Ц.Нямдорж сайд УБЕГ-ын бүтцэд өөрчлөлт орууллаа

УБЕГ-ын харьяа Иргэний бүртгэлийн газрыг татан буулгана гэсэн мэдээлэл өчигдөр үдээс хойш цацагдав. Үнэхээр ч УБЕГ-ын удирдах ажилтны хурал оройн 18 цагт зарлагдсан байлаа. Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа гээд албан тушаалтнууд оролцсон юм. Хурлаар Иргэний бүртгэлийн газрыг татан буулгана гэсэн мэдээлэл үнэний ортой болох нь тогтоогдов.

Учир нь хурлын үеэр Ц.Нямдорж сайд УБЕГ-ыг Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд очсоныг мэдэгдэж Эд хөрөнгийн бүртгэл, Хуулийн бүртгэл, Иргэний бүртгэлийн газрыг нэгтгэн Бүртгэлийн газар гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулах болсныг зарласан юм.

Ингээд Хуулийн, Эд хөрөнгийн, Иргэний бүртгэлийн газар байхгүй болж нэгдсэн Бүртгэлийн газар гэж нэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулахаар боллоо. Ингэхдээ тус гурван газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлж Бүртгэлийн газрын даргаар тус газарт хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Батболд гэдэг хүнийг ажиллуулахаар болжээ.

Харин энэ шийдвэрийн дараа Иргэний бүртгэлийн газрын дарга асан Д.Энхцэцэг, Эд хөрөнгийн бүртгэлийн дарга асан Чанлавлодой нар шийдвэрийг эсэргүүцэж, нэлээд маргаан үүсгээд авчээ. Тэд “Нийт ажилчдын дунд санал асуулга явуулаагүй, Төрийн албаны шалгалт оруулалгүй ажилчдыг халсан” гэсэн гомдлыг гаргаж ширүүхэн маргалдаад авсан байна.

Л.МӨНХТӨР


URL:

Сэтгэгдэл бичих