З.Буяннэмэх: Би үнэндээ гавьяа байгуулснаа мэдээ ч үгүй явна

-ТЭР ХАРЦАГА Д.ГАНХУЯГИЙНХАА ЗААСАН МЭХЭЭР ГЭМТ ЭТГЭЭДИЙГ УНАГАЖЭЭ-

Монгол залуугийн эр зо­риг, гавьяагаар онго­цонд яв­сан 216 зорчигч амьд гарсан талаарх сай­хан мэдээг өмнөх дугаар­таа хүргэсэн билээ. Он­гоцны хаалга онгойлгон амиа золиос­лохыг завд­сан алан хядагчийг зог­соож сайн үйлс бүтээсэн З.Буяннэ­мэх өчигдөр эх орондоо ирсэн юм. Түү­ний найз улсын харцага Г.Ганхуяг “Танай сони­ноос З.Буян­нэмэх гэдэг хүн олон хүн аварсан тухай уншаад шууд л манай хүнээс гар­цаагүй гэж бодсон. Миний найз тусархуу, энэрэнгүй нэгэн. Хэтэр­хий шийдэм­гий зангаас нь бид жаа­хан бол­гоомжлоод байх тал бий. Гэхдээ тэр чанар, монгол цус нь олон зуун хүний амийг аварлаа. Най­заа­раа бахар­хаж байна” гэсэн юм.

Тэрхүү дуулианы эзэн З.Буяннэмэхтэй ярилцлаа.

-Эр зориг гарган олон зуун хүний амь аварсанд баяр хүр­гэе. Өөрийгөө товч танил­цуулаач?

-Баярлалаа. Намайг Мон­голд ирэхээс өмнө тэр тухай мэдээлэл ца­цагдчихсан бай­на. Утсаа нээтэл сонин, теле­ви­зийн сэтгүүлчид ярилц­­лага авъя гээд сан­даргаж байна шүү.

Би олны танил нэгэн биш. Бизнес хийж яваа жи­рийн залуусын төлөөлөл.  Аавыг маань Б.За­яа­баатар, ээжийг минь С.Лхам­жав гэдэг. Тэд маань Говь-Алтай айм­гийн Халиун сумандаа амь­дарч байгаа. Насаараа тө­рийн байгуул­лагад ажилла­сан хүмүүс бий дээ. Би дээрээ хоёр эгчтэй, айлын бага хүү. 31 настай.

2004 оноос бизнесийн салбарт хөл тавьж “Альфа ассет менежмент Монголия” компаниа байгуулсан. Уул уурхайн салбарт үйл ажил­лагаа явуулдаг компани. Мөн улсын харцага Г.Ганхуягтай хамтран “Бөх харцага” ком­паниа байгуулсан. Найзтай­гаа хамтран байгуулсан ком­пани маань барилгын сал­барт үйл ажиллагаа явуулдаг.

-Алан хядагчийг зог­соож, олон хүний амь аварсан талаараа аав, ээждээ дуулгасан уу. Гэрийнхэн чинь юу гэж байна вэ?

-Аав ээжтэйгээ ярьж ам­жаа­гүй байна. Саяхан утсаа нээ­лээ. Хүмүүс сэлгээгүй залгаад зав өгөхгүй юм байна шүү дээ (инээв). Г.Ганхуяг ярьсан гэж байна лээ. Аав “Хаана, юу хийж яваа нь мэдэгддэггүй сонин золиг шүү. Тэгж яваад аюул болсон бол яана” гэж байна гэсэн. Наанаа зэмлэж байгаа ч баяртай байгаа биз дээ.

-Онгоцонд юу болсон талаар яриач?

-Тайландаас Хонконг, тэндээсээ Улаанбаатар руу өчигдөр нисэх байлаа. “Cathay pacific” авиа компа­нийн Тайланд-Хонконг чиглэ­лийн 712 дугаартай нислэ­гээр 16.10 цагийн орчимд Тайландаас хөөрсөн. Онгоц буухаас 25 орчим минутын өмнө буюу 19.00 цагийн ор­чимд болсон үйл явдал. Би урд талаасаа хоёр дахь эг­нээний баруун гар талд сууж явлаа. Чихэвчээрээ хөгжим сонсоод сууж байтал нэг нө­хөр баруун гар талын хаалга руу дөхөх шиг болсон. Тэгтэл нөгөө нөхөр хаалга онгойл­гох гэж дайраад, онгоцны үйлч­лэгчид зууралдаад аюул бол­дог байгаа. Би ч өөрийн мэ­дэлгүй хойноос нь очоод хоолой­гоор нь боогоод уна­гачихсан. Унагасны дараа хоёрдугаар нисгэгч гав гаргаж өгснөөр гавласан. Хоёр үйлч­лэгч, хоёрдугаар нисгэгч бид дөрөв нийлж хүлж, гавласан. Гав, хүлж боох зориулалттай олс онгоцонд байдаг юм би­лээ. Онгоц газардтал нэг солонгос залуу бид хоёр нөгөө нөхрийг хажуудаа суулгаж явсан.

-Гавлуулчихсан сууж явахдаа эсэр­гүү­цээгүй юу?

-Сандалтай нь хүлчихсэн, би толгой дээр нь дарчихсан яваа юм чинь эсэргүүцээд яах билээ.

-Онгоцны хаалга он­гойл­гох гээд зүтгээд байсан этгээд хэр том биетэй хүн байв. Боогоод унага­чихаар юу гэж байна вэ?

-Филиппин хүн гэнэ лээ. 40 орчим настай, 180 см өн­дөртэй хүн байсан. Ори­лоод, хөл гараа савчаад янз бүр болоод байна лээ. Сүүлдээ бүр уйлж ч байсан. Амиа хорлох гэж явсан юм уу, алан хядах ажиллагаа хийх гэж байсан юм уу мэдэхгүй. Ноцолдож байхад архи дарс үнэртэхгүй байна лээ.

-Хэд орчим зорчигч яв­сан юм бол. Танаас бу­сад нь хөдлөхгүй байна уу?

-216 зорчигч явсан гэж сүүлд мэдсэн. Миний сууж явсан бизнес ангилалд нь 20 орчим зорчигч явсан. Хоёр ч хүүхэд явж байсан санагдаж байна. Гэмт этгээд бидний дунд явж байсан хэрэг. Сан­дарсан ч юм уу, тэр хүмүүс ерөөсөө хөдлөөгүй.

-Та сандраагүй юу?

-Сандралгүй яах вэ. Би Тайландад эмчилгээ хийл­гэдэг юм. Ээлжит эмчилгээгээ хийлгэчихээд буцаж явсан ухаантай. Бие маань ийм тийм ч гэж бодоогүй. Эмэгтэй хүн зууралдаад, нөгөө этгээд нэг гараараа хаалганы ба­риул барьчихсан, зүүн гараа­раа нисгэгч залууг түл­хээд унагачихаж байгаа юм чинь. Тэгэнгүүт л өөрийн мэ­дэлгүй давхиж очоод зуураад авсан. Нөгөө хүнийг хүлчи­хээд сууж байхад л дөнгөж сая “Би хөд­лөөгүй бол онго­цонд байгаа хүмүүс бүгд сүйрэх байж” гэж бодогдож эхэлсэн.

-Сандрахаар туулж өнгөрүүлсэн амьдрал нүдэнд харагдлаа гээд л ярьдаг шүү дээ. Тухайн үед гэр бүлийнхнээ, эх орноо бодов уу?

-Хоромхон зуурт болж байгаа юм чинь юу ч бодож амжаагүй. Сүүлд нь харин сандраад айгаад ч байх шиг. Монгол хүн угаасаа л ийм байдаг юм байна. Нэг нөхөр хаалгатай зууралдаад эхлэ­хээр нь очоод татаад унага­чихсан. Тухайн үед гавь­яа байгуулж байгаагаа ч мэдээ­гүй. Өөрийгөө аваръя ч гэж бодоогүй. Ер нь тэнд байсан хүмүүсийг аврах ту­хай бодол толгойнд орж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ямар ч л байсан тэр хүнийг барьж авч, зогсоох ёстой гэсэн зөнгөөрөө л очсон.

-Филиппин эрийг хүл­чихээд сууж байхдаа алан хядах бүлэглэлийн гишүүн байвал гэр бүлд минь аюул учрах вий гэж бодогдов уу?

-Тайвшрахгүй нэлээд удсан л даа. Тийм бэлгэгүй зүйл бодогдоогүй ээ.

-Гэмт этгээд зэвсэггүй байсан уу?

-Зэвсэггүй байсан гэж сон­согдсон. Хонконгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хут­гатай байсан гэж мэдээлсэн гэнэ лээ. Онгоцонд оруулах­даа сайн шалгасан л бай­маар юм.

-Зорчигчид танд баяр хүргээд сүйд болов уу?

-Алга ташиж, баяр хүргэц­гээгээд сүйд болсоон. “Аль улсын иргэн бэ, цагдаа­гийн ажилтан уу. Армийн алба хаагч уу. Тамирчин эсвэл тусгай албаны ажилтан уу” гэх мэтээр асууцгаагаад байсан. “Би Монгол Улсын жирийн нэгэн залуу” гэж хэлэ­хэд бас л бахархмаар байсан шүү. Монгол хүний ген, цу­санд нь байдаг чанар гэж том зүйл байдаг юм байна. Бат­лан хамгаалахын сайд асан Л.Болд сонинд өгсөн ярилц­лагадаа “Иракт бөмбөг дэлбэ­рэхээр америк цэргүүд ши­рээн доороо ордог. Монгол цэргүүд буу руугаа гүйдэг” гэсэн байна лээ. Тэгдэг л юм байна.

-Ингэхэд та спортоор хичээллэдэг үү. Тийм өндөр хүнийг хоолой­гоор нь боож унагах бас л яггүй байсан байх…

-Сүрхий спортлог хүн биш ээ. Улсын харцага Г.Ганхуяг­тай олон жил найзалж бай­гаа. Салхинд гарахаар найз маань янз бүрийн мэх зааж өгөх гээд байдаг талтай. Найзын маань зааж өгсөн мэх аминд тулсан үед хэрэг боллоо доо.

-Онгоц ослын буулт хий­сэн гэсэн. Хонконгийн цагдаагийнхан танаас юу асууж байна?

-Аюулгүйн буулт хийх ёс­той юм билээ. Бүх зорчигчийг буулгачихаад намайг онго­цонд нэг цаг шахам бай­цаасан. Биеийн байцаалт аваад “Та­ны бие зүгээр үү. Эмнэлэгт хүргэх үү” гэх мэт ойр зуурын зүйлс асуусан. Бие зүгээр учраас эмнэлэгт очих шаардлагагүй, Монгол руугаа нисэх учиртайгаа хэлсэн. Онгоцноос буутал сэтгүүл­чид, авиа компанийн төлөө­лөл, түргэн тусламжийн эмч нар гээд маш олон хүн тосч авч баяр хүргэсэн. Түргэн тусламжийн эмч нар “Эмнэлэг рүү авч явах уу” гэж дахин, дахин асуугаад байсан. Сэт­гүүлчид бичлэг хийгээд байна лээ. Хэрвээ би тэр хүнийг зогсоогоогүй бол онгоц Хон­конгийн төв дээр унаж, 216-гаас ч олон хүнд аюул учрах байсан юм билээ.

-Авиа компанийн онго­цоор насан туршдаа үнэ­гүй нисэх эрхээр шаг­нуулсан гэл үү?

-Тэгсээн. Компанийн удирд­­лагууд “Насан туршдаа манай онгоцоор үнэгүй зор­чоорой” гэсэн. Мэдүүлэг өгсөөр байтал наашаа нисэх цаг болчихсон учраас араас батламжийг нь явуулахаар болсон. Угаасаа ч шагнал горьдож тийм зүйл хийгээгүй шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих