“Самурай” бонд ирлээ, ноён долларын ханш сулрах уу

3f52a00f03a05f2ebig

Монгол Улсын хөгжлийн банкны дансанд Японы зах зээлээс зээлж авахаар тохиролцсон хөрөнгөний тал хэсэг нь болох 30 тэрбум иен орж ирсэн сайхан мэдээ байна. Хэдийгээр Монгол Улсын гадаад өр нэмэгдэж байгаа ч мөнгө татарчихсан энэ үед ёстой л алгаа тосоод авахаас өөр арга алга. Өнгөрөгч намар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы хөрөнгийн зах зээлд  нийтдээ 600 сая ам.доллартай тэнцэх  “Самурай бонд”-ыг гаргахаар хамтын ажиллагааны санамж бичиг үйлдсэн билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Японы  олон улсын хамтын ажиллагааны банкнаас нийтдээ 285.8 сая ам.доллартай тэнцэх хөрөнгө манай дансанд орсон байна. Энэ хөрөнгийг чадвар нь доройтооод байгаа манай мөнгөнд шилжүүлж барагцаалбал, ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөг болох аж. Үнэн хэрэгтээ “Самурай” бондоос улбаалан ноён долларын ханш суларна, төгрөгийн худалдан авах чадвар нэмэгдэнэ гэсэн байр суурийг эрх баригчид өгч байгаа.
Үнэн хэрэгтээ мөнгөний хомсдолтой энэ үед 500 тэрбум төгрөг бол юу ч биш. Ноён долларын ханшинд тэгтлээ нөлөөлж чадахгүй л болов уу. Өнөөдрийн байдлаар ам.долларын ханш 1720 орчимд хэлбэлзэж байна. Хүүгийн хувьд ч харьцангуй бага хэмээн Сангийн сайд нь мэдэгдэж байсан ч Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нь чамгүй өндөр хүүтэй болохыг мэдэгдсэн. Ийнхүү албаны хоёр эрхмийн байр сууриас харахад тодорхой тогтсон хүү гэж байхгүй ч юм шиг. Зүгээр л нүдээ аниад авч байгаа зээл мэт. Харин ихэнх эдийн засагчид “Самурай бонд”-ын өөрийнх нь хүү 1.52 хувьтай байж болох ч бонд гаргахын тулд төлсөн шимтгэлээ хүүндээ шингээвэл  жилийн 7-8 хувьтай гарах аж. Тэгэхээр гадаад өрийн хэмжээ чамгүй болж ДНБ-ны хэмжээ хязгаарт ч өөрчлөлт орох нь.
Уг нь энэ оны төсвийг батлахдаа улсын өрийн хэмжээ ДНБ-ны 40 хувиас давахгүй байхаар УИХ шийдвэрлэсэн 30 тэрбум иен орж ирснээр  өрийн хэмжээ УИХ-аас тогтоосон хязгаараас давчихлаа. Тодотгож хэлбэл, хууль зөрчсөн мөнгө орж ирлээ гэсэн үг. Хамгийн гол нь энэ мөнгө чухам юунд, хаашаа зарцуулагдах нь тодорхой бус. Гэхдээ энэ мөнгийг Тавантолгойн төслүүдэд зарцуулах хэтийн төлөв бий. Өөрөөр хэлбэл, Тавантолгой төсөлд япончуудын төлөөлөл орж ирнэ гэсэн үг. Ямартай ч мөнгөний хомсдол үүсчихсэн энэ үед “Самурай” бондын мөнгөөр Цагаан сараа тэмдэглэж таарна. 1992 онд Д.Бямбасүрэнгийн тэргүүлсэн Засгийн газар мөнгөний хомсдолд орж, Тэргүүн Шадар сайд Да.Ганболд Тайваны зах зээлээс мөнгө зээлэн ирж Цагаан сараа тэмдэглэж байсан түүхтэй. Мэдээжийн хэрэг, манай улс үндэснийхээ уламжлалт баярыг тэмдэглэх гэсэн мөнгө байдаггүй. Хэдэн төгрөг зээлээч гээд очоогүй нь лавтай. Тэгэхээр нөгөө утгаараа “Самурай” бондыг Цагаан сарын баяр тэмдэглэхээр авсан мэт.

С.Баяр
 

URL:

Сэтгэгдэл бичих