Сонгуулийн өмнө 100 нам гараад ирвэл яах вэ

Их мөнгөөр үнэтэй зүйл авсан юм чинь хэрэглэхээ болино гэдэг утгагүй зүйл. Хэрүүл дагуулаад байвал улам л боловсронгуй болгох ёстой. Өмнө нь огт хэрэглэж байгаагүй техникийг хэрэглэсэн юм чинь сонгуульд ялагдсан нам уурлаж, гомдох нь ч гарцаагүй. Намдаа гэхээсээ илүү сонгуулийн хар машинд буруу өгсөөр ирсэн.

Энэ тухай илүү нарийвчлан ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар 2016 оны сонгуульд санал тоолох машиныг дахин ашиглах уу, үгүй юу гэдгийг ярилцана. Мэдээж 2012 УИХ-ын болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нам ирэх 2016 онд санал тоолох машиныг дахин ашиглана гэж үзэж байгаа.

Харин МАН түүний эсрэг байгаа бол бусад жижиг намууд санал тоолох машиныг ашиглахаас гадна, уламжлалт буюу гараар тоолох аргыг давхар явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Үнэндээ хамгийн боломжит хувилбар нь нэгэнт их мөнгө зарж авсан юм чинь санал тоолох машиныг ашигладгаараа ашиглаад, харин будлиан гарлаа гэж үзвэл саналыг гараар дахин тоолоод явж яагаад болохгүй гэж.

Энд л хамгийн гол учир бий. Хэрвээ саналыг дахин тоолох үед “хар машины” тоолсон дүнтэй нийлж байвал манайхны хэлдгээр жинхэнэ шударга сонгууль боллоо гэж дүгнэнэ. Хар машинд ч сонгогчид итгэж эхэлнэ. Харин тоо зөрвөл АН, хар машин, түүнийг бүтээсэн компани гээд бүгд тун эвгүй байдалд орох нь гарцаагүй юм.

Ухаалаг төр өөрөө ил тод, нээлттэй байхыг чухалчилж байна. Энэ ч үүднээсээ шилэн данс, шилэн тендерийг санаачлаад буй. Тэгвэл яагаад үүнтэй адилаар шилэн сонгуулийг бий болгож болохгүй гэж. Цахим, нээлттэй, ил тод сонгууль. Гэхдээ УИХ эцэслэн шийдвэр гаргана. Харин түүнээс өмнө энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх нь хүн бүрийн, сонгогч бүрийн сонирхлыг тун их татсаар байна.

Сонгуулийн тухай хуулийн дараагийн том агуулгыг АН задалсан. Тэр нь 48:28 гэсэн сонгуулийн системийг 38:38 гэж өөрчилж магадгүй тухай мэдээлэл юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 14-нд болсон бүлгийн хуралдаанаар энэ тухай ярьсан хэмээн тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдсэн. Харамсалтай нь энэ хувилбар бол хатуухан хэлэхэд ард түмэн, сонгогчдын шууд сонголтыг багасгаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгогчдын шууд сонголт, тойргоос орж ирэх гишүүдийн тоо багасч, намын листээр орж ирэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ.

Намын листэд хэн ч байж болно. Дагаад мэдлэггүй, туршлагагүй, тухайн ажилд тохирохгүй хүмүүс төрд орж ирлээ гэсэн эртний яриа дахиад л гарч ирнэ. Харин сөрөг хүчин энэ явдлыг “АН-ынхан өөрсдийн намын рейтингээ бусад бүхий л улс төрийн хүчнээс илүү гэдэгт итгэж байгаа учраас ийм шийдлийг гаргаж ирлээ” хэмээн харж буй биз ээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Сонгуулийн тухай хууль зайлшгүй хөндөгдөж буй аж. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд Засгийн газрын гишүүн нь парламентаас гадна сонгогдохыг заасан. Тиймээс Засгийн газрын гишүүнээр сонгогдох хүнийхээ улстөрийн болон төрд ажилласан туршлага зэргийг харгалзан үзэхээс эхлүүлээд олон зүйлийг Сонгуулийн тухай хуульд тусгаж өгөх шаардлага үүсч байгаа юм.

Түүнээс гадна намуудын сонгуульд оролцох санхүүжилтыг төрөөс гаргах тухай ярьж байна. Энэ нь намуудын хувьд тэгш эрх олгож байгаа мэт боловч татвар төлөгчдийн мөнгийг үрэн, таран хийх айлт, хардлагыг нийгэмд үүсгэх юм.

Нөгөө талдаа нам болгонд санхүүжилт өгнө гэдэг нь өөрөө өрөөсгөл, буруу зүйл. Эвлэлдэн нэгдэх эрхээ эдэлж, сонгуулийн өмнөхөн 800 гарын үсэгтэй 100 нам гэнэт гараад ирвэл яах вэ та минь. Бүгдэд нь мөнгө өгөх болж байна уу. Тиймээс нам байгуулах зарчим, хэрхэн санхүүжүүлэх гээд шийдвэрлэх ёстой олон асуудал урган гарсаар байна.

 

Б.Ням

eagle.mn

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих