Ардчилсан Намыг задлахад бэлэн эсэргүү “Атомууд”

712-159125551798807578_2971800799575591_3618124194392309760_nАрдчилсан нам УИХ-ын сонгуульд ялах, ялагдахаас үл хамаараад тус намыг дотроос нь задлахад бэлэн эсэргүү атомууд энэ удаагийн УИХ-ын сонгуульд их олноороо нэр дэвшжээ. Энэхүү задралыг өгүүлэхийн тулд заавал ҮЗМЭРЧ ВАНГА байх шаардлагагүй бөгөөд гагцхүү өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн улс төрийн хувь тоглолтууд, урваж шарваж явчихаад УИХ-ын сонгуулийн чимээнээр гуяа алгадаад гүйгээд ирдэг улстөрчдийн ичингүйрэл, гэр бүлийнхээ үнэ цэн, эд хөрөнгө, эрхэлдэг бизнесийг хамгаалахын төлөө улс төрийн залгамжлагчдыг мэддэг, гадарладаг байхад л болоод явчихна. Эдгээрийн тэргүүн эгнээнд бичигдэх улстөрчдийн нэрс ар араасаа бүтэлгүйтэл, урвалтынхаа дэс дараагаар жагсаж байгаа боловч залуу өв залгамжлагчийн хамгаалах, хамгаалагдах эрх ашгаас эхлэх нь сонирхол татахуйц байх болов уу.
“АЛТАНГАДАС” ФРАКЦИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ 
 “Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулга. Түүний хувьд Ардчилсан намын хамгийн залуу нэр дэвшигч бөгөөд өнгөрсөн өвлөөс эхлэн улс төрийн амьдралд идэвх зүтгэл гаргах болсоннэгэн. Үе тэнгийн залуусаа бодоход улс төрийн туршлага, унаж босож, лидерүүдийнхээ хөлд сөхөрч, сөгдөж явсан туршлагагүй тэрбээр Монголдоо томооохонд тооцогдох бизнес группын өв залгамжлагч гэдгээрээ илүүрхэж ийнхүү асар богино хугацаанд УИХ-д нэр дэвших эрхийг бараг л худалдаж авсан гэхэд хилсдэхгүй. Улс төрийн уг гарвалын тухайд түүний аав “Хөх чоно” группын үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь “Алтангадас” фракцад харьяалагддаг. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай нэгдэн нийлж, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн өөдөөс чамгүй удаан үг сөрсөн. Арга ч үгүй, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Алтангадас” фракцаараа дамжуулан Эрчим хүчний дэд сайдын албыг хашсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд ялагдал хүлээсэн удаатай.
Хэдийгээр энэ удаад С.Эрдэнэд хадаг барьж хүүдээ нэр дэвших эрх авсан ч дараа дараагийн он жилүүдэд П.Мөнхтулга улс төрд хэлд, хөлд орохын хэрээр тэд “Алтангадас”-ын Ардчилсан намд үлдсэн буурийг сахиж, С.Эрдэнийн залуустай эгнээ байрын төлөө тэмцэлдэх нь дамжиггүй. Түүнчлэн “Алтангадас” фракцийн дотор хадгалагддаг худ ургийн хэлхээ ч тус гэр бүлийг тойроогүй байгаад Сангийн сайд асан С.Баярцогт Ө.Пүрэвбаатар нар хоёр жилийн өмнө худ ураг барилдаж, хуримын ёслол гэхээс илүүтэй фракцийн найр хийж байсан удаатай. Нэг ёсны П.Мөнхтулга их удалгүй С.Эрдэнэ болон түүний багийн өөдөөс том дуугарна. Учир нь, “Алтангадас” фракцийн алдагдсан хүчийг эргэн сэргээхгүйгээр Ардчилсан намын залуусыг мөнгөөр угжаад хол явах нь юу л бол.
Алтангадас”-аас урваж Ерөнхийлөгчид наалдсан нь 
Ингэхдээ тэрбээр “Алтангадас” фракцийн Ардчилсан нам дахь залуусын нэгдэл болох “80:80” фракцийг Дорноговь аймагт нэр дэвшигч Ц.Жадамбаагийн хамт хүчээ нэгтгэж бас болно. Гэхдээ “Алтангадас” фракц АН-д хүчин мөхөсдөж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг бие даан нэр дэвшихтэй зэрэгцэн хамгийн түрүүнд хаягаа манаж, өөрийн оршин тогтнох шинэ буланг эрж хайсан хүн бол Ц.Жадамбаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ Ерөнхийлөгч Х.Баттулгаар уламжлуулсан гэх яриа тус намд өрнөсөн. Тиймээс түүний хувьд цаашид П.Мөнхтулгатай нэгдэж бие даасан улс төр хийн С.Эрдэнэ даргыг түлхэх үү, эсвэл Ерөнхийлөгчийн Х.Баттулгын “Монгол ялна” фракцид хүчээ өгөх үү гэдэг хоёр сонголтын өмнө тулж очсон байж болох л юм. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн С.Эрдэнийн намд дагаар орох нь юу л бол.
Ерөнхийлөгчийн 14 атом 
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж гэмээнэ бүлэг байгуулах хэмжээний төлөөллөө нэр дэвшүүлж дөнгөсөн бөгөөд үүнийхээ төлөө нэгэн үе С.Эрдэнэ даргыг шорон, хорихоор айлгаж, далайлгасан нь ч яг үнэндээ нууш биш юм. Тэдгээр нэр дэвшигчдийг задалбал, Мэдээлэл, технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбааг Дорноговьд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат Баянхонгорт, “МоАХ” фракцид харьяалагддаг УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгийд, Ерөнхийлөгчийн эрчим хүчний бие төлөөлөгч, эдийн засагч Б.Бямбасайхан Дарханд, Ерөнхийлөгчийн арван зөвлөх буюу П.Нүрзэд, “Номгон санчир” группын захирал А.Адьяасүрэн нар Баянхонгорт, Ж.Батсуурь өөрийн хүн болох Н.Ганибалаа дагуулаад Сүхбаатар аймагт, Д.Үүрийнтуяа Сэлэнгэд, Ш.Адьшаа Ховдод, О.Амгаланбаатар Говь-Алтайд,  Д.Пүрэвдаваа Баянзүрх дүүрэгт, Г.Уянга Чингэлтэйд, Р.Булгамаа Чингэлтэйд тус тус нэр дэвшиж байгаа. Тэд бол Ерөнхийлөгчийн АН-ыг задлах албан бус атомууд. Тэдний хувьд УИХ-д эрх мэдэлтэй боллоо гэхэд хэзээ л бол хэзээ Ардчилсан намыг задлах, цаашлаад Ерөнхийлөгчийн бодлогыг намын бодлого болгох, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх хамгийн том хүч болно. ИХ-ын гишүүн Г.Уянга гэхэд дөрөвдэхь намаа сэлгэж буй туршлагатай сэлгэн нүүгч улстөрч бөгөөд түүний хувьд АН ялагдлаа гэхэд хамгийн түрүүнд С.Эрдэнийг эсэргүүцнэ гэдэгтэй хэн ч маргахгүй.
Мөн Д.Пүрэвдаваа С.Эрдэнэ нарын хэрүүл тэмцэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Ардчилсан намыг хувааж, нам ч биш юу ч биш болгож дөнгөсөн гэдгийг энд дурдах нь зүй ёсны хэрэг. Энэ янзаараа тэд дахин тэмцэлдлээ гэхэд Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр Ардчилсан намын даргатай ана мань үзэж таараа.
Р.Булгамаад Ардчилсан намын үнэт зүйл түй ч байхгүй бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэд сайдын албанаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх болон улс төрд тогтож үлдэхийн тулд Иргэний зориг-Ногоон намын батлахаа Ардчилсан намын үнэмлэхээр яаравчлан сольсон нэгэн. Тиймээс Ардчилсан нам цаашид оршин тогтнох эсэх нь Р.Булгамаад нэг их чухал биш юм. Эдийн засагч Б.Бямбасайханы хувьд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хамт нэг хэргээр шалгагдаж байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгч болох замаар өөрийгөө одоохондоо уснаас хуурай татаж гаргачихаад байгаа эрсдэл үүрэгч. Гэхдээ тэрбээр цаашид нэг л чанга дуугарч, бие даасан байр суурь баримталж гэмээнэ шоронгийн хаалгаар дахин орохыг үгүйсгэх аргагүй. Үүгээрээ тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн барьцаанд орсон нь батлагдах бөгөөд ёстой л эрх чөлөө болоод амьдралынхаа төлөө Ардчилсан намд асуудал дэгдлээ гэхэд С.Эрдэнэ даргын өөдөөс чулуу шийдэхээс татгалзах эрх түүнд байхгүй ээ гэсэн үг.. Ховдод нэр дэвшигч Ш.Адьшаа ч гэсэн дээ. Ардчилсан намаас хэд гарч, хэд орж байгаа юм бүү мэд. Сүүлд бүүр МАН-д орох ч сураг гарч байснаас үзэхэд Ш.Адишаа шиг бизнес, ашиг боддог хүнд Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдаж гэмээнэ урт удаан хугацааны турш сайн гишүүн, сайн түнш нь байж дөнгөхгүй л болов уу. Нэг ёсны хамгийн ашигтай гэж бодсон улс төрийн нам руугаа нүүдэл хийх нь түүний хувьд хялбархан тооцоо байх нь дамжиггүй.
З.Энхболдын атомууд 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан, Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдын тухайд бүүр ярих ч юм биш. Өөрийн дүүгийн сайн найзын удирддаг “Страто” компанийн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн уурхайгаас нүүрс олборлох эрхийг хамгаалахын төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгатай хүртэл зөрчилдсөн түүнд Ардчилсан намыг дотроос нь бужигнуулж, С.Эрдэнэ даргатай тэрсэлдэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Тиймээс ч УИХ-д кноп олж чадсан цөөхөн хувь улстөрчийн нэг бөгөөд УИХ-ын дарга байхад нь Хэвлэл, мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Д.Энхтуяаг Дарханд, О.Батхандыг Говь-Алтайд, Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн Ч.Даваабаярыг Өвөрхангайд, өөрийнх нь хоёр ч удаагийн УИХ-ын сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан генерал М.Энх-Амарыг Багахангай, Багануур, Налайхад тус тус нэр дэвшүүлсэн. Тэд бол З.Энхболдыг дахин Ардчилсан намын дарга болгохын төлөө ажиллаж чадах асаалттай танкууд.
Д.Эрдэнэбилэгийн уур хилэнг хэн илэрхийлэх вэ ?
Харин хэзээ мөдгүй буюу тэсрэхэд ойрхон байгаа тиймээс ч УИХ-д нэр дэвшигчдийн квот руу хүч түрэн дайрсан “Монголын зэс корпораци” буюу Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн удирддаг МҮАН тэргүүтэй фракцийн хуучин, шинэ төлөөлөл нь хэн хэн бэ. Ардчилсан намыг алийн болгон үр ашиггүй санхүүжүүлээд байх вэ гэдэг асуулт тус фракцын өмнө тавигдаж байгаа нь нууц биш. Иймд АН-ыг шинэчлэх, удирдлагын багт нөлөөллөө тогтоох эрмэлзэл яах аргагүй Д.Эрдэнэбилэгийн хүсэлт юм. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэхэд УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын зүгээс “Монголын зэс корпораци”-ийн эрх ашгийг хамгаалахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газар болон МАН-ын эсрэг “Үндэсний хөрөнгөтнүүдээ хохироолоо” гэдгээс өөр эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд энэ нь  Ардчилсан намыг бүрэн утгаар нь мэдэлдээ авах шаардлага үүссэнийг илэрхийлсэн хэрэг. Үүнийхээ төлөө ч Дундговь аймагт нэр дэвшигч Б.Наранхүү, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболд, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнэболд, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион нарыг УИХ-д сойсон. Зөвхөн Э.Долгион гэхэд Д.Эрдэнэбилэгийн гэнэтийн лоббигоор УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн нэр дэвших квотыг булаасан. Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хувьд нам дотроо нэр хүнд муутайн дээр хэзээ л бол хэзээ Ардчилсан намыг хаяж явахад бэлэн, өмнө нь нэг удаа тус намаас гарч, нэг удаа гишүүнчлэлээс хасагдахаа илэрхийлж байсан бөгөөд хамгийн туршлагатай атлаа хамгийн туйлбаргүй улстөрч. Ийм хүний хувьд өөрт хэрэгтэй, тустай гэсэн үедээ С.Эрдэнэ байтугай хүнээс урваж тоглох нь асуудал биш юм.
Харин Да.Ганболдын тухайд “Эрдэнэт”-ийн 49-ийн бие төлөөлөгчөөр албан ёсоор ажиллаж байсан бөгөөд он удаан жилийн улс төрийн бүтэлгүйтлийнхээ дараа эргэн ирж байгаа нь Д.Эрдэнэбилэгийн идэвхтэй захиалга гэдэгтэй маргах аргагүй. Тиймээс хэрэв Д.Эрдэнэбилэг хэрэгтэй гэж үзвэл Ардчилсан нам дотор хувьсгал удирдахаас татгалзах нь юу л бол.
Э.Бат-Үүлийн заналхийллээс АН зугтаж чадахгүй 
Ардчилсан нам дахь задралыг задалж чадах, задлахад бэлэн дараа дараагийн улстөрч бол Улсын баатар Э.Бат-Үүл. Түүний хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаас ердөө нэг өдрийн өмнө Ардчилсан намаас дахин нэр дэвшихээ мэдэгдсэн. Үүнээсээ өмнө тэрбээр “Ардчилсан нам анархист, арчаагүй нам болсон байна. Ардчилсан намаас ичиж байна” хэмээн бүхэл бүтэн хоёр жилийн турш тууштай хашгирсан, чарласан. Тэр янзаараа УИХ-ын сонгууль дуусахыг хүлээхгүйгээр Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой хийх зөрчил “тулаанаа” эрчимжүүлж гэмээнэ АН-ыг тэрбээр өөрийн гараар дахин муухай харагдуулж дөнгөхнь дамжиггүй.
Архи “АПУ” хоёрт бухимдах шалтгаан олон 
АПУ-ын төлөөлөл болсон Дорнодод нэр дэвшигч П.Батчимэг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, нэгэн цагт тус компанийн санхүүг атгаж байсан, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин нар Ардчилсан намын бодлогод архи, ундааны татварын нөлөөг тусгахгүй бол УИХ-ын сонгуульд нэр дэвшсэний хэрэггүй болно. Өөрөөр хэлбэл, АН-д төлсөн төлбөрөө эргүүлэн авахгүйгээр ахин дахин дэмжихгүй  ээ гэсэн үг. Энэ мэтээр тоочин өгүүлэхэд яг үнэндээ Ардчилсан намыг задлахад бэлэн атомууд АН-аар дүүрэн байх бөгөөд тэд дор бүрнээ эрх ашиг эсвэл эрх ямба гэдэг наймааг намынхаа удирдлагуудтай хийж буй нь ч гарцаагүй. Харин АН ялагдвал яах вэ. Тэрхүү задралыг дүрслэхийн тулд заавал атомын задрал, хуваагдлын тухай онолыг дэлгэрүүлээд байх шаардлагагүй. Гэхдээ л тэд бол яах аргагүй Ардчилсан намын хувь заяаг яаж ч мэдэх эсэргүү “атомууд”. Тэдний тоо зөвхөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дундаа гэхэд 30 гаруйгаар тоологдох бөгөөд шүүлтүүрийг улам бүр нарийсгаж гэмээнэ энэ тоо буюу эсэргүү “атомууд”-ын тоо 50–д хүрэх боломжтой. Гол нь, УИХ-ын сонгуулийн дүн хэрхэн гарах вэ гэдгээс Ардчилсан нам болон Ардчилсан намын дарга С.Эрдэнийн цаашдын улс төр хамаарах учиртай. Гэхдээ аль нь ч байсан тус нам задрах цаг холгүй.  “Алтангадас” шиг шахагдсан фракцууд эхнээсээ өв залгамжлагчаа улс төрд сойгоод эхэлсэн байхад шүү дээ.
http://www.sonin.mn/news/easy-page/111789

URL: