Ямаанд өгөх мөнгөнийхөө 20 хувийг ч болов витамины үнийн хөнгөлөлтөд зарцуулъя
Шинэ төрлийн коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, хаа сайгүй хөл хорио тогтоочихоод байна. Дэлхийн хэмжээнд 3.5 сая хүн халвар авч, нас барсан хүний тоо өчигдөр өдрийн байдлаар 247 мянгыг даваад байсан. 300 мянга руу аажмаар дөхөж байгаа. Тиймээс хөл хориог яаран цуцлах гэж яарахгүй байна, дэлхийн улсууд. Манай улс аль хоёрдугаар сарын эхнээс л хөл хорио тогтоож эхэлж, олон ч байгууллага ажиллахаа больсон. Тэр дундаа боловсролын байгууллагууд ажиллахгүй байгаагаас үүдэж сурагчид гэрийн хорионд орчихоод байна. Гадаа урин дулаан цаг ирж, хүүхдүүд нар, салхинд гарч, хөл хөдөлгөөнтэй байдаг үе. Гэтэл вирусээс болоод хүүхдүүдийг гадагш нь гаргахгүй, гэрт байлгахаас өөр арга алга. Дотооддоо халдвар тараагаад алдчихаагүй сайн хамгаалж байгаа болохоор хүүхдүүд гадагшаа гарч, бага сага тоглож л байна. Гэхдээ л энгийн үеийнхтэй яаж зүйрлэх билээ. Хичээл сургуульдаа яваад, үеийн найзуудтайгаа хөөцөлдөж тоглоод, биеийн тамирын хичээл нь орж байсан бол хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй.
Одоогийн нөхцөлд хүүхдүүд гэртээ сууснаас болж хөдөлгөөний дутагдалд орох, тэр хэрээрээ эрүүл мэнд нь эрсдэлд орох нөхцөл үүслээ. Ихэнх айлууд хүүхдүүдээ арай том болсонд нь даатгаж орхиод л ажилдаа явж байгаа. Хоол ундыг бэлтгэж өгөөд явж байгаа нь ч бий. Өөрсдөө будаатай шөл ч болов буцалгаад идээрэй гээд орхиж буй нь ч бий. Тэгвэл бүр хоолгүй хонож байгаа айл ч байгаа. Олон байгууллага үүд хаалгаа барьж, ажилчдаа амраасан. ХААҮТ-ынхан 46 мянган хүн ажлын байраа алдсан талаар мэдээлж байна. Энэ хүмүүсийн цаана төдий тооны гэр бүл байгаа. Хэчнээн жирэмсэн ээж шаардлагатай хүнс, витаминаа авч чадахгүй сууж байгааг таашгүй. Одоохондоо тоог нь гаргачихсан газар алга. Гэтэл манай УИХ-ын гишүүд кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох талаар хуулийн төсөл санаачилж, өргөн бариад балайрч явна. Малчдыг дэмжих бодлого байлгүй л яахав. Гэхдээ 300 тэрбумаар малчдыг дэмжиж, ноолуурыг нь 75-100 мянган төгрөгөөр авах гээд Засгийн газар ажлаа хийж байна. Тийм байхад гишүүд нь дахиж 200 тэрбум төгрөг өгөх талаар яриад явж байгаа нь шогийн. 300 тэрбумын хөтөлбөрийг цуцалж байж л кг ноолууранд 20 мянган төгрөгийн урамшуулал өгөх байх л даа. Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед “ямаанд өгөх” мөнгөө 500 тэрбум болгохгүй гэх баталгаа хаана байна.
Цар тахлын үед хамгийн баян хүмүүс малчид. Байдал улам хэцүүдээд, бүх аж ахуйн нэгж ажиллахаа болиод, ажилгүй болсон хүмүүс идэх хоолоо авч дийлэхээ больвол яана. Тийм үед өлсөхгүй хүмүүс бол малчид. Ганц хонь шалбалаад идэхэд л гэдэс цатгалан хэд хононо. Гурил, будааг ч хонь малаараа солиод авчихна. Тахал улам тархаад, нам хөл хорио тогтооход нар, салхиндаа давхиж яваад, байгалиас авах витаминаа авчих хүмүүс ч малчид. Ганц хавар ноолуурын үнэ хямдарлаа гээд өлсөж үхэх гээд байгаа малчин цөөхөн л байха. Гэтэл хөдөөний гишүүд сонгууль дөхсөн болохоор ямаа, малчин хоёрт багадаа 200, цаашлаад 300, даварвал 500 тэрбумыг ч цацаж магадгүй болчихлоо.
Гэтэл өвчтэй зовлонтой, эмээ ч авч дийлэхгүй байгаа иргэддээ тэд гар сунгаж байгаа бил үү. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 34.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байгаа. Шинэчилсэн жагсаалтад насанд хүрэгчдийн 175 ерөнхий нэршлийн 643 эмийг 20-80, хүүхдийн 53 ерөнхий нэршлийн 159 нийт 800 гаруй худалдааны нэрийн эмэнд дунджаар 20-80 хувиар үнийг нь хөнгөлж байгаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг харлаа, витамин бараг алга. Антибиотик, даралтын эм л дүүрэн байна.
Тэгвэл энэ жагсаалтдаа хүүхдэд хэрэгтэй, жирэмсэн эхчүүдэд тустай, уух шаардлагатай витамин, амин дэмийг оруулаад, 50-иас дээш хувиар үнийг нь хөнгөлөөд өгчих. Нэг кг ноолуур тушаахад 20 мянган төгрөгийн урамшуулал олгох хуулийн төсөл батлагдвал 200 тэрбум шаардлагатай. Яагаад гэвэл улсын хэмжээнд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг учраас. Энэ мөнгөнийхөө 20 хувийг буюу 40 тэрбумыг нь витамины хөнгөлөлтөд зарцуулах. Улс тийм л их мөнгөтэй байгаа юм бол. Тэгээд ноолуурынхаа урамшуулалд 16 мянган төгрөг кг тутамд нь өгчихгүй юу. Малчид арай боож үхэх бор шидмэс хайж, хотод ирж жагсана гэхгүй байлгүй дээ. Гэртээ хоригдож, хөдөлгөөн дутагдаж, агаар салхинд гарч чадахгүй байгаа хүүхдүүдэд витамин авч өгөхөд нь зориулж хөнгөлөлт үзүүлэх гээд кг ноолууранд олгох 20 мянгаас чинь дөрвийг нь авчихлаа гэхэд ойлгох байх.
Хоол тэжээлийн үндэсний дөрөвдүгээр судалгааны дүнгээр тав хүртэлх насны хүүхдийн 21.8 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 20.6 хувь нь Д аминдэмийн нөөц багатай гэсэн үр дүн гарсан байдаг юм билээ. Харин төрөх насны эмэгтэйчүүдийн 30 хувь нь Д аминдэмийн дутагдалтай, 22.2 хувь нь нөөц багатай нь тогтоогдсон байна. Ядаж л хүүхэд, эмэгтэйчүүд Д амин дэмийн дутагдлаа нөхөх хэрэгтэй байна. Орон нутгийн тойргоос сонгогдсон гишүүнд яма, ноолуур яриад завгүй. Хотын тойргоос сонгогдсон хэд ядаж витамины үнийн хөнгөлөлт ярина байгаа.
Эх сутвалж
URL:





