МАН унах нүхээ ухав

74957500_2397523510511187_5721733999844392960_n

Бодлого, хөгжил ярьдаг хүмүүсээ УИХ-д сонгодог, төсвийг 76 тойрог руу “зулгаадаг” чөтгөрийн тойргоос гарахад сонгуулийн холимог тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Харамсалтай нь, эрх баригч хүчин түүхэн боломжийг ашиглаж чадсангүй, ашиглахыг ч хүссэнгүй. “Памперстай жаалууд”-аараа “Жагсаалтын ард нэр дэвшигчид нуугдах нь” гэж сэвүүлсээр холимог тогтолцоог унагаж, давхар өөрсдөө ч онхолдох нүхээ ухлаа.

Татвар төлөгчдийн мөнгөөр дөрвөн жил жалга, довоо усалсан эрх баригчид ван болсон гэж сэрүүн зүүдлэв бололтой, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах Ардчилсан намын зөвлөлийн саналыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгалгүй унагасан нь мажоритар системээр сонгуулиа явуулах шийдвэрт хүрснийх аж.ЖДҮ, тендер, концесс, төсвөөс хусаж болох бүхнийг хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр авч, авлига,  хүчин, хүн амины хэрэг зэрэг онц ноцтой гэмт хэргүүд эрх барих хугацаанд нь үйлдэгдсэн тул үнэндээ намынхаа нэр хүндийг худалдаж, УИХ-ын сонгуульд гарч ирэх боломжгүй. Мажоритар тогтолцоог сонгосон нь ч намын нэр хүнд навс унаснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Товчхондоо усалсан тойрогтоо улаан нүүрээ улалзуулаад л “Авлигач,  ЖДҮ-чнээрээ дуудуулаад л өрсөлдөхөөс өөр сонголтгүй болсон гэсэн үг л дээ.

Уг нь МАН-ын 64 улсынхаа эрх ашгийг тэргүүнд тавьж чадсан бодсон бол Ардчилсан намаас санал болгосон дээрх хувилбар нь 76 нэр дэвшигчийн 26-г улс орон даяар дугуйлж эрэмбэлж гаргахаар байсан нь хүнийг л сонгох хувилбар юм. Хэн нь ч намын нэрийн ард нуугдах боломжгүй. Гэвч одоо Сонгуулийн тухай хуулиар тодотгон засъя гэвч боломжгүй, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд түгжигджээ.

Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн баталлаа ч зөвхөн мажоритар систем буюу жижиг 76, том 76 тойргийн аль нэгийг сонгох хувилбар л үлдсэн байна.

Аль ч хувилбарыг сонгосон МАН-д ашиггүй. Мажоритар тогтолцооны сул тал нь санал хэт нэг тал руу савлаж,  сонгогчдын санал гээгддэг. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан нам нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан ч парламентад ердөө есөн гишүүн сонгогдсон юм.

Сонгууль болохоос ердөө сарын өмнө сонгуулийн холимог тогтолцоог халж, дан ганц мажоритар болгон 76 тойрогт хуваасан нь эцсийн дүндээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь зөвлөл болж, эрх баригч хүчнээ хянах боломжгүй болтлоо жижгэрсэн.

Нам дотроо ч фракц, бүлэглэлээрээ хуваагдан, зодолдох тулаан намжсангүй зарим гишүүнээ “хөөж” явуулсан,  одоо ч цэгцрээгүй л байна. Ардчилсан намынхны хуваагдал талцлыг тухайн үед нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр “Ардчилсан нам ёроолдоо тултал унаж байна” гэж дүгнэсэн юм.

Харин МАН 2012 оны сонгуульд нийт сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан атлаа УИХ-д 26 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нь тэр үеийн сонгуулийг пропорциональ, мажоритар буюу хосолсон холимог тогтолцоогоор зохион байгуулсны үр дүн байв .

Үүргээ ч нэр төртэй биелүүлж, УИХ-дахь МАН-ын бүлэг нь хүчтэй сөрөг хүчин байж, Засгийн эрх барьж буй Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийг хамтад нь хянаж чадаж байсан нь өнөөдрийн дээр, дооргүй муу хэлээд буй холимог тогтолцоотой л холбоотой юм.  Бодлого, хөгжил ярьдаг хууль тогтоогчид УИХ-д сонгогдсон байсны хүчинд улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах бүтээн байгуулалтын ажлууд ч олноор хийгдсэн. Аймгууд Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдож, иргэд 1ам метр нь 1.1 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд орж, хоёр жилийн дотор 90 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байдаг.  Үндэсний цементийн үйлдвэрүүд шилээ даран ашиглалтад орж, импортын хараат байдлаас гаран,  “Эрдэнэт хивс”, “Дархан нэхий” зэрэг Монголын нэр нүүр болсон компаниуд бондын зээлээр техник технологи шинэчилж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүд Монголын нэрийг дэлхий дахинд дуурсгаж эхэлсэн нь 2012-2016 оны УИХ, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлоготой л холбогддог.  Хэдийгээр тойрог руу төсөв татахын төлөөх уралдаан байсан ч улсыг төлөөлж сонгогдсон 26 гишүүн нь том эрх ашгаа хамгаалж, түүнийгээ тойргоос сонгогдсон гишүүддээ ярьж, ойлгуулж чаддаг байснаар ирээдүйг харсан, илүү үр өгөөжтэй төслүүддээ хөрөнгө оруулалт суулгаж чаддаг байв.

Одоо харин юу болж байна вэ, хэдхэн хоногийн өмнө УИХ-аар 2020 оны төсвийн төслийг батлахад Хэнтий аймагт 100 гаруй тэрбум төгрөг хуваариллаа. Сонгуулийн сурталчилгаагаа зохион байгуулахад амар гэж бодсон уу багийн төвүүдэд улаан булан барихад зориулж хөрөнгө хуваарилж ч  байх шиг. Улсын эрх ашгаас илүү хувь улстөрчийн жалга дов тойрсон үзлээр л төсвийг харж, татвар төлөгчдийн хуримтлуулсан мөнгөөр “найрлацгаасан”.  Энэ алдаа ирэх жилд ч давтагдана.

Гэхдээ сонгогчид улам хэрсүүжсэн, ЖДҮ, концесс авлига хээл хахуулийн хэргийг яахан мартах билээ. Сонгуулийн тойргоо яаж ч өөртөө ашигтайгаар зурсан хариуг нь барина.

Ардчилсан намынхан 2012 оны сонгуульд дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол МАН ирэх жилийн сонгуулиар үсгүй ч болтлоо хусуулж мэднэ. Эцсийн дүндээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа. “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү” гэдэг шиг Ардын намынхан та нар өөрсдөө л ширээн дээрээс “нисэх” сонголтоо хийсэн шүү. Өндөр дээрээс унаад гудамжинд гарах ч бас  хатуу л болов уу.

УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахтай холбогдуулж, Ардчилсан намаас санал болгосон сонгуулийн холимог тогтолцоог унагасан УИХ-ын гишүүд

1.Н.Амарзаяа                                           10.Х.Болорчулуун                                 19.Г.Солтан

2. Т.Аюурсайхан                                       11.Ж.Ганбаатар                                     20.А.Ундраа

3.О.Баасанхүү                                          12.Ц.Даваасүрэн                                  21.Д.Хаянхярваа

4.Ё.Баатарбилэг                                       13.Б.Жавхлан                                       22.Ч.Хүрэлбаатар

5.Х.Баделхан                                            14.С.Жавхлан                                       23.Л.Элдэв-Очир

6.Ж.Батзандан                                          15.Ц.Нямдорж                                      24.Л.Энхболд

7.О.Батнасан                                            16.Н.Оюундарь                                    25.Б.Энх-Амгалан

8.Б.Баттөмөр                                             17.Б.Саранчимэг                                 26.Ж.Эрдэнэбат

9.Ж.Бат-Эрдэнэ                                         18.О.Содбилэг                                    27.Г.Тэмүүлэн

Үндэсний шуудан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих