Хөдөөний гишүүд “нохойдож” эхэллээ

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Бүр Сонгуулийн хуулийн зарим зүйл дээр нь шууд эцсийн хэлэлцүүлэг хийж батлах тухай ч яригдаж байгаа сурагтай. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ажлын хэсгээс бэлтгэсэн 200 орчим саналыг үндсэнд нь хурааж дууссан бөгөөд ганц тогтолцооны асуудал дээр парламентад суудалтай намууд улстөрийн шийдэл гаргах л үлдээд байгаа юм. Гэтэл намууд можаритари уу, пропорциональ уу гэсэн шийдвэрээ эцэслэн гаргахгүй явсаар л байна.

Ардчилсан намын хувьд пропорциональ давамгайлсан холимог тогтолцоон дээр бат зогсохоо мэдэгдсэн бол Ардын намынхан таг чиг. Ямар сайндаа 24:52, 26:50,38:38 гэсэн хувилбарууд гарч хэвлэлээр “та та тунгаадаж” суухав. Тэгвэл сонгуулийн шинэчлэлээс айсан зарим гишүүд намаараа бус сонирхлын зөрчлөөрөө нэгдэж байгаа тухай шивнээ улс төрийн хүрээнд тарчихжээ. Тодруулбал хөдөөнөөс мандаттай гишүүд сонгуулийн тухай хуулиар өрөө өрөөндөө хуралдсан бололтой юм. Тус албан бус хурлаас гарсан шийдвэр нь сонгуулийн тухай хуулийг батлахдаа санал авах болон тоолох зэрэгт зарчмын хувьд өөрчлөлт хиигээд харин тогтолцоон дээрээ хуучин можаритараар батлахаар тохирч. Бүр УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Би намаа бодоод 50:26 гэсэн болохоос биш өөрийгөө болон зах хязгаар нутгаа гэх юм бол бүтэн мажоритарийг дэмжинэ” хэмээн ярьсан байх юм.

Сонгуулийн өнөөгийн мажоритари тогтолцоо хегжлийг хүлж, төрийг туйлдуулдаг гэдгийг бүгд мэддэг. Мажоритари тогтолцооноос хуваасан тойрогт нэр дэвшигчид мөнгө тараадаг, сонгогчдыг худалдаж авдаг, санал гээгддэг учир татгалзах цаг нь болсон гэж наанаа дуугардаг ч эцсийн шийдвэрийг өөртөө ашигтайгаар гаргахаар хөдөөний гишүүд “нохойдож” байгаа бололтой.

Харин Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр нарын хотоос сонгогдсон гишүүд намын байр сууриа хадгалж үлдэнэ шүү гэдгийг бусаддаа анхааруулаад байгаа гэнэ. Хэрэв улс төр, зөвшилцлийн замаар бус хүний олониор асуудлыг шийднэ гэвэл хөдөөний гишүүд дийлэнх жинг дарах нь тодорхой. Хэрвээ байдал ингэж эргэвэл Монгол улс олсон хэдэн төгрөгөө олигтой юм болгож чадахгүй дахиад л 76 жалга руугаа татах уралдаан эхэлнэ.

Т.Дөлгөөн

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих