Харумафүжиг зодог тайлуулах гэж шахах биш харин дэмжлээ

527-1380591979untitledМэргэжлийн сумогийн Аки башёгийн маргааш буюу өчигдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнаг сонгох хорооны уламжлалт хурал болж, энэ сарын башёгийн дүн болон барилдааны талаар үнэлэлт дүгнэлтээ илэрхийлжээ.
Тус хорооны тэргүүн Хитоши Учияма Нагоя башёгийн маргааш ёкозүна Харумфүжиг шүүмжилж, ирэх сарын башёд гурав болон түүнээс дээш унавал зодог тайлуулах эхний сануулгыг өгнө гэж хэлсэн удаатай.
Гэтэл Харумафүжи Аки башёд арав давж, тав унасан. Гэлээ ч Хитоши Учияма ёкозүна Харумафүжиг шүүмжилсэнгүй, зодог тайлуулах тухай ярьсан ч үгүй харин ч дэмжсэн байна.
“Харумафүжи ёкозүна цолтны нэр төрийг хадгалж, гэмтэлтэй ч гэсэн тэмцээнийг өндөрлүүлж чадлаа. Тэр тэмцээнд оролцох эсэхээ өөрөө л шийдэх эрхтэй” гэж Учияма хэлсэн байна.
Харумафүжи сүүлийн дөрвөн башёд 20 удаа унасан нь ёкозүна цолтны хувьд хангалтгүй үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой байгаа. Гэхдээ тэрбээр бэлтгэл муу хийж, дэглэм зөрчсөнөөс бус харин тавхайны бэртлийн улмаас бүрэн боломжоороо барилдаж чадахгүй байгааг ийнхүү Сумогийн холбооныхон ойлгож, дэмжжээ.
Аки башёгийн эхний дөрвөн өдрийн барилдаанд Харумафүжи 2 унаж, тун хүнд байдалд ороод байсан удаахь барилдаануудад шүд зуун барилдсаар 10 даваанд хүрч дөнгөсөн билээ. Харин Аки башёд түрүүлсэн ёкозүна Хакухогийн талаар Учияма “Тэр биширмээр хүч чадлыг харуулж чадлаа. Тэр бусдаасаа толгой илүү байна” гэж бахджээ.
Хакухо М.Даваажаргал Аки башёд түрүүлснийхээ дараагаар  NHK-д өгсөн ярилцлагадаа 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Токио хот авсанд баяртай байгаагаа илэрхийлээд тэр болтол мэргэжлийн сумогийн дэвжээнээ барилдсаар байхыг хүсч буйгаа илэрхийлсэн билээ.
Мөн аав Ж.Мөнхбатыгаа 49 жилийн өмнө мөн л Токиогийн олимпийн дэвжээнээс мөнгөн медаль анх хүртэж монголчуудаа баярлуулж байсныг дурьдаад амжсан.
Түүнийг ярилцлага өгөх мөчид Сумогийн ордонд очсон монголчууд эх орныхоо төрийн далбааг ард нь барьсан нь тун сайхан сэтгэгдлийг төрүүлж байлаа.
Р.Гэгээ
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих