АТГ-ын шинэ баг бүрдүүлэлт иргэдэд итгэл төрүүлж байна

Бүтэн есөн сарын турш даргагүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн Авилгатай тэмцэх газар шинэ удирдлагатай болоод cap ч болоогүй байна. Анхны дарга нь албан үүргээ гүйцэтгэж явахдаа хүний нутагт  учир бүтүүлгээр нас барсан. Удаах дарга Ч.Сангирагчаа, дэд дарга Б.Сундуйсүрэн нар нь албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж хамтран зүтгэгчээ тагнаж чагнасан хэргээр эрүүгийн хэрэгт холбогдсон гээд энэ байгууллагын даргын суудал тун ч ээдрээтэй. Тэгвэл энэ өдрүүдэд Авилгатай тэмцэх газрын шинэ дарга хурандаа Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нарыг томилогдоод удаагүй байж бүтцийн өөрчлөлт нэрийн дор баахан ажилчидаа халлаа хэмээн бараг бүх хэвлэлээр чичэлж байна.

Ер нь аль ч салбарт улс төрийн томоохон томилгооны араас хэл ам дагуулдаг. Уг нь Авилгатай тэмцэх газрын удирдлагууд шинэ бүтэц зохион байгуулалт, цоо шинэ менежментээр ажиллаж, чадварлаг мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлж нийгэмд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа авилгатай жинхэнэ утгаар нь тэмцэх гэж ийм алхам хийсэн байх. Бид шүүмлэхээсээ өмнө хийхээр төлөвлөсөн ажилд нь “урмын ташуур” өгөх хэрэгтэй мэт санагдана.

Жил гаруйн хугацаанд Английн шоронд хоригдож байгаад ирсэн Б.Хурцын хувьд тэнд байх үе нь мэдээж их юм бодогдуулсан байж таараа. Харин ч чадварлаг, мэргэшсэн, залуу төрийн албан хаагчийн хувьд нийгэм, ард түмний зүгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж зэмлэл шүүмжлэлийг эс тоон зоригтой шийдэмгий ажиллах хэрэгтэй. Түүнийг гадаадын шоронгоос суллуулах гэж үнэтэй өмгөөлөгч хөлслөн дарга цэрэггүй чадах ядахаараа зүтгэсэн.

Тийм ч учраас ялангуяа Б.Хурц үүний хариуд төрөөс хүлээлгэсэн өндөр хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Анх ажил авахдаа Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд “…боловсон хүчнийг шилж сонгох, албан тушаалд байршуулах асуудал мэдээж яригдана” гэж хэлсэн. Тэр хэлснээрээ л асуудалд хандсан байна. Аль ч салбарт багаа бүрдүүлж ажиллах нь байдаг л зүйл.

Өндөр цалин хангамжтай, хэсэг бүлгээрээ фракц үүсгэдэг, үүрэгт ажлаа умартан, авилгачдын толгойг илж суудаг албан тушаалтнуудаас салах хэрэгтэй. Энэ газарт их цэвэрлэгээ хийх шаардлага байсан гэдгийг харин ч тэд мэдэрч. Авилгатай тэмцэх газрын өмнөх удирдлагууд авилгын асуудлаарх томоохон хэргүүдийг хэрхэн илрүүлсэн гэдэг нь харин ч эргэлзээтэй.

Ёстой л нөгөө “том загас барьж чадахгүй болохоор жижиг жараахайгаар хөөцөлдөв” гэгчийн үлгэрээр ажиллаж ирсэн. Тус газарт авилгын хэрэгт холбогдсон “томчууд”-ын тухай олон асуудал шалгагдаж байна гэсэн мэдээлэл байдаг ч тэгсхийгээд л нам гүм болж замхардаг.

Томилогдохоосоо эхлээд л нийгмийн дунд сонирхол татаж байсан Авилгатай тэмцэх газрын газрын дарга нар авсан үүрэг амлалтаа амьдрал дээр хэрэгжүүлэх үүрэг хариуцлага үлдлээ.

О.Ууганжаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.