ТӨРӨӨ ХУЛГАЙЧДААС ЧӨЛӨӨЛЬЕ!!!

3446

Монголын Залуучуудын Холбооноос УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох намын дарга нарт хандаж уриалга гаргажээ.

 

Тэд энэхүү уриалгадаа      “УИХ БОЛОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ
НАМЫН ДАРГА НАРТ

Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаараа УИХ, ИТХ-д сонгож болохгүй этгээдийн “Хар жагсаалт”, дэмжиж сонгох хүмүүсийн “Цагаан жагсаалт” гаргаж, төрийн жолоо атгах хариуцлагатны шалгуур босгыг улам өндөрсгөхийн төлөө ажиллаад нэг бүтэн жил болж байна.
Энэ хугацаанд “Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн болон өргөжин тэлж, иргэд олон нийтийн дэмжлэгийг хүлээж, иргэдийг сонголтоо хийхэд нь хамгийн их, үнэн мэдээллээр хангасан, хуулийн засаглалыг дэмжсэн үйл хэрэг болоод байна.
Бид үндэсний төрийн бус байгууллагуудтай хамтарсан энэхүү хөдөлгөөнөөрөө иргэний асуудлыг төрийн асуудал болгох салбар салбарын төлөөлөл, шударга ёс зүйтэй ажиллах хариуцлагатай хүмүүсийг нэр дэвшүүлж дэмжиж ажиллахаар шийдсэн билээ.
“Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний хүрээнд олон нийтийн оролцоотой хийсэн чуулга уулзалтуудаас энэ удаагийн бүх шатны сонгуульд нэр цэвэр, хар ул мөргүй, цэх шударга улс төрчдийг сонгох хүсэлтэй байгаа нь нэгэнт ил байна.
Иймд иргэдийн саналд тулгуурлан гаргасан 1992 оноос өнөөг хүртэл үйлдэгдсэн “100 хар үйл явдал”-ыг санаачлан хэрэгжүүлээгүй, нэр холбогдоогүй улс төрчдийг энэ удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бид танай намд уриалж байна.
Хэрэв иргэдийн саналд тулгуурласан энэхүү уриалгыг үл харгалзан дээрх үйл явдлуудад холбогдсон улс төрчдийг нэр дэвшүүлбэл “Хулгайчгүй Монгол” Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн уг нэр дэвшигчийг “Хар жагсаалт”-д оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр уриалж ажиллах болно. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50%-иас дээш хувьд “Хар жагсаалт”-ын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд танай намыг сонгохгүй байхыг уриалж, сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулахаа эрс хатуу мэдэгдэж байна.
Энэхүү уриалгыг намын гишүүд, нэр дэвшигчид, намын эрх бүхий байгууллагадаа танилцуулж албан ёсны хариу өгөхийг хүсье.
Хавсралтаар “100 хар үйл явдал”-ыг нийтэд танилцуулсан тараах материалыг хүргүүлж байна.
ТӨРӨӨ ХУЛГАЙЧДААС ЧӨЛӨӨЛЬЕ!!!
Жич: Төрийн бус байгууллагуудын Үндэсний зөвлөлдөх хоёрдугаар уулзалт 2016.05.03 ны 17 цагт Монголын залуучуудын холбооны 209 тоотод болох тул байгууллагууд өргөнөөр оролцоно уу? Лавлах утас 99839951, 321814″ гэжээ.

3445

bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих