Биеэ үнэлэгч ээжтэй Марлаа охины гунигтай амьдрал

Хүнд хүн илүүддэггүй гэж Монголчууд бид ярих дуртай. Гэсэн ч хүнээр хүн хийх гэсэн нэгнийх нь өмнө хүнд суртал, хуулийн хатуу заалт тулгарч, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу явдаг жишээ олон бий.

Хөнгөн хийсвэр амьдрал, хатуу бэрхэд нухлуулсан нэгэн үр хүүхдээ орхиж, гудамжинд гээж, хогийн савруу шидэж явахад өрөөлийн хүүхдийн төлөө өөрийнхөө нойрыг хугаслан, амьтны нялх үрийг амь тэмцэн хамгаалах хүн ч олон байдгийн нэг жишээ бол О.Лханоров гэгч буурай.

Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэн О.Лханоров гэгч 70 хол гарсан эмээд нэгэн хүндрэлтэй асуудалд тулгарч түүнийгээ одоо хүртэл шийдэж чадахгүй яваа аж. Тэрбээр өөрийнхөө ач хүүгийнхээ охиныг хоёр нас хүртэл нь харж хандаж яваа ч ямар ч бичиг баримтгүй, овоглох нэргүй охин нь өнөөдрийг хүртэл хэнээр овоглохоо мэдэхгүй байгаа гэнэ.

Охины аав гэх залуу архи уудаг өөрийгөө ч аваад явчихаж чадахгүй нэгэн бөгөөд амьдралаа нэгэн бүсгүйтэй холбосо нь өнөөх хэцүү нэрт “шөнийн эрвээхэй” нарын нэг байжээ. Өнөөх бүсгүй дутуу төрж дөнгөж нэг кг гаруйхан охин төрүүлсэн гэнэ.

Тэрбээр эмээ би гарчихаад ирье хэмээн нэг л өдөр гарч явснаар дахин хэзээ ч эргэж ирээгүй бөгөөд буржгар үстэй жижигхэн тэр амьтан эхдээ гологдон эмээгийн гар дээр үлджээ. Тэтгэврийн хэдээсээ хумаслан бүтэн шөнөөр хамаагүй нойргүй ядарч зүдрэн зүтгэсээр хүн болох эсэх нь ч тодорхойгүй байсан Марлаа охиныг хүн шиг хүн болгосон ч бичиг баримтгүй учраас өнөөдрийг хүртэл эмээ, охин хоёр мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч, мөнгөөр биеэ эмчлүүлдэг аж.

Дүүрэг, хэсгийн хорооны Иргэний бүртгэлийн ажилтнууд өмнөөс нь ганцхан зүйл шаарддаг нь ээжийнх нь бичиг баримт. Ядахдаа эмнэлэгт төрөхдөө ээж нь овог нэрээ үлдээсэн бол тэр нэрээр бүртгэх боломжтой ч ядахдаа өнөөх бичиг нь олдохгүй хуулийн өмнө хүчин мөхөсдөж суугаа тэр хоёрт өөр хандах газар олдохгүй учраас хэвлэлийнхэнд ийн ханджээ.

Тус бүртгэлийн газрынханд энэ мэт зовлон тоочсон хүмүүс олон ирдэг ч туслахаар эргээд өөрсдөө шүүхэд дуудагддаг учраас хуулийг нь өөрчлөхгүй бол Марлаа мэтийн мянга мянган хүүхэд Монгол Улсын иргэн биш үлдэж байна. Өнөөх ээжийнх нь сураг дахиад хэдэн жил сураггүй байхыг мэдэхгүй. Марлаа охин Монгол Улсын иргэн биш хэдэн жил амьдрах нь тодорхой бус.

Охины ээжийг эрж хайсан ч хөл муу учраас охин, эмээ хоёрт биеэ үнэлэгч ээж нь олдоогүй байна. Тэтгэвэрийнхээ хэдэн төгрөг дээр хүүхдийн мөнгө, хүний хөгжлийн сангийн мөнгийг нь нэмээд байдаг бол Марлаа охин, түүний эмээ нарт тун хэрэгтэй байгаа хэмээн хуучилж суух аж.

Хаяад явсан хатуу сэтгэлд нь гомдол мэдүүлэхгүй ээ, зүгээр л охиныг минь бичиг баримттай болгоод өгөөч гэж ээжид нь хандан аргаа баран хэвлэлээр дамжууллаа. Эмнэлэг, сургууль халамжийн үйлчилгээг нэг удаа ч гэсэн үнэгүй эдлэж, Монгол Улсын иргэн гэх бичиг баримтаа авах нь юу юунаас чухал болжээ.

Б.Тогтох

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих