Ахмадын сууц ашиглалтад орох уу?

Ахмадын сууц ашиглалтад орох уу?

Нийслэлийн удирдлагууд ахмадуудад “түр” хугацаагаар орон сууцанд амьдруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ахмадуудын өргөдлийг хүлээн авч, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, тодруулах ажлыг албаны хүмүүс эхлүүлсэн байна.

Хүйтний улирал ирсэн тул ахмадуудыг шинэ сууцанд нь оруулахаар Хотын дарга яаравчилж эхэлжээ. Гэтэл барилгын чанар тааруугаас болж энэ ажил гацаанд орсон байна.

Анхнаасаа л гэр хорооллыг барилгажуулахаар хашааны газраа чөлөөлсөн айлуудыг түр байршуулахаар барьсан хоёр орон сууцыг ахмадуудынх болгохоор шийдвэрлэсэн ч барилгын ажил нь тааруу болжээ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл одоогоос хэдэн сарын өмнө ахмадуудын шинэ сууцтай танилцахаар очиход есөн давхар байрны цахилгаан шат гацаж, нэлээн удаан хүлээлгэсний эцэст хаалгыг хүчээр онгойлгож гарсан байдаг. Тэр үед дарга нарын амьсгал давчдан нэлээн тэвдсэн гэж байсан. Бараг агааргүйдсэн юм байх. Ийм байдал дараа нь дахин давтагджээ.

НИТХ-ын дарга Д.Баттулга барилгын ажлын явцтай танилцахаар очтол мөн л цахилгаан шатанд гацаж удтал хүлээсэн байна. Гэнэтийн шалгалтаар очсон дарга нар цахилгаан шатанд гацаж тэвдэж байхад даралт нь ихсэж, багасдаг, хөл гар муутай өндөр настнууд яах бол. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ сууцанд оруулж аж амьдралыг нь өөд нь татна гэж байгаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Ашиглаж эхлээгүй байхад барилгын гаднах хавтан өнгөрсөн долоо хоногт хууларч унасан. Хүний дээрээс унаагүй нь яамай. Барилгын чанар энэ мэтээр тааруу зүйл их бий. Манай ажлын хэсгийнхэн барилгын ажлыг шалгаж нөхцөл байдалтай танилцсан. Энэ мэтээс болж улсын комисс барилгын ажлыг хүлээж авахаас татгалзсан” гэсэн юм.

Энэ барилгын ажлыг “Бэрэн” компани гүйцэтгэхдээ дэндүү хайнга хандсан гэж албаныхан хэлж байна. Учир нь бараг гурван жил барьж байгаа барилга түр оршин суугчдад зориулсан гэдэг утгаараа хэр тааруу юм болсныг учир мэдэх хүмүүс хэлж сууна.

Анхнаасаа тааруу барьсан барилга алсдаа олон асуудал дагуулж мэдэхийг дарга нар хэлэлцээд цаашдаа гүйцэтгэгч компанид хариуцлага тооцох талаар хөндөж байсан юм.

Тухайлбал, “Бэрэн” компани гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцож байгаа аж. Өмнөх ажлаа чанаргүй хийж иргэд болон захиалагчдыг хохироож цаг хугацаа алдаж байгаа тул цаашдаа тэдний барилгын ажлыг царцааж болох талаар ч дарга нар ам нээсэн юм.

Зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд аж төрөх энэ байранд орох хүсэлтэй иргэн олон бий. Тиймээс барилга нь боссон ч оршин суугчид нь орохоос өмнө элдэв хэл ам татлаад байгаа орон сууцны элдэв асуудал ахмадуудад тохиолдохгүй байхаар засварлах сэрэмжийг барилгачид авсан байлгүй дээ.

Д.Мягмар /ЗУУНЫ МЭДЭЭ /


URL:

Сэтгэгдэл бичих