АX нь чамайг ‘’ОД’’ болгоно оо

-Ардын нам Сонгуулийн тактикаа боловсруулжээ-

Ирэх сонгуулийн хувьд ямар тогтолцоогоор яаж явагдах, хаана хэдэн тойрог тогтоосон бэ гэгчлэн ерөнхий зүйлс бол тодорхой болоод байгаа. Харин ганц тодроогүй зүйл нь ямар ямар хүн нэр дэвших вэ гэдгийг одоо хэр та бид мэдээгүй байгаа. Мэдсэн байлаа ч олон нийтэд цацагдаагүй байгаа юм. Сонгуулийн хуулийн дагуу бол нэр дэвшигч нарыг албан ёсоор зарлах тэр үед л хэн хэн өрсөлдөх вэ гэдэг нь тодорхой болно.

Харин сүүлийн үед Ардын намынхан чимээгүй байгаад байна гэж бодож байтал эсрэгээрээ сонгуулийн тактикаа боловсруулаад хэн хэнийг хаана өрсөлдүүлэх вэ гэдгээ товлоод эхэлчихсэн байгаа гэнэ шүү. Ардчилсан намынхан учраа олохгүй дотроо бужигнаж байх зуур мань нөхдүүд ирэх сонгуулийг гартаа атгахын тулд нэгэн башир бөгөөд хашир аргыг сэдэж байгаа сурагтай. Сургийг нь дуулах нь ээ энэ жилийн сонгуульд Ардын нам хөдөө орон нутагт хамаг анхаарлаа хандуулж, тийш нь хамаг хөрөнгө мөнгөө түлхэж өгч, намын гишүүдээ гаргах санаархалтай байгаа гэнэ. Мөнгөөр зодно гэж байгаагийн учир нь хөдөө орон нутагт намынхаа томоохон гишүүдээ илгээхгүй гэсэн үг. ‘’Жижиг гарууд’’-аа хөдөө орон нутагт илгээж тэднийхээ зүг нам анхаарлаа хандуулж, дараагаар нь өөрсдийгөө хоёрдугаарт тавих арга хэрэглэж байгаа бололтой. Тэгэхээр томчуудаа бол энэ сонгуульд хөл алдахгүй гэж Ардын нам үзжээ. Харин жижгүүдээ дэмжиж тэднийгээ гаргахын төлөө эхлээд анхаарлаа хандуулж чадвал ирэх дөрвөн жилийн Засгийн эрхийг бүрэн гартаа авахад ойрхон байна хэмээн намын удирдах гишүүд, томчууд нь тооцоолсон аж.

Хөдөө орон нутагтаа нэр дэвшүүлэхдээ аймгийн үйл хэрэгтэй бага ч болов холбоотой, мөн дээр нь залуу хүнийг нэр дэвшүүлэхийг эрмэлзэж байгаа юм байна. Можаритари тойргуудад хэрэв мөнгө хаяад ч болов олонхийг авч чадвал пропорционалиар явагдах тойрогт намын лидер нөхдүүд нэр хүндээрээ цойлно гэж төлөвлөжээ. Олон жил парламентад ажилласан, туршлагатай, нэр хүндтэй, олонд танигдсан намын гишүүдээ пропорциональ тойрогтоо өрсөлдүүлэн Ардчилсан намын томчуудтай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаад яаж ийгээд л гарах арга замыг сонгосон нь нэг талаас эрсдэлтэй ч төлөвлөснөөр нь болбол Ардчилсан нам одоогийнхоосоо ч бага суудал авч, Засагт хүчгүйдэж, сульдана гэж Ардын нам тактикаа боловсруулсан байна.

Тэгэхээр намын жижиг гэгдээд байгаа гишүүд мөнгөгүй гэж санаа зоволтгүй болох нь ээ. Ах нар чинь сурталчилгааг чинь од болтол чинь хийж, гишүүн болтол чинь дэмжих юм байна. Харин хувийн зүгээс хүн шиг биеэ аваад яв гэж л зөвлөх байна. Хайран сайхан мөнгийг нь яайран болгочихгүй шиг Ард түмний өмнө Ардын намын нүүр царай болж харагдаж л чадвал залуучуудын, жижиг гаруудын ирээдүй парламентын ордонд харагдаж байна. Хичээгээд байж дээ.

Ардчилсан нам ингэхэд хаагуур юу хийгээд явна вэ. Ардын нам цаана чинь тактикаа боловсруулчихлаа. Намынхаа томчуудыг танай намруу илгээж, тулаанд дуудаж байна. Юу бодож сууна вэ. Дотоод хэрүүлээ дуусгаж, сонгуулийн ажилдаа эртхэн орохгүй бол та нөхдийг асуудлаа шийдэх гэсээр байтал Ардын намынхан иргэдийн саналыг цуглуулаад эхлэх гэж байна цаана чинь…

П.Сэхүүн


URL:

Сэтгэгдэл бичих