай улс зуу гаруй мянган оюутантай. Ингээд оюутан биш 2,6 сая иргэнийхээ амыг давхар таглачих хэрэг үү. Тэгвэл би сангийн сайдаас асууя, оюутан биш иргэн Дорж хэзээ 1,5 сая төгрөгөө авах вэ?

- Саяхан танай намын урилгаар гадны зочид төлөөлөгчид айлчлаад буцсан. Энэ айлчлалын талаар хэвлэлийн товчхон мэдээ гарсныг эс тооцвол бараг мэдээлэгдээгүй. Урьсан зочидтойгоо ямар асуудал хэлэлцэв?

- 2007 оноос эхлэн бид үзэл санаа нэгт гадны байгууллагуудтай идэвхитэй харилцаж ирсэн. Либерал, ардчилсан үзэл санаа бүхий улстөрийн намуудыг нэгтгэдэг Дэлхийн либерал интернэшнл гэж холбоо бий. Улстөрийн үзэл баримтлалаараа ялгардаг дэлхийн гурван том байгууллагын нэг. Тус холбооны гишүүн байгууллагуудын хүрээнд саяны айлчлал зохион байгуулагдсан юм. ХБНГУ-ын Фридрих Науманы сангийн Зүүн азийн бүсийн захирал, Азийн либерал ардчилагчдын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар манай урилгаар айлчилсан. Айлчлал амжилттай болсонд талууд сэтгэл хангалуун байгаа. Зочид маань манай намын Үндэсний Хорооны гишүүдтэй халуун дотно яриа өрнүүлсэн. Хоёр талын яриа хэлэлцээрээс гадна бид нээлттэй улстөрийн хүчний хувьд зочиддоо Монголын улстөрийн нөхцөл байдалтай танилцах өргөн боломж олгосон. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат болон УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нартай ч уулзалт зохион байгуулсан. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцаж тохирсон.

- Таны болон намын чинь ажилд их амжилт хүсье.


URL:

Tags: