Утаа дагасан бизнес УЛИГ БОЛСОН ТУРШИЛТУУД

580ac79f1c7c89c3dd8839169eaf702c_2922Өмнөх нийтлэлээрээ үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүдийн агаарын бохирдлыг бууруулах амлалтуудыг эргэн сануулсан. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ тэдгээр амлалтуудыг биелүүлэхийн тулд ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж, хэчнээн төгрөг зарцуулж, утаа дагасан бизнес хэрхэн цэцэглэсэн талаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.

 ХӨЛЖСӨН ТӨСЛҮҮДИИН ХӨРӨНГӨ ХААЧИВ
Манай улс агаар бохирдуулагч дөрвөн эх үүсвэрээс төлбөр авдаг. Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэд, түүхий нүүрс олборлогч, цахилгаан станцууд, органик болон химийн бодис импортлох тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж уг төлбөрийг төлдөг хуультай. Агаар бохирдуулсан төлбөрөөс жилд дунджаар улсад 22 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулдаг аж. Гэвч энэ мөнгийг агаарын бохирдлын эсрэг бүтнээр нь зарцуулдаггүй. Энэ онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргахаар тогтсон бөгөөд энэ нь агаар бохирдуулсны төлбөрт авдаг мөнгөний 20 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Агаарын чанарын алба, Цэвэр агаар сан. Цэвэр агаар төсөл зэрэг хэд, хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулсан. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилын сан, Японы ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага ч Улаанбаатарын утааг бууруулахад гар бие оролцсон. Үүнээс АНУ-ын “Мянганы сорилын сан” агаарын бохирдолтой тэмцэхэд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Ингэхдээ хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, утаагүй зуух нийлүүлэхэд 68, гэрийн дулаалгад 12, эрчим хүчний хөнгөлөлтөд 3.5, дулааны цахилгаан станц сайжруулж, шинэчлэхэд 17.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан дүнтэй.

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс 2013 онд 22.9, 2014 онд 9.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хоёр жил гаруйн хугацаанд нийтдээ 32.1 тэрбум төгрөгийг утаатай тэмцэхэд зарцуулсан бөгөөд онцлох ажил нь “Нүүрс” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нүүрсийг хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна. Энэ онд 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд, 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад, 400 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад, үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ. Ирэх онд агаарын бохирдлыг бууруулах зардлыг өмнөх оноос 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 17.9 тэрбум төгрөг болгоно. Энэ мөнгийг шөнийн цахилгааны урамшуулал, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг өргөтгөх, цахилгаан халаагуур нэвтрүүлэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах шинэчлал хийх арга хэмжээнд түлхүү зарцуулахаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын утаатай тэмцэхэд улсын төсөв болон олон улсын байгууллагын зээл, тусламжийн хүрээнд багагүй хөрөнгө зарцуулсныг дээр дурдсан. Утаатай тэмцэх хөрөнгө нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын хэмжээ буурах атал эсрэгээрээ нэмэгдсэн дүр зураг ажиглагдсан аж. Магадгүй дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд гэр хорооллын зарим айл өрх утаагүй зуух, эсгий дулаалгатай болсон бол Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэмжих цөөн тооны хянах самбартай л үлдлээ.

2011 онд “Утаагүй хороо” туршилтын хөтөлбөр хэсэгчлэн хэрэгжүүлж, агаарын бохирдлын голомттой бүсэд амьдардаг өрхүүдэд түгээсэн. Гэвч энэ санаачилга удаан үргэлжлээгүй бөгөөд амжилт ч олоогүй. Өрхийн хэрэгцээнд шаардлагатай түлшний ердөө 5-10 хувийг шахмал түлш үйлдвэрлэгчид нийлүүлж байсан учир уг хөтөлбөрийг зогсоосон. Үүнд найман тэрбум төгрөг зарцуулжээ.

2012 онд “Цэвэр агаар” сангаас “Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжүүлж, утаа бага ялгадүулдаг, түлшинд хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг гэх “Хас”, “Өлзий”, “Дөл” гэсэн гурван төрлийн зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгож эхэлсэн. Үүний ард зуух үйлдвэрлэгч компаниудыг хөрөнгөжүүлөөд үлдсэн. “Утаагүй зуух” хөтөлбөр хоёр жил үргэлжлэх хугацаанд 17 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2014 онд зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдэд яндангийн утаа шүүгч тараав. Эхний ээлжид Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандан орчмын 1090 өрх, Чингэлтэй дүүрэгт мөн тооны айлд өгчээ. Гэвч эл төсөл утаа шүүгч үүргээ тийм ч сайн гүйцэтгэдэггүйг тогтоосны улмаас эцэс болж энэ төсөлд хоёр тэрбум төгрөг зарцуулжээ

2015 онд нүүрс цэвэршүүлэгч бодисыг агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг 12 мянга гаруй өрхөд бэлэглэсэн. Тус бодисоор цэвэршүүлсэн нүүрс илчгүй, түргэн асдаг гэсэн гомдол дээр үндэслэн тус оролдлого эцэс болсон. Үүнд, 50 сая төгрөг зарцуулсан байна. Энэ мэт жишээнүүдийг дурьдвал дуусашгүй. Хамгийн гол нь бүх туршилтын ард мөнгө яригдаж, бизнес эрхлэгчдэд хөлжих боломж олгосоор байна.

АРГА ЯДСАНДАА АМНЫ ХААЛТ АШИГЛАХЫГ ЗӨВЛӨВ

Үлгэрийн далай мэт олон амлалт, төсөл хөтөлбөрийн жагсаалт дуусахгүй хөвөрсөөр байхад утаа намжсангүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2009 онд Монгол Улсад жилд цаг бусаар нас барж буй 7000 хүний 10 хувь буюу 700 орчимд нь агаарын бохирдол шууд нөлөөлснийг тогтоосон байна. Гэтэл 2014 онд агаарын бохирдлоос болж нас барагсдын тоо нийт нас барагсдын 20 хувьд хүрсэн байна. Бид агаарын бохирдлоос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Үүнд тодотгон нэг зүйлийг дурдахад агаарын бохирдлоор далимдуулж тал талын бизнес хөгжсөөр байна. Утааны голомтод амьдардаг бага насны хүүхдийн өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь эмгэнэлтэй. Эмнэлэг бараадсан хүүхдээ гэсэн эцэг эхчүүдийн халаасыг эмийн сангууд сэгсэрсээр байгаа нь гэр бүлийн эдийн засагт хүнд дарамт болж байна. Агаарын бохирдлоос үүдэн стрессдэж, эрүүл мэндээрээ хохирч, эдийн засгаар хямарч байгаа нь өнөөгийн нийгмийн дүр төрх гэлтэй. Хүүхэд өвдөхөд эмчийн бичиж өгсөн нэг эм дунджаар 5000 төгрөг бөгөөд ихэнх нь түүнээс дээш үнэтэй байдаг. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх нэрийдлээр эмиин сангууд олшрох болж байгаа юм. Гэлээ гээд хүүхдээ өвдөхийг зүгээр хараад суух эцэг эх ховор. Эцэстээ агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга нь амны хаалт, болон дархлаагаа дэмжиж, аль болох агаарын бохирдол ихтэй газраар явахгүй байх, шаардлагагүй бол агаарын бохирдол ихтэй цаг үед гэрээсээ гарахгүй байх гэсэн зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ онцолж байлаа.

Тэрбээр “Амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл нь агаарын бохирдол гэдгийг бид судалгаагаар тогтоосон. Агаар бохирдуулагч нь жирэмсэн эхчүүдэд сөргөөр нөлөөлж дутуу төрөх, ураг амьгүй болох гэмт нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд хүн бүхний оролцоо маш чухал. Нийслэлийн хэмжээнд агаар бохирлуулагчийн эх үүсвэр нь гэр хорооллынхны хэрэглэж заншсан нүүрсний шаталтаас гаралтай байгаа юм. Хүн болгон агаарын бохирдлыг бууруулахын тулд хэрхэн оролцох вэ гэдэг нь нийгмийн эрүүл мэнд, өөрийн эрүүл мэндийг хамгаалах нэг энгийн арга шүү дээ. Үүний тулд гэр, байшингаа маш сайн дулаалах хэрэгтэй. Дулаан алдагдалт багассанаар нүүрсний шаталтыг бууруулж, тухайн өрхөд эдийн засгийн хэмнэлттэй гэсэн үг. Гэрээ сайн дулаалснаараа эдийн засгийн хувьд 25 хувийн үр ашигтай гэж судлаачид тогтоосон. Мөн автомашинаа цаг тухайд нь оношлуулж, тос маслыг нь сольж, утаа тортог бага гаргадаг болгох хэрэгтэй. Хамгийн онцлох нэг зөвлөмж бол хог хаягдлаа ангилж хаях. Тухайлбап, үнсээ савлаж хаяхгүй бол үнсэн хог хаягдал дотор нарийн ширхэгтэй тоос, тоосонцроос үүдсэн хортой химийн бодис агуулагдаж байдаг. Гэтэл иргэд гудамжиндаа үнсээ ил задгай асгаж агаар бохирдуулсаар байна. Нарийн ширхэгт тоосонцор нь уушгины нарийн судасны төвшинд очиж хүнийг хүчил төрөгчийн дутагдалд оруулдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Мөн амны хаалтыг хэрэглэж занших нь агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах нэг арга болж байгаа юм. Манайд ажлын байрны амны хаалтын стандарт гэж байдаг боловч одоо иргэдийн хэрэглээд байгаа амны хаалтад стандарт гэж байхгүй. Арга ядаад л амны хаалт хэрэглэж байгаа шүү дээ” гэв.

Үүнтэй холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв гадуур худалдаалагдаж байгаа 5-6 компанийн олон төрлийн амны хаалтыг цуглуулсан байлаа. Эдгээрээс нэг нь монгол үйлдвэр бусад нь импортоор оруулж ирдэг буюу гадаад улсын амны хаалтууд байв. Зарим компанитай хамтран ажиллаж нийгмийн хариуцлагын хүрээнд утааны голомтод байрлах сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тараах ажлыг санаачлан төлөвлөөд байгаа аж. Манай улсад агаарын бохирдлын үед зайлшгүй зүүх шаардлагатай амны хаалтын стандарт одоогоор байхгүй байна. Чанарын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй олон төрлийн амны хаалт хаа сайгүй зараад эхэлчихсэн байна. Үнийн хувьд хийсэн материал, утаанаас хамгаалах хүчин чадлаасаа хамаараад өөр өөр үнэтэй байлаа. Эцэст нь утаа дагасан бизнес амны хаалт буюу маскаар үргэлжлэхнээ.

Үргэлжлэл бий.

С.БЭРЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.