О.Долгор: Бие давхар байхдаа кинонд дүрээ мөнхөлсөндөө баяртай байдаг

“Үл таних эмэгтэй” киноны дүрээр олонд танигдаж, өдгөө Монголын кино урлагт өөрийн орон зайг хэдийнэ бий болгосон жүжигчин О.Долгор үрийн зулай үнэрлээд удаагүй байгаа. “Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшээд байгаа түүнийг “Зогс нэг агшин” буландаа урьж ярилцлаа.

-Хүүтэй болсонд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Том маань охин болохоор хүү төрүүлсэндээ үнэхээр их баярлаж байна. Монголчууд хүү, охинтой болохоор хүсэл биелнэ гэж ярьдаг гэдэг учраас их бэлэгшээж байгаа. Охиноо ч гэсэн дүүтэй болгосондоо баяртай байна. Охин маань дүүтэй болсон гээд бөөн баяр.

-Таны хувьд “Academy awards” наадамд шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшиж байгаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Би “Academy awards” наадамд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байна. Өмнө нь “Үл таних эмэгтэй” киноны дүрээр нэр дэвшиж байсан. Миний хувьд анх удаа түүхэн кинонд бүтээсэн дүрээрээ нэр дэвшиж байгаагаараа онцлог юм. Яг одоо “Academy awards” наадамд явах гээд бэлтгээд байж байна. Нялх хүүхэдтэй болохоор завгүй болчих юм.

-Сүүлийн үед кинонд тоглох урилга ирсэн үү?
-Одоогийн байдлаар надад хоёр киноны санал ирсэн. Нэг нь түүхэн кино, нөгөө нь орчин үеийн бүрэн хэмжээний кино байгаа. Би түүхэн киноных нь саналыг хүлээн авч анхан шатны гэрээ хэлэлцээр хийгдсэн. Ирэх сарын дундуур зураг авалт эхэлчих байх. Одоогоор киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Мандарваагийн дүрийг бүтээснээр түүхэн кинонд тоглох сонирхолтой санагддаг болсон юм шиг санагдлаа? -Тийм ээ. Энэ удаагийн түүхэн кинонд гол дүрийн санал ирсэн. Хэдийгээр нялх хүүхэдтэй байсан ч татгалзаж чадсангүй ээ.

-Таны хамгийн сүүлд тоглосон “Дурлалын гэмт хэрэг” киноны дүр үзэгчдэд их хүрсэн байсан?
-Би энэ кинонд тоглосондоо олзуурхаж байгаа. Учир нь энэ кинонд тоглох үед би таван сартай жирэмсэн байсан. Тэгээд жирэмсэн байх үедээ уран бүтээлд дүрээ үлдээсэн нь дурсамжтай юм. Жирэмсэн болохоороо намба суугаад огт өөр болчихдог шүү дээ. Гэтэл миний бүтээх дүр 19, 20 орчим насны, залуу охины дүр байсан. Намба суусан төрхөөсөө гарч жаахан охины байр байдалд шилжинэ гэдэг надад сонирхолтой санагдсан.

-Драмын урлагт хүч сорих сонирхол бий юу?
-Сүүлд надад нэг жүжигт тоглох санал ирсэн. Хэдийгээр энэ саналыг олзуурхаж хүлээж авсан ч төрөх хугацаа маань болчихсон байсан учраас яаж ч чадаагүй. Хэрвээ дараа нь ийм санал ирвэл дуртайяа хүлээн авна.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих